Солонгос хэлийг ямар арга барилаар сурах болон “ТOPIK”-ийн шалгалтад хэрхэн бэлдэх, ямар тэтгэлэг хөтөлбөрүүд байдаг талаар БНСУ-ын “Korea University”-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Хулантай ярилцлаа.
Өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Б.Хулан гэдэг. Би Солонгос улсын Сөүл хотод байрладаг "Korea University" буюу Солонгосын их сургуулийн улс төр, олон улсын харилцааны дөрөвдүгээр курст суралцдаг.
Яагаад Солонгос хэлийг сонирхож сурахаар болсон бэ?
Бага ангид байхдаа Солонгос хамтлаг дуучид, кинонд их дуртай байсан. Ахлах ангидаа Солонгос улсад суралцъя гэсэн зорилго тавиад хэл сурахаар шийдсэн. 10-р ангиасаа эхлээд Солонгос хэлний төвшин тогтоох буюу "TOPIK" шалгалтад бэлдэж эхэлсэн.
Хэл сурсан арга барилаасаа хуваалцвал?
Солонгос хэл дээр ном, сонин, сэтгүүл уншиж, нэвтрүүлэг, кино их үздэг байсан минь тус болсон. Яагаад гэвэл би өөрөө Солонгосын соёлд их дуртай байсан. Харин Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад бэлдэж байх үед хэсэг тус бүрд нь хувааж бэлдсэн. Төвшин тогтоох шалгалт нь унших, бичих, сонсох гэсэн гурван хэсгээс бүрддэг. Энэ шалгалтад өндөр оноо авахын тулд өмнө нь орж ирж байсан бүх материалууд дээр ажиллаад, шинэ бүх үгийг цээжилж, дүрмүүдийг нь сурч байсан. Шалгалтад ашиглагдах 150 дүрэм гээд ном байдаг. Энэ бүх дүрмийг нь сураад, бүх шинэ үгийг нь цээжилсэн байхад өндөр оноо авахад дөхөм болсон.
Тэгэхээр хэл сурахад тууштай байх хэрэгтэй юм шиг санагдлаа. Сургуульдаа "TOPIK"-ийн хэдэн оноотой орж байсан бэ?
Шантрахгүй суралцахад тус болсон зүйл гэвэл би өөрөө Солонгосын соёлд их дуртай байсан. Ширээний ард суугаад зөвхөн хэлээ давтах биш хоббигоороо кино үзэх, дуу сонсох зэргээр илүү хөгжилтэй маягаар чөлөөт цагаараа ч гэсэн сурч байсан гэсэн үг. Би анх сургуульдаа орохдоо Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт буюу "TOPIK"-ийн зургаан оноотойгоор сургуульдаа орж байсан.
Солонгос хэл сурахад хэцүү, амархан гэж хүмүүс яриад байдаг. Таны бодлоор?
Монгол хүмүүс Солонгос хэлийг сурахад илүү дөхөм байдаг. Яагаад гэвэл өгүүлбэрийн бүтэц нь Монгол хэлтэй ижилхэн байдаг. Хятад, Япон хэлэнд ханз цээжилдэг бол Солонгос хэлэнд үсгээ сураад л уншиж бичээд сурчихдаг. Ахисан төвшинд нэлээн хэцүү дүрэм, шинэ эсвэл хэлц үгүүд байдаг.
"TOPIK" шалгалт гэж юу вэ?
"TOPIK" буюу Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт нь Солонгосын Засгийн газраас зохион байгуулдаг Солонгостоо хэд хэдэн удаа харин Монголд хоёр удаа зохион байгуулагддаг. "TOPIK" 1, "TOPIK" 2 гэж хуваагддаг. "TOPIK" 1 нь дотроо нэг, хоёрдугаар зэрэг харин "TOPIK" 2 нь 3-6 дугаар зэрэг гэж байдаг. Зэрэг ихсэх тусам илүү сайн гэсэн үг. Солонгосын их дээд сургуульд элсэх, Солонгост ажиллаж амьдрах зэрэгт таны хэлний төвшинг тогтоож байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө "TOPIK"-ийн 3-4 оноотой байвал Солонгос улс сургуульдаа элсүүлдэг. Харин 5-6 оноотой байвал тэтгэлэгт хамрагдах боломжтой болдог.
Солонгос хэлийг сурахад хэр хугацаа зарцуулах вэ?
"TOPIK" хоёрдугаар шалгалт нь нийт 300 онооноос бүрддэг. Унших, сонсох, бичих хэсгүүд нь тус бүр 100 оноотой. Хамгийн дээд талын зургадугаар оноог авахын тулд 230-аас дээш оноо авах ёстой байдаг. Хэдий хэр хугацаанд хэр их зүйл суралцах нь тухайн хүний гаргаж буй цаг, хичээл зүтгэл, сурах арга барилаас хамаарна гэж бодож байна. Хүмүүс би хэр хугацааны дараа хэдэн оноо авах вэ гэдэг. Миний хувьд "TOPIK" 6-р төвшин хүртэл суралцахад ойролцоогоор гурван жил шаардсан.
Бие дааж Солонгос хэлийг сурах боломжтой юу?
