Шинэ жилийн баяр угтаж зүймэл урлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдээр “Holiday Inn” зочид буудалд болно гэсний дагуу бид үзэсгэлэнг зорилоо. Зүймэл урлалын үзэсгэлэнгийн танхимын үүднээс эхлээд л өнгө алагласан бүтээлүүдийг эгнүүлэн тавьсан байв. Зүймэл урлалаар бүтсэн бүтээл бүр өнгө хийцийн хувьд дахин давтагдашгүй байсан нь онцлууштай санагдав. Үзэсгэлэнгийн гол танхимд ороход монгол гэрийн ханыг танхимын үүд хэсгийн ойролцоо засаж төрөл бүрийн ханын чимэглэл болон зүймэл урлалаас бүтсэн цүнх, даавууны өөдсөөр оёсон уут, ширээн дээр дарсны гадна талаар өмсгөсөн уут, цайгаа халуун байлгахад зориулсан өмсгөл зэрэг олон сонирхолтой бүтээл байлаа. Мөн нэг бүрчлэн зүүж оёсон төрөл бүрийн дүрстэй дэрний уут, өлзий хээнээс бүрдсэн орны бүтээлэг гээд дурдвал маш олон төрөл зүйлийн сонирхолтой бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.
Үзэсгэлэнг ихэвчлэн Монголд амьдардаг гаднын хүмүүс сонирхож үзэхээс гадна гадаад бүсгүйчүүдийн гараа гаргаж хийсэн төрөл бүрийн аяган бялуу, сэндвич, талх зэргийг худалдаалж байв. Танхимд шинэ жилийн намуухан ая дуугарч үзэсгэлэнг тухлан үзэж буй хүмүүсийн хөл тасрахгүй байлаа.
"Монголын зүймэл урлалын төв хог хаягдал үүсгэхгүйгээр хуучин зүйлсийг эргээд ашиглаж, шинэчилж хийдэг нь гоё санагддаг"
Ингээд үзэсгэлэн үзэж байсан Испани бүсгүй болох Патрика Видала-аас сэтгэгдлийг нь асуухад “Би Монголын зүймэл урлалын төвийг гурван жилийн өмнөөс мэддэг болсон. Хоёр жилийн өмнө Туркийн элчин сайдын яаманд болсон зүймэл урлалын үзэсгэлэнг очиж үзэж байсан. Тэр үзэсгэлэнгээс илүү энэ үзэсгэлэн том зай талбайд шинэ жилийн уур амьсгал оруулж дуу тавиад, бүжиг, дуучид, хөгжимчид зэрэг урлагийн тоглолт үзүүлж бүтээлүүдээ маш сайн дэлгэж харуулсан нь их таалагдлаа. Би маш олон шалтгаанаар зүймэл урлалыг дэмждэг. Нэгдүгээрт, би Монголын түүх соёлыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ эдгээр бүтээлүүдээс Монгол ёс заншил, уламжлалт хэв маяг шууд харагддаг. Хоёрдугаарт, би хоёр газраас юм авах сонголттой байх юм бол нийгмийн тодорхой зорилтот хэсэгт тусалж байгаа газрыг илүүтэй сонгоно. Тийм учраас нийгэмд ямар хөрөнгө оруулалт хийж, бусад хүмүүсээ хэр дэмжиж байгаа тэр газраас худалдан авалт хийх хүсэлтэй байдаг. Монголын зүймэл урлалын төв хөгжлийн бэрхшээлтэй болон ганц бие ээжүүдийг ажиллуулж тэдний өрхийн орлогыг дэмжиж ажилладаг нь надад таалагддаг. Гуравдугаарт, хувцас загварын ертөнцөд ямар их хог хаягдал үүсдэг билээ. Харин зүймэл урлалын төв дандаа үлдэгдэл, хаягдал материал ашиглаж хог хаягдал үүсгэхгүйгээр хуучин зүйлсийг эргээд ашиглаж, шинэчилж хийдэг нь гоё санагддаг” гэж хэллээ.
Монгол амьдарч буй гадаад хүмүүсийн хувьд ийм үйл ажиллагаанд оролцож, нийгэмд тодорхой хэмжээнд оролцоотой байх нь илүү сайхан санагддаг гэж байсан юм. Торгоны өөдсөөр хийсэн морин дээр хүүхдүүд нь сууж тоглоод үзүүлэнд дэлгэн тавьсан монгол гэр, араг савраар тоглож, сонирхон ээж ааваасаа асууж байгаа харагдав. Ингээд танхимын голд цас төлөөлүүлж цагаан синтвон дээр монгол том, жижиг гэр болон чихмэл тоглоом даавууны өөдсөөр хийсэн гацуур мод, морь, тэмээ зэргийг шинэ жилийн гэрлүүд, боргоцой, хус модоор чимэглэн зохиомжилсон нь хүүхэд багачуудын гэлтгүй томчуудын ч сонирхлыг ихээр татаж байлаа.
Энэ үзэсгэлэнг ихэвчлэн гаднын хүмүүс сонирхож байв. Харин тэдгээр хүмүүст сайн дурын ажилтан хүүхдүүд маш чадварлагаар үзэсгэлэнгийн тухай болон бүтээлүүдийг тайлбарлаж байлаа. Бүгд Монголын зүймэл урлал гэсэн цэнхэр пудволкоор жигдэрсэн сайн дурын 10 залуучууд байв. Тэдгээрийн нэг болох сайн дурын ажилтан Н.Мөнхжин-с зүймэл урлалын үзэсгэлэнд сайн дурын ажилтан хийж буй сэтгэгдлийг нь тодруулахад
"Надад сайн дурын ажил хийх маш их таалагдаж байна"
“Би энэ жил төгсөх анги буюу 12 дугаар ангид суралцдаг. 17 настай. Сая 10 дугаар сараас эхлээд сайн дурын ажил хийж байна. Надад сайн дурын ажил хийх маш их таалагдаж байгаа. Хүнд туслах их гоё санагддаг. Эхлээд бэлтгэл ажил тэгээд үзэсгэлэнгийн хоёр өдөр гээд гурван өдөр бид тусална. Эрэгтэй хүүхдүүд зөөх ажлаа хийгээд охид нь бүтээлүүдээ өрж, байршуулаад хүмүүст танилцуулахад тусалж байна. Өчигдөр ирсэн тав өнөөдөр ирсэн 10 гээд бараг 15 хүүхэд ирсэн. Ихэвчлэн гадаад хүмүүс ирж байгаа нь онцлог байна. Бас маш өнгөлөг, хээ угалзтай нарийн ширхэгтэй хийц, урлалтай бүтээлүүд болон шинэ жилийн уур амьсгал бүрдүүлж орчноо чимсэн нь үнэхээр бүтээлч санагдлаа” гэж хэлэв.
Амны хаалт, гацуурын чимэглэл, жижигхэн түрийвч, хормогч, алчуур гээд гэр ахуйн гал тогооны хэрэгсэл зэрэг хүнд хэрэгтэй бүхий л зүйлсийг зүймэл урлалаар урлажээ. Бид ч гэсэн зүймэл урлал сураад хуучин хувцас, материалаа хаяхгүйгээр зүүж оёод өөрт хэрэгтэй олон зүйл хийж болохоор санагдлаа.
Үдээс хойш үзэсгэлэнг үзэж буй хэд хэдэн монгол хүмүүстэй таарлаа. Бүтээл бүрийг сайтар ажиж буй нэгэн бүсгүйгээс үзэсгэлэнгийн талаар асуухад “Коронавирус гарахаас өмнө их дэлгүүрт болсон үзэсгэлэнг нь сонирхож байсан. Би энэ байгууллагын талаар фэйсбүүкээс л харлаа. 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Зүймэл урлал маш нарийн үйл ажиллагаатай, цаг зав их ордог. Хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл байдаг.
"Зүймэл урлалыг сэтгэн бодох чадвар сайжруулж, зөнөх өвчнөөс сэргийлэн, стресс тайлдаг ач тустай гэдэг"
Эмэгтэй хүн бүр оёод байдаггүй. Өөрөө дурлаж, сонирхсон ядарч, чилэхээс залхуураагүй тийм хүн л оёдог. Гар ажиллагаа ихтэй голчлон гараар урладаг. Мөн сэтгэн бодохоо ажиллагаатай буюу өнгөний зохицол, хэлбэр дүрс, хэмжээ, энерги гээд бүх юм л шингээж байж бүтээл төрдөг. Эвлүүлдэг тоглоом шиг блокоор нь оёдог. 40 өөр блок байлаа гэхэд өнгө, хэлбэр бүр нь өөр өөр. Түүнийг зүүж эвлүүлж оёно. Гадаадад настай хүмүүс их оёдог. Тэр нь зөнөх өвчнөөс сэргийлэх, сэтгэн бодох чадвар сайжруулах, стресс тайлдаг ач тустай гэж үздэг юм билээ. Би зүймэл урлалд бүр дурлачихсан. Шөнө гурав, дөрвөн цаг хүртэл оёдог. Тэгэхэд би хэзээ ч ядарч байна, нойр хүрч байна гэж боддоггүй. Оёх тусам нойр сэргээд л бүтээлээ оёод суугаад байдаг. Шигтгэмэл бол зургийн дагуу байх ёстой газар нь шигтгээгээ наадаг бол зүймэл урлал бүх даавууныхаа хээ хуарыг нь тааруулна. Өнгө дагуу эсвэл эсрэг тэсрэг өнгөөр оёно гээд ажиллагаа ихтэй. Би зүймэл урлалыг сурах юмсан гээд гурав, дөрвөн жил сонирхож байгаад ноднин жилийн хөл хорионоос хойш оёж эхэлсэн. Би өөрөө монгол, дээл цамц оёдог. Үндсэн ажил маань “Нарантуул” зах дээр бичиг хэрэг бөөнддөг. Энэ ажлаа 20 жил хийж байна. Өдөр нь үндсэн ажлаа хийгээд орой долоон цагаас хойш заавал зүймэл урлалаар юмаа оёж байгаа. Өөрөө ингэж дурлаж сонирхож байгаа учраас өнөөдөр энэ зүймэл урлалын үзэсгэлэнг үзэхээр зорьж ирсэн. Бүтээлүүд хийж байгаад өөрөө бас ийм үзэсгэлэн гаргах юмсан гэж бодож байгаа” гэж М.Одончимэг хэллээ.
Хүмүүс шинэ жилийн баяртаа зориулаад хаалганы чимэглэл, чихрээ хийх оймс, торгоны өөдсөөр хийсэн чихрийн таваг, ширээний унжуурга ихээр авч байгаа харагдав. Үзэсгэлэнд ирсэн хүмүүст зориулсан Перу бүжиг, Колумбиа гитар, Х.Оюунбилэг дуучны “Эгэл биш инээд” ая дууны мэндчилгээ гээд олон урлагийн үзүүлбэрүүд үзэгчдийг баясгаж байв.
Ингээд Шинэ замнал төрийн бус байгууллагын дэргэдэх Монгол зүймэл урлалыг үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ-с өнөөдрийн үйл ажиллагааны талаар лавлахад
"Ирэх жил үйл ажиллагаагаа үргэжлүүлэн явуулах болсондоо манай зорилтот бүлгийн эмэгтэйчүүд бид маш их баяртай байна"
“Маш олон талын үр өгөөжтэй үзэсгэлэн болсон гэж бодож байна. Хамгийн чухал ач холбогдол нь бид нийтдээ 18 жил үйл ажиллагаа явуулж байхад хоёр жил гаруй хугацаанд маш хүнд нөхцөл байдалтай байлаа. Үйл ажиллагаагаа цааш явуулахад хүндрэлтэй болсон. Яагаад гэвэл аялал жуулчлал зогссоноос үүдэлтэй борлуулалт маш их буурсан. Тийм учраас энэ удаагийн шинэ жилийн үзэсгэлэнгээс шалтгаалж цаашид оршин тогтнох уу эс тогтнох уу гэдгээ шийдэх дээрээ тулсан гэж хэлж болно. Маш их олон хүний сэтгэл, багийн ажиллагааны үр дүн гарлаа гэж бодож байна. Ирэх жил үйл ажиллагаагаа явуулах болсондоо маш их баяртай байна. Нийтдээ давхардсан тоогоор гадаад, дотоодын сайн дурын 50 хүн тусалсан. Зүймэл урлалыг зорилтот бүлгийн эмэгтэйчүүддээ олон жил явуулж олон хүнд өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхэд тусалж үйл ажиллагаа явуулсны үр дүн гэж бодож байна. Багийн ажиллагаа маш чухал. Тиймдээ ч 18 жил үйл ажиллагаагаа тогтмол явуулсан гэж бодож байна. Манай зорилтот бүлгийн эмэгтэйчүүд ч гэсэн маш их баяртай байгаа” гэв.
Зүймэл урлалын гарал үүсэл одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа боловч хэдэн мянган жилийн турш дэлхий даяар хувцас хийх, гэрээ тохижуулах, гоёл чимэглэлийн зориулалтаар зүймэл урлалын оёдол, техникийг өргөн дэлгэр ашигласаар байна. Үүний нэгэн адил Монголын зүймэл урлалын төв Монгол хэв маягаа шингээж бүтээлээ урлаж олон бүсгүйчүүдийг хөдөлмөрлөх боломжоор хангаж гаднын иргэдэд үндэсний бүтээгдэхүүнээ сурталчилж буй нь бахархмаар санагдлаа.
“Шинэ жилий ийм үйл ажиллагаа гадаадад өргөн явагддаг. Иймээс Монголчуудаа болон энд оршин суудаг гадаадын иргэддээ зориулаад шинэ жилийн үзэсгэлэн гаргасан нь бидний хүсэж байсан зүйлсийн нэг. Ирсэн хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлсэн байхаа гэж бодож байна. Өмнө нь ийм ковид гэж ерөөсөө байдаггүй байсан. Хүмүүс удаан хугацаанд хөл хорионд байсан болохоор шинэ жилийн ийм орчинг хүмүүс санагалзсан байсан. Гаднын улсад болдог өргөн дэлгэр үйл ажиллагааны адилаар Монголд амьдарч буй гадаад иргэдэд гэртээ байгаа юм шиг байгаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд бид их хичээсэн. Олон газрууд бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласанд чин сэтгэлээсээ талархаж байна” гэж Зүймэл урлалын төвийн үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ хэллээ.
Жуулчид эдгээр бүсгүйчүүдийн бүтээлийг ихэд үнэлж, тогтмол худалдан авалт хийдэг байсан ч ийнхүү цар тахлын улмаас худалдан авалт, эрэлт багасаж үйл ажиллагаанд зогсонги байдалтай хоёр жилийн хугацааг өнгөрүүлжээ. Цар тахлаас өмнө зорилтот бүлгийн 40 гаруй эмэгтэйчүүд бүтээлээ урлаж ажилладаг байсан бол цар тахлын нөлөөгөөр эрс буурчээ. Одоогоор 15 бүсгүйчүүд бүтээлээ өгч хамтран ажиллаж байгаа аж. Зүймэл урлалын төвийн хувьд үйл ажиллагаа дэмжиж бусдад таниулахын тулд "Кофе шоп" болон өргөжүүлж кофе уунгаа бүтээл төрөх үйл явцыг харах боломжийг бүрдүүлж өгчээ. Ингээд цаашид бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах, таниулан гадаадын зүймэл урлалын үзэсгэлэнд оролцох зорилготой байгаа гэлээ. Мөн Монголчууддаа үндэсний үйлдвэрлэлээ илүүтэй таниулах юмсан гэж маш ихээр бодож, зорин ажиллах гэж буйгаа бидэнд хэлсэн юм.