Австралийн засгийн газар хүмүүст хүчирхийллийн харилцаагаа орхивол нэг удаагийн нөхөн төлбөр санал болгож байна. Засгийн газрынх нь өгсөн мэдээллээр өргөдөл гаргагчдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэдий ч энэхүү схем нь бүх хүйсийн хүмүүст нээлттэй гэдгийг онцоллоо.
Одоогоор Австралид есөн өдөр тутамд нэг эмэгтэй хүчирхийлэгч хамтрагчийнхаа гарт амиа алддаг гэсэн мэдээлэл байгаа юм. Энэхүү төлбөрийг өмгөөлөгчид нааштайгаар хүлээж авсан боловч зарим шүүмжлэгчид Австрали дахь гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгааныг тодорхойлохгүй шийдвэр гэж үзжээ. Эмэгтэйчүүдийн холбооны зүтгэлтэн Мэри Крукс хэлэхдээ, улс орныг эрэгтэйчүүдийг гэр бүлийн тэргүүн болгож, засгийн газар, компанийн эрх мэдлийн ихэнх албан тушаалд тавьдаг бичигдээгүй ёсын талаар илүү өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдгийг илэрхийлсэн байна.
Австрали нь жендэрийн тэгш байдлын олон улсын зэрэглэлд муу үнэлгээтэй. Энэ нь тэднийг харилцааны тэгш бус динамикт оруулж, эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эмзэг болгодог гэдгийг зарим шинжээчид хэлжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын 2021 оны дэлхийн Жендэрийн тэгш бус байдлын индекст Австрали улс 50 дугаар байранд орсон нь АНУ, Их Британи, Франц, Шинэ Зеландаас нэлээд доогуур үзүүлэлт юм. Австралийн хүйсийн цалингийн зөрүү 13.4%-д доод түвшинд байгаа. Засгийн газар энэ зөрүүг цаашид арилгах үүрэгтэй гэдгийг сөрөг хүчин шаардсаар байгаа. Гэсэн хэдий ч цар тахал нь Австрали дахь хүйсийн эдийн засгийн ялгааг улам дордуулж, хөл хорионы үед эрэгтэйчүүдээс илүү олон эмэгтэйчүүд ажилгүй болох эсвэл тэдний цагийг богиносгосон байна. Мөн олон орны нэгэн адил цар тахал нь Австралийн гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.
Засгийн газрын мэдээлснээр цар тахлын үед бие махбодь болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь хямралын үед хүчирхийлэл нэмэгдсэн гэж хариулжээ.
Сүүлийн жилүүдэд Австралийн засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж оролдсон боловч амжилтад төдийлөн хүрээгүй байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэмжээ өндөр хэвээр байