Загварын ертөнцөд өөрийн хур, тод өнгөөр гэрэлтэн байгаа дизайнер, стилист Г.Ариунзулыг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа. Түүнийг Шувуу брэндээр нь залуус андахгүй. Дэлхийн алдарт брэнд “Cucci”-гийн шалгаруулалтад тэнцэж байсан тэрээр дэлхийд загварын салбарт цахиур хагалах зорилго тавьжээ.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу? Намайг Ганчимэг овогтой Ариунзул гэдэг. Миний артист нэр Шувуу. Урлах эрдэм дээд сургуульд сурдаг.10 жилдээ их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо хүртэл хөдөлгөөнтэй байгаа л даа. /инээв/Ер нь хими, биологидоо их дуртай. Химийн хичээлээрээ 800 оноо авч, Анагаахын эх барихын ангид орж байсан.
-Анагаахаас яагаад загвар руу урвах болов?
Нэг жилийн хугацаанд эх барихуйгаар анагаахад сурч байгаад хүсэл, сонирхлоо дагаад загварын салбар руу орсон. Жаахан юм оролдож үзмээр санагдаж байсан. Тэр үед надад дээр үеийн оёдлын машин байдаг байсан. Манай ээж бас жаахан юм оёдог. Тэр үед ээж надад ийм авьяас байгааг мэдээгүй байсан. “Чи юу яриад байгаа юм бэ. Чи тийм юм оролдож үзээгүй байж, яаж хийх гээд байгаа юм бэ” гээд л. Би хийгээд үзье гээд 17 настай, юу ч мэдэхгүй, загвар ч гэж мэдэхгүй, яаж зурдгийг ч мэдэхгүй анх загварын салбар руу ороод хичээлийнхээ хажуугаар хийдэг. Цайныхаа мөнгийг олоод сургуулиасаа гарсан. Тэр жилийнхээ есөн сард төлбөрөө өөрөө олоод Урлах эрдэмд орж байсан.
10 жилээсээ эхлээд найзууддаа юу өмсөхийг нь зөвлөдөг байсан. Тэр ч гэсэн их нөлөөлсөн байх гэж боддог. 10 жилээ төгсдөг жил шинэ жил болоод би Рианнаг дуурайгаад урт оймс өмсөөд л явсан. Надад гоё хувцаслах нь өөрт итгэл төрүүлж, мэдрэмж авдаг юм байна гэдгийг тэр үед мэдэрсэн. Би зориод яг загвар руу ороод ална гэж ороогүй. Зүгээр урсгалаараа өөрийнхөө замыг сонгоод л. Загвар намайг сонгоод би загварыг дахиад сонгоод “Хамтдаа шүү” гээд дөрвөн жилийг өнгөрүүлжээ.
-Загварын салбараас халшрах үе байв уу?
Надад их хэцүү байсан. Мундаг байна, чи багаасаа хөдөлмөрлөөд өөрийнхөө хүсэл, сонирхлоо дагаж байгаа чинь мундаг байна гэдэг үг миний буруу зам руу орох шалтгаан байсан. Хүмүүст зөвхөн би мундаг байна гэж хэлүүлэхийн тулд би юмаа хийдэг болчихсон байсан. Олон найзтай байх тусам өөрийгөө их алдаж эхэлж байгаагаа мэдэж эхэлсэн. Яг тэр үед аав, ээж хоёртойгоо их муудалцдаг, гэрийнхэндээ цаг гаргадаггүй байлаа. Би зөвхөн найзуудтайгаа баймаар байна, хөгжилтэй баймаар байна гэдэг замыг сонгоод явж байгаад 19 настайгаасаа ер нь энэ зам буруу зам байна, хүнд буруу зам руу татдаг найз гэж байдаг гэдгийг ухаарсан. Зөв зам руу чиглүүлдэг найз ч гэж байдаг юм билээ. Би бол өөрийнхөө хүрээлэл дунд хүмүүсийг зөв чигт нь чиглүүлдэг, тусалдаг хүн баймаар байгаагаа өөрөө мэдээд олон найзуудаасаа харьцаагаа таслаад одоо найз гэж хүн байхгүй болсон доо. Угаасаа миний мэргэжил ч тэр, байгаа байдал маань ч ганцаараа байхыг шаарддаг. Одоо их дэгж дэрвэхээ больсон. Сайхан намбалаг болсоор л байна.
-Загварын салбар чиний хувьд ямар үнэ цэнтэй вэ?
Загварын салбар миний хувьд эрх чөлөө, яг тэнгэртэй адилхан санагддаг. Чи үнэхээр нисмээр байвал нисэж чадахаар газар. Нисмээргүй байвал газраас хараад байж болохоор газар.
Монголдоо загварын салбарын нэг алхам ч болтугай, эсвэл 0.5 алхам ч болтугай хөгжүүлж байгаа нь надад чухал.
-Шувуу брэндээ яагаад орхисон юм бэ?
Би Шувуу брэндээс гадна “One size” гээд брэндтэй. Яах вэ, брэнд бол яг биш л дээ. Үнэндээ, хийсэн юмнуудаа танилцуулдаг пэйж гэх юм уу. Би 17 настай байхдаа энд өнөөдөр сууж байсан бол брэнд гээд ярьж чадна. Одоо бол тэгж ярьж чадахаа больсон. Эхэндээ хийж байсан юмнууд маань үндэсний хэв маягтай байсан. Мэдээж гарч ирэхийн тулд надад хуулбарлах зүйл хэрэгтэй байсан. Угаасаа л дэлхийд гарч болох бүх юмнууд гарчихлаа. Тэрийг яаж гоё хувиргах вэ гэдэг юм л байгаа болохоос биш яг үнэндээ бүх хүн л хуулж байгаа. Би анх Art Of Zaya ахаас санаа аваад ерөнхийдөө хуулбарлаад зурж л байсан. Гэхдээ техникийг нь хуулбарлаж байгаагүй. Ер нь цагдаа дээрээ тулаад тэр үед 18 настай байсан болохоор надад хүнд тусаж байсан. Ерөнхийдөө Шувуу брэндийг хаях гол үндэс тэнд тогтсон.
-“One Size” брэндийн онцлог?
“One Size” бол миний арай өөр өнцөг. Жаахан андерграунд, өөрөөр хувцаслах сонирхолтой залуучуудад илүү зориулсан. Боломжийн үнэтэй брэнд. Тэрийгээ хааяа хааяа завтай цагтаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Бүгдийг нь өөрөө хийдэг. Хүргэлтээ өөрөө хийгээд явахад хүндрэлгүй. Гэхдээ хэзээ ч урагшлахгүй. Зүгээр л захиалгаас захиалгын хооронд амьдарч байдаг. Арай нэг ахисан шат нь Инстаграм сошиалд илүү гоё зураг авалт цацахаас бусдаар бол яг л подвалийн оёдолчинтой ижилхэн санагдаад би энэ жилийн гуравдугаар сараас стилист гэдэг зүйлээр ажиллаж эхэлсэн. Энэ мэргэжлийг сонгоод олон гоё хүмүүстэй уулзсан. Би энэ салбараас ерөөсөө гарч чадахгүй.
Би яагаад чадахгүй байгаа юм бол оо гэдэг юмыг өөртөө тусгаж аваад бүр уйлж алхаж байсан үе ч надад байгаа. Шантрахгүй байхыг хичээдэг. Гэхдээ шантармаар байдаг өө.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань?
Яг юу мэдэрч, түүнийгээ зөв чиглүүлээд тархи зүрх хоёроо сонсоод явахгүй бол угаасаа би хийж чадахгүй байгаагаа мэдэрч байгаа бол чадахгүй л гэсэн үг. Тэрийг би мянга хичээгээд бусад чадаж байхад би яагаад чадахгүй байгаа юм гээд бие биетэйгээ харьцуулаад, чадахын төлөө явж, яг үнэндээ би тэгж амьдармааргүй байгаа. Өөрийгөө зовоогоод тэгснээ хүмүүст багш нарыгаа уурлуулан байж би тэр дипломыг авмааргүй байгаа. Би өөрийнхөө хийж чаддаг юмаа сургуульдаа байх хугацаандаа сурсан. Бүх багш нараа хүндэтгэдэг.
Загвар бол хүн болгоны тоглох тоглоом биш. Байнга толгойгоо ажиллуулаад одоо юу хийвэл хүмүүст илүү хүрэх бол гэдэг. Эсвэл би яг юу хүсэж байна тэрийгээ илүү гаргах гээд тэр талаасаа их хэцүү салбар юм шиг санагддаг.
-“Gucci”-гийн шалгаруулалтад тэнцэж байсан шүү дээ. Яагаад тийшээ яваагүй юм бэ. Хэтийн зорилгоосоо сонирхуулахгүй юу?
2018 онд “Gucci”-гийн нээлттэй шалгаруулалтад анх тэнцэж байсан.
Тухайн үед би 18 настай, сургуулиа төгсөөгүй, юу юу ч үгүй тийшээ явах асуудалтай байсан. Сургуулиа төгсөөд явъя гэж бодсон. Одоо дахиад шинэ шалгаруулалтад орно. Угаасаа нэг удаа ороод мэдээж тэнцээд би өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй болсон учраас дахиад өгөхөд надад ямар ч асуудалгүй. Дараа дараагийн шатууд гэж байгаа учраас наана нь маш их судлаад, мэдлэгтэй, мэдрэмжтэй тийм хүн болоод очмоор байгаа.
Одоо хэтийн зорилго бол тийшээ очих, мэргэших, суурьших. Эхний хийх алхам маань Германаар дамжаад Ром руу явах.
Германд FDI гээд институт байдаг. Тэр институт Германдаа номер нэг сургууль. Тийшээ одоо зорьж байна.
Миний хэтийн зорилго гадаад руу, дэлхийд танигдах. Боломжийн хэрээрээ, өөрийнхөө чадах хэмжээнд тэр хүртлээ явна. Гадаад улс руу гараад Азийн топ дизайнер гэдэг нэрийг би хүсэхгүй байгаа. Зүгээр том брэнд рүү ороод мэдээж дотор нь орвол надад Ази гэдэг зүйл байгаа шүү дээ. Тийм болохоор тэр соёлоо тэр брэндүүд рүү уусгаж байж манайх гарч ирэх болохоос биш би том брэнд үүсгээд тэрийгээ гадаад руу авч гараад тэрийгээ том болгоно гэсэн юм байхгүй. Надад ойрын 10 жилд суралцах шаардлага байгаа. Дизайнер биш яг стилист чиглэлээ бариад явна. Загварын салбар дотроо асар өргөн хүрээтэй. Ийш тийш үсрэх тусам би өөрөө байхгүй болно.
Найз нөхөд, карьер энд би улам хичээвэл ямар нэгэн цэгт хүрч болохоор байсан ч гэсэн би бүгдийг нь хаяад явж байгаа нь бас нэгэн утга учиртай байх гэж боддог.