Боловсролын багц хуулийн талаарх сүүлийн уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр /2021.12.15 /МУИС-дээр салбарын төлөөллүүдийн дунд боллоо. Боловсролын багц хуулийг шйидвэрлэн хэлэлцэхэд УИХ-ын 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байгаа аж. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх, ямар ямар асуудлууд тусгагдаж байгаа талаар Ч.Ундрам гишүүнээс тодрууллаа.
Тэрбээр "Тэр хүүхэд хаана төрсөн, нийгмийн ямар статустай айлд төрсөн байхаас үл хамаараад амьдралын тэгш гарааны боломжийг бид боловсролоор дамжуулж олгох ёстой гэдэгт анхаарлаа хандуулж байна.Сургалтын орчин, багш бэлтгэх хөтөлбөр гээд бүх талаас нь харж үзэж байгаа. Мөн багш бэлтгэх хөтөлбөр дээрээ бид маш сайн анхааръя гэж байгаа юм.
Ер нь цаашид ОюуТолгой төслөөс орлого олох боломж, нээлттэй болох хугацаа дөхөж байна. Тийм хэмжээний хариу анх удаа Монгол улс авлаа шүү дээ. Орлогууд нэмэгдээд ирвэл хүн рүүгээ чиглэсэн эрүүл мэнд, боловсролын салбар луугаа дорвитой хөрөнгө оруулна гэж бодож байгаа. Тэр үед зах хязгаарын сургуулиудад бид шаардлагатай байр, зарим нь бие засах газар ч үгүй байгаа газруудын нүхэн жорлонгийн асуудлыг шийднэ. Мөн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн асуудал, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бариел ч байдаг юм уу, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан багш нар нь дохионы хэл мэдэхгүй байгаа асуудлууд байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа Тува хүүхдүүдийн асуудал. Тува хэлээрээ яриад сургууль дээрээ очихоор Казак хэлээр багш нь өөдөөс нь яриад байдаг. Энэ асуудалд хос хэлний хөтөлбөр гэж оруулж ирэх ёстой. Тухайн хүүхдүүдэд зориулсан сурах бичиг байхгүй 30 жил явж ирлээ шүү дээ. Тэр хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна.
Тэгэхээр энэ орчин, хөтөлбөр бүх юмыг нь бид хангаж өгөх ёстой. Хотын сургуулийн хувьд нэг ангид 40,50-раа чихэлцээд сууж байдаг. Тэр үед багш 45 минутад хүүхэд болгонтой харилцах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ бүх асуудлуудыг бид стандартын дагуу шийдэх ёстой юм байна гэж үзэж байгаа" гэв.