Ерөнхийдөө Солонгос хэлийг ганцаарчилж сурах боломжтой. Ямарваа нэгэн хэлийг ганцаарчилж сурахад хэрэгтэй цахим сайт, утасны апликейшн ном сурах бичгүүд байдаг. Харин яг зөв цэгцтэй дүрэм, дуудлагыг нь суръя гэж бодож байвал багштай хамтраад эсвэл мэддэг хүнээс нь тусламж аваад суралцах нь илүү зүгээр гэж бодож байна. Гэхдээ ойролцоогоор тогтмол суралцаж чадвал 1-2 сард анхан шатны хувьд хангалттай уншиж, бичиж сурдаг.
Солонгос улсад суралцахын давуу тал юу вэ?
Солонгос улсад суралцах хэд хэдэн давуу тал байдаг. Нэгдүгээрт Солонгос улс аюулгүй тайван гадаад оюутнууд суралцахад таатай орчинтой. Хоёрдугаарт бусад орнуудтай харьцуулахад сургалтын төлбөрийн хувьд илүү хямд байдаг. Мөн тэтгэлгийн тогтолцоо сайн хөгжсөн байдаг. Сургууль, Засгийн газар, сангийн зэрэг янз бүрийн тэтгэлгүүд байдаг. Жишээ нь намайг анх сургуульд орж байхад надад туслах үүрэгтэй Солонгос оюутан гэж байсан тэгэхээр хичээлдээ хоцрох үед ч юм уу Солонгос оюутнууд тусалдаг тиймэрхүү хөтөлбөрүүд байдгаараа давуу талтай.
Ямар ямар тэтгэлгүүд байдаг вэ?
Хамгийн түгээмэл хамрагддаг тэтгэлэг нь Солонгосын Засгийн газрын тэтгэлэг. Энэ нь бакалавр, магистр, докторт элсүүлдэг. Дэлхийн 100 гаруй улсаас оюутан сурагчдаа шалгаруулж авдаг. Энэ тэтгэлэгт элссэнээр сургалтын төлбөрөөс гадна байр, амьжиргааны зардал онгоцны билет гэх мэтчилэн бүх зүйл багтсан байдаг.
Хоёрдугаарт нь "ILWOO" сангийн тэтгэлэг байдаг. Бакалаврын оюутанд олгодог сургалтын төлбөр, дотуур байр, амьжиргааны зардал гээд бүх зүйлийг багтаадаг. Үүнээс гадна "AMA" (Art Major Asian) гээд урлагийн тэтгэлэг байдаг. Тухайн чиглэлээр суралцахыг хүссэн хүүхдүүдэд зориулсан тэтгэлэг байдаг. Энэ гурваас гадна сургууль тус бүрийн өгдөг "TOPIK" онооноос хамаарсан янз бүрийн тэтгэлгүүд байдаг.
Солонгос улсад суралцахаар зорьж буй залуустаа зөвлөгөө өгвөл?
Хүмүүс Солонгост суралцахаар шийдэхдээ шууд хэлний бэлтгэлээр хүрээд ирдэг. Энэ нь сул болон давуу талтай. Давуу тал нь орчинд нь хэлийг илүү хурдан сурах, Солонгос улстайгаа танилцах орчиндоо дасах. Сөрөг тал нь хэлний бэлтгэл нэг семестрт буюу 17 хоног нь 1 сая 250 мянган вон гэхээр ойролцоогоор Монгол мөнгөөр 4 сая төгрөг хоёр сарын турш ийм төлбөртэй. Мөн байр, хоол гээд маш олон зардал гардаг. Үүний оронд бас нэгэн арга нь юу байж болох вэ гэхээр Монголдоо хэлээ сураад ирж болно. Заавал хэлний бэлтгэлд суралцахгүйгээр Монголдоо хэлний сургалтад суралцаад "TOPIK" оноогоо аваад ирсэн тохиолдолд шууд их дээд сургуульдаа элсэж орох, цаашдаа тэтгэлэг авах боломжтой.
Тэгэхээр хэлээ сураад очвол илүү давуу талтай байх нь ээ?
Солонгос улсад суралцахаар зорьж буй хүмүүст хэлэхэд эхлээд хэлээ маш сайн эрчимтэй сурах хэрэгтэй. Хоёрдугаарт Солонгос улсын түүх соёлтой танилцах хэрэгтэй. Солонгос хүмүүс юу хардаг вэ гэхээр манай орны соёлыг хэр мэдэж байна. Манай хэлийг хэр судалж, суралцсан байна гэдгийг хардаг. Сургуульдаа элссэний дараа мөн тэтгэлэг олгодог. Жишээлбэл манай сургууль элссэний дараа гадаад оюутнууддаа гурван төрлийн тэтгэлэг олгодог. Эхнийх нь дүнгийн голчоос хамаарсан тэтгэлэг. Хоёр дахь нь дүнгийн голч өмнөх улиралтай харьцуулахад сайжирсан тэтгэлэг дараагийнх нь амьдралын ар гэрийн бололцоо тааруу гэдгээ батлаад 50 хувийн тэтгэлэг авч болдог. Маш олон төрлийн тэтгэлэг байдаг болохоор тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг studyinkorea.go.kr гэсэн сайтаас судлах боломжтой.
Түүний youtube дээр бэлдсэн хичээлийг ЭНД дарж үзнэ үү.