БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг энэ удаа хэрэглэгчдэд худалдан авалтаа хүү, шимтгэлгүйгээр дөрөв хувааж төлөх үйлчилгээ үзүүлдэг Store Pay ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Хангалтай ярилцлаа.
Тэрээр Австралид сурч байхдаа, ачаа зөөх зэрэг цагийн ажил хийж хуримтлуулсан 20 сая төгрөгөөрөө 2019 онд бизнесээ эхлүүлж байжээ. Хоёр жилийн хугацаад Стор пэй апп-аар нийт 20 гаруй тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Энэ хэмжээний дүнд ногдох хүү, шимтгэлийг тооцвол 1.5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хэрэглэгчдэдээ олгожээ.
Одоогоор 140 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон байна.
Хүүгүй ч гэсэн шимтгэл өндөр авдаг финтек үйлчилгээнүүд байдаг. Гэтэл та бүхэн хэрэглэгчээс ямар ч хүү шимтгэл авахгүй гэхээр бизнесийн ашиг хаанаас орж ирж байгаа гэсэн үг вэ? Зах зээлд ийм төрлийн шинэ бизнес моделийг яаж нэвтрүүлж байв?
Би багаасаа тоонд дуртай, ямар ч зүйлийг тоогоор илэрхийлж гаргах сонирхолтой. Нэг талдаа тоо хүний тархийг ч сайн задалж өгдөг. Тэр утгаараа ч санхүүгийн бизнесүүдийг их сонирхдог байсан.
Намайг Австралид сурч байхад 2013-2016 онд энэ төрлийн Buy now, Pay later буюу одоо аваад дараа төл буюу хүү, шимтгэлгүй бизнес модель их хөгжиж хэрэглэгчдэд маш олон боломж олгож эхэлсэн. Зах зээл дээр нэвтэрсэн шинэ загвар л даа. Үүнтэй ижил төстэй үйлчилгээ гэвэл кредит картны үйлчилгээ. Банкууд их нэвтрүүлж байсан. Гэхдээ түүний цаана ажиллаж байгаа систем тэс өөр л дөө. Кредит карт хэрэглэгчдэд хүү, шимтгэлгүй олгодог ч жилийн хураамжтай. Хугацаа хэтрэхээр өндөр хүү бодогдоод эхэлдэг. Гол нь хугацаа хэтрээд хүү, шимтгэл бодуулаад эргэн төлөлтөө хийж байгаа хэрэглэгчдээс кредит картны гол ашиг гарч ирдэг гэсэн үг. 2019 онд, жишээлбэл АНУ-д зөвхөн кредит картны хүү шимтгэлд 121 тэрбум долларын төлбөр төлөгдсөн байдаг. Энэ маш том тоо. Жаахан хугацаа хэтрүүлээд, хүү, шимтгэлээ эргэж төлдөг. Энэ нь хэрэглэгчдэд тийм ч таатай хувилбар биш. Манай стор пэй дээр ашиглагдаад байгаа бизнес модель юу вэ гэхээр яг эсрэгээрээ. Хэрэглэгчээс хүү, шимтгэл огт авахгүй, үүгээрээ дамжуулж, харилцагч байгууллагууд буюу дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдэд борлуулалтын шинэ суваг нээж өгнө. Хэрэглэгчдэдээ таатай байх нөхцөлийг бүрдүүлээд, гурван талын харилцаанд гурвуулаа хожиж байгаа гэсэн үг. Хэрэглэгч 100 төгрөгийн ч шимтгэл, нэмэлт төлбөр төлөхгүй. Түүнийг нь манайх төлнө. Төлбөрөө төлж дуусгаад, дээрээс нь доод тал нь нэг хувийг нь стор пойнт буцааж аваад, цуглуулсан пойнтоороо төлбөр төлөх, худалдан авалт хийж болдог. 500 мянган төгрөгний бараанаас 5000 төгрөгийг нь буцаагаад авна.
“Хуримтлуулахаас гадна бэлэн мөнгөний үнэ цэнээ зөв эргэлдүүлэх санхүүгийн боловсрол чухал”
“Зээл биш. Гэхдээ санхүүгийн сахилга баттай, санхүүгээ зөв ашиглах боломж олгож байгаа” гэж байна. Танд нэг сая төгрөг байгаад түүгээр худалдан авалт хийх боломжтой ч, дөрөвний нэгийг нь урьдчилж төлөөд үлдсэнийг нь дараа нь төлнө гэдэг бэлэн мөнгөний үнэ цэнээ өөр зүйлд ашиглах боломжтой болно гэсэн үг л дээ. Санхүүгийн боловсрол гэхээр өмнө нь бол зөвхөн хуримтлуулах тухай ойлголт байсан бол одоо бэлэн мөнгөө яаж үнэ цэнтэйгээр хөрвүүлэх вэ гэдэг ойлголт руу шилжиж байна шүү дээ ?
Та банкнаас ч юм уу зээл авахад яагаад бэлэн мөнгө авснаараа хүү бодогдоод байгаа вэ? Тэр бол бэлэн мөнгөний үнэ цэнийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэр мөнгө байх үедээ байна гэдэг нь өөрөө үнэ цэнтэй. Тийм болохоор танд бэлэн мөнгө хэрэгцээтэй үед чинь зээлүүлснээр хүү, шимтгэл авч байгаа. Яг түүнтэй адилхан танд хэдийгээр тухайн бараа бүтээгдэхүүнийг авах мөнгө байсан ч гэсэн, нөгөө талаас ямар ч илүү мөнгө төлөхгүйгээр худалдан авах боломж байхад түүнийг ашигласнаараа, бэлэн үлдсэн мөнгөнийхөө үнэ цэнийг өөр нэн шаардлагатай зүйлд зарцуулах боломжтой. Жишээ нь хүүтэй хуримтлалдаа хийж болно, бизнестээ хийж эргэлдүүлж болно гэсэн үг.
Сүүлийн үеийн технологи, техник технологийн дэвшлийг ашиглаад, санхүүгийн үйлчилгээтэй холбоод гарч байгаа финтек үйлчилгээнүүдийг их ашиглах хэрэгтэй гэж боддог. 100, 300 төгрөг гэж ярихад бага сонсогдох ч яг тооцоод үзэх юм бол жилдээ, урт хугацаандаа багагүй хэмжээний зардал болж байдаг. Тэгэхээр энэ бүгдийг шийдэж өгсөн аппликейшнүүдийг хэрэглэж үзэх хэрэгтэй.
Бид бараа бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээг дараа төлөх байдлаар авах боломж олгодог. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шүдний эмнэлгийн үйлчилгээнүүд өндөр төлбөртэй болж байна. Үүнийг хойшлуулалгүй эрүүл мэндийн үйлчилгээндээ эрт хамрагдах хэрэгтэй.
Бизнесийн байгууллагуудад ямар боломж нээж өгч байгаа вэ?
Анх 2019 оны арваннэгдүгээр сард Стор пэй-г олон нийтэд танилцуулж байсан. Бид анхнаасаа маркетинг хийлгүй, хэрэглэгчид бодитоор хэрэглэж үзээд цааш санал болгог гэж үзээд органик өсөлтийг чухалчилсан. Шинэ компани, шинэ үйлчилгээ гэдэг утгаараа эрсдэл гарах магадлал өндөр. Хэрэглэгч хэрэглээд үзэхэд алдаа гарахгүй байхад бэлэн байх суурийг өнгөрсөн хугацаад сайн тавьж чадлаа.
Эхлээд хүмүүс итгэхгүй байх тохиолдол их гардаг байсан. Ард нь нэг л юм байгаа даа, мөнгө авч л байгаа. Хаанаасаа ашиг олоод байгаа юм гэж их асууна.
Ашгийг бид харилцагч байгууллага талаасаа олж байгаа. Борлуулалтыг нь хийж өгсөн шимтгэл авна. Энэ шимтгэл болох бид үүсгэж өгч байгаа тэр үнэ цэн, борлуулалтын тооноос авч байгаа гэсэн үг. Бизнесийн байгууллагуудад борлуулалт, бараа бүтээгдэхүүний эргэлт их чухал байдаг. Дээрээс нь тэр эргэлтээ сайжруулах, дэлгүүртээ лангуун дээрээ барааг удаахгүй байх. Үүнийг сайжруулахын тулд хэрэглэгч худалдан авалт хийх ёстой. Тэгээд хэрэглэгч ирээд тухайн худалдан авалт хийх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг тухайн хэрэглэгчийн санхүү эдийн засгийн байдал шийднэ. Гол зарчим нь тухайн харилцагч байгууллагад бид ямар ч эрсдэл хүлээлгэдэггүй. Найдвартай төлөлтийг нь бид өөрсдөө хариуцаж авдаг. Ерөнхийдөө хэрэглэгчийн төлөх ёстой төлбөрийг нь бид харилцагч байгууллагууд руу төлөөд явчихдаг. Харилцагч байгууллага сая төгрөгийн барааг хорин хувь хямдруулаад зарах эсвэл стор пэй-ээр дөрөв хуваагаад төлөөд авах боломжийн дараа төлбөртийг л их сонгодог. Үүн дээр бид үнэ цэнийг бий болгож өгч байна. Борлуулалтын цоо шинэ сувгийг нээж өгч байна гэсэн үг. Харилцагч байгууллагуудынхаа борлуулалтад дунджаар 20-25 хувиар өсөлт үзүүлсэн.
Store Pay компани дотоодын крипто бирж дээр хэдхэн хоногийн дараа SPC койноо гаргах гэж байгаагаа дуулгалаа. SPC койны үнэ цэнэ, бизнесийн өсөлтийн талаар ярилцсан ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.