“Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр боллоо.
Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулжээ.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн байна. 2021 оны есдүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн долоон хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.
Манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-аас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.
Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 оноос хойш эмэгтэй алба хаагчийг илгээн үүрэг гүйцэтгүүлж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын дагуу НҮБ-ын Энхийн ажиллагааны газраас “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тухай” албан даалгаврыг цэрэг илгээгч нийт улс орнуудад хүргүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улс эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, өнөөгийн байдлаар илгээж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 112 улсаас 17 дугаарт, Зүүн хойд Азид 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн болон олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаа мэдэгдсэн нь Монгол Улс НҮБ-ын хэрэгжүүлж байгаа энхийг дэмжих бодлогод гишүүн орны хувьд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм.