МҮОНРТ-ийн хөтлөгч, сэтгүүлч Д.Одзаяаг бид “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Дэрэмчимидийн Одзаяа гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг гадаад харилцааны менежер, англи хэлний орчуулагч гэсэн хос мэргэжлээр төгссөн. Дараа нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульдаа сэтгүүл зүйн ухаанаар магистр хамгаалсан. Сургуулиа төгсөөд 2011 оноос одоог хүртэл МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчээр ажиллаж байна.
Аав минь харилцаа холбооны инженер хүн байсан. Намайг хоёр настай байхад бурхан болсон. Түүнээс хойш ээж минь хүнтэй суухгүйгээр хоёр охиноо өдий зэрэгтэй боловсролтой, хүмүүжилтэй болгож өсгөсөнд ээждээ маш баярлаж явдаг. Ээж минь барилгын инженер, Монгол Улсын Зөвлөх инженер хүн байдаг.
-Телевизийн салбартай анх хэрхэн танилцаж байв?
-Би гадаад харилцааны менежерийн дадлагаа ордонд хийсэн. Орчуулагчийн дадлагаа Үндэсний телевизийн “MN Today” гээд гадаад мэдээний албанд хийсэн. Тэгэхдээ анх телевизтэй танилцаж байлаа. Телевизийн урлагтай танилцаж эхлэн ямар гоё юм бэ гэж бодож байв.
Үндэсний телевизэд дөнгөж 19 настай орсон. Жаахан байсан учраас мэдээ уншихаар жаахан хүүхэд шиг харагдах гээд байдаг. Хоолой суугаагүй, цангинасан хоолойтой байдаг. Тэгээд би үсээ босгоод хараар будаад овортой харагдах гэж хичээж байлаа. Хүмүүс овортой харагдаад байна гэхээр нь “Зүгээр шүү дээ. Энэ чинь миний ажил, мэргэжилтэй холбоотой” гэдэг л байлаа./инээв/
-Өөрийн тань бэлтгэн хүргэдэг “Бэлэг” нэвтрүүлэг сошиалаар хэдийнээ олны хүртээл болж танигдсан. Нэвтрүүлэг тань удаан тогтвортой оршин тогтноход юу нөлөөлсөн бэ?
-“Бэлэг” нэвтрүүлэг маань сошиал буюу фейсбүүк хуудас дээр нэг дэх өдөр болгон тавигддаг болоод зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Яг ингэж тасралтгүй тууштай явахын тулд би анх сэтгэж хийж байхад ийм төрлийн бэлэг өгдөг, танилцуулсан нэвтрүүлэг байгаагүй шүү дээ. Лайв ч байгаагүй. Тухайн үед хүмүүс энэ ямар баян хүүхэн бэ, өөрөөсөө ийм их юм өгөөд байдаг юм уу, үнэн ч юм уу, өгдөг ч юм уу, худлаа ч юм уу л гэж байсан. Ерөөсөө мэддэггүй байлаа. Үнэнч, шударга яг цагтаа юмаа тодруулаад эхлэхээр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Аан үнэн юм байна, өгдөг юм байна. Ингээд азтан болдог юм байна гээд. Тиймээс би юун дээр анхаарсан бэ гэхээр энэ чинь олон хүнийг хамардаг боллоо, тэгэхээр би одоо үнэн, шударга байх тал дээр маш сайн анхаарах ёстой юм байна гэж бодож байлаа.
-Нэвтрүүлэгтээ оруулах бизнесийн салбарт ямар шалгуур тавьдаг вэ?
-Миний одоо баримталдаг хэд хэдэн зарчмууд байгаагийн нэгт, би хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй. Олон нийтэд хүрч байгаа нэвтрүүлэг учраас тааралдсан хүн болгонтойгоо ажиллаад дураараа нэг юм оруулж зарж байгаад больчихдог ч юм уу. Тийм хүмүүстэй хамтарч болохгүй. Үзэж байгаа хүмүүст маань нэгдүгээрт, мэргэжлийн хяналтын бичигтэй юм уу, үгүй юм уу гэдэг энэ олон шалгуурыг давсан байх ёстой. Хоёрдугаарт, хувь хүмүүстэй биш компаниудтай ажиллаж байгаагийн давуу тал нь яг мэргэжлийн хяналтын бичгүүд нь байна. Албан ёсны орж ирэх ёстой шалгууруудаа шалгуулаад авсан байна. Албан ёсны эрхтэй компаниуд байна. Энэ болгоныг судалж байгаад танилцуулдаг. Манай хэрэглэгчдийн шаардлагыг хангахгүй юм байна гээд болих ч юм уу, эсвэл өмнө нь тухайн газраа очиж судлаад үүгээрээ давуу талтай юм байна, энийг нь гаргаад ирье гэж харуулдаг. Лайв дээр ялангуяа би өөрөө ярьж тайлбарладаг учраас өөрөө хэрэглэж үзээгүй, туршаагүй бол хамтарч ажиллах боломжгүй ээ гээд хэлчихдэг. Зүгээр мөнгө бодоод суух юм бол би өдөр болгон лайв хийсэн ч болно. Гэхдээ би тэгэхийг хүсдэггүй. Тухайн газраа судлаад, мэдсэний үндсэн дээр хүмүүст хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. Зөвхөн надад хэрэгтэй бүтээгдэхүүнийг би танилцуулаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр маш сайн, их юм бодож байж энэ олон жилийн хугацаанд хандалтаа буулгахгүй, контентоо илүү сайжруулаад, багаа сайжруулаад явж байна.
-Гадаадад төрхөндөө хийсэн өөрчлөлт буюу үсээ тод өнгөөр будахад тань үндэсний телевизийн хөтлөгч ингэж болдог юм уу гэх шүүмжлэл ч байсан?
-“Бэлэг” нэвтрүүлгээ хийснээс хойш би задарсан гэж боддог.Нэлээд зоригтой өөрчлөлтүүдийг хийсэн. Би энэ хугацаанд дискретээ авч байсан болохоор эфирээр гарахгүй үе маань байлаа. Миний мөрөөдлийн үс улаан үс байсан. Анх шууд зориглоод улаан болгосон. Түүндээ их баяртай байдаг. Түүнээс хойш улбар шар, ягаан, ногоон, цэнхэр, чернилэн ягаан болгосон. Одоо л ингэж үсний өнгөө өөрчлөхгүй юм бол би хэзээ өөрчилж болгох юм бэ. 40, 50 хүрээд улаан, ногоон, шар үстэй явж байж болохгүй шүү дээ. Энэ чинь этик, ёс зүй, нас байна гэдэг шиг. Хийж байгаа ажил, мэргэжил байна. Тэгэхээр би одоо л ийм илүү гоё эрч хүчтэй, хүссэнээрээ хувирах ёстой юм байна гэж бодсон.
Өдийг хүртэл үндэсний телевизийн школоор явсан болохоор магтаалд баярлаад шүүмжлэлд гуниад байдаггүй. Нэлээд хатуу найруулагч нарын гараар хүмүүжсэн учраас тиймэрхүү сэтгэл зүйг суулгасан гэж боддог.
-Бусдаас хар бараан сэтгэгдэл хэр их ирдэг вэ?
-Хийж байгаа ажилтай маань холбогдуулаад хар бараан юм бага байдаг. Жишээ нь энд нэг хүнтэй хэрэлдээд, тэнд нэг уралцаад л, тэнд нэг асуудал гээд байвал мэдээж адилхан хар бараан юмс ороод ирэх байх л даа. Шүүмжлэл байх юм бол би хүлээж авахыг хичээдэг. Дээрээс нь тайлбар өгдөг. Ийм байсан шүү, тийм байсан шүү гээд тайлбарлахыг хичээдэг. Хүмүүстэйгээ ойр дотно байхыг хичээдэг. Зүгээр л доромжлол байх юм бол уучлаарай “Bye, Block” хийдэг. Түүнд зайлшгүй нервээ барах шаардлага байхгүй. Түүнд сэтгэл санаагаар унаад сандраад байдаггүй. Зүгээр хийж байгаа юм маань зөв гэдэгт хүн итгэлтэй байх юм бол жижиг, сажиг зүйлд ач холбогдол өгдөггүй байх ёстой гэж боддог.
Ер нь амьдрал дээр ч гэсэн рисктэй алхам хийж чаддаг гэж өөрийгөө боддог. Эрсдэлтэй алхам руу орж чаддаг. Нэлээд удаан бодоод яах уу гээд байдаггүй. Түүгээрээ ч би илүү сонирхолтой амьдардаг болов уу. Ирээдүйгээ төлөвлөөд өнгөрснөө бодоод ч юм уу ер нь би тийм биш. Би яг л одоогоороо амьдардаг. Сүүлийн үед нэг юм бодоод байгаа юм. Ажил, амьдралаа жаахан тэнцвэртэй авч явах ёстой юм байна гэдэг дээр маш их анхаарч байгаа. Жишээ нь ажил, ажил гээд гүйгээд гэр бүл хаягдчих гээд байна. Хэт гэр бүл гэх юм бол ажил хаягдчих гээд байна. Тэгэхээр гэртээ байх хугацаандаа жишээ нь, утсаа оролдохгүй байх ч юм уу. Яагаад гэвэл миний бүх ажил утсаар явагдаж байдаг. Утасны хэрэглээг ер нь багасгах ёстой юм байна гээд гэртээ байх хугацаандаа утсаа оролдохгүй байдаг ч юм уу. Иймэрхүү зүйл дээр сүүлийн үед илүү анхаарч байгаа. Түүнээс биш зарчимч ч юм уу, яг тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг хүн бол биш.
-Ажил, амьдралдаа баримталдаг зарчим?
Миний барьдаг ганц л зарчим байдаг. Хүн эргээд уулзах нүүртэй сайхан амьдрах ёстой. Яг хэлсэндээ байх ёстой. За бол за, үгүй бол үгүй гэдгээ хэлж чаддаг байх ёстой.
“Бэлэг” нэвтрүүлгээ хийж эхэлснээс хойш “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр анх удаа хоёр удаа шалгарсан хүн байсан. Хэдийгээр хувийн юмаа хийж байгаа ч гэсэн улсдаа нэлээд их татвар төлөөд хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай байдаг. Хамгийн бахархалтай авч байсан шагналуудын минь нэг байх аа.
-Яаж энэ бүхнийг амжуулдаг юм бэ?
-Яаж энэ бүхнийг амжуулдаг юм бэ? гэдэг хамгийн их асуудаг асуултын нэг. Нэлээн сайн зохион байгуулалт хийж байж амжуулдаг. Гэр бүлээ амжуулна гэдэг чинь том ажил байхгүй юу. Тийм учраас арыг минь маш сайн даадаг нөхөртэй. Энэ ташрамд, ханьдаа, ээждээ, хадам ээж, аав хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үүнээс илүү тус гэж юу байх вэ дээ.
Ажилдаа би дуртай болохоор түүртэлгүй хийдэг. Надад их сонирхолтой байдаг.
Яг нэвтрүүлгээ хийгээд тогтмол цацахын тулд маш их тэмцсэн. Олон зүйлийг туулсан. Ихэнх хүмүүс нэвтрүүлэг гараад удаагүй байхад “Наадах чинь сошиалын юм шүү дээ. Сошиал хэр удах юм бэ. Үсрээд л жил болно. Жил болоод цаашаа явахгүй ээ” гэхэд нь би “Үгүй ээ” гэсэн. Хийж байсан зүйлдээ итгэлтэй байсан байгаа юм. Түүнийхээ төлөө тууштай явсан. Маш олон саад бэрхшээлийг давсан. Одоо түүнийхээ үр шимийг хүртэж байгаа болов уу гэж боддог. Тийм учраас би ер нь юманд тууштай байгаарай гэж уриалмаар байна. Бүх зүйл дээр амьдралд хайр дурлал дээр ч гэсэн тууштай байсан хүн л хайртай хүнээ олж авдаг биз дээ. Түүнтэй адилхан та зөв юм хийж байгаа гэж бодох юм бол түүнийхээ төлөө тууштай байгаарай. Үүний чинь хариу эргээд ирнэ шүү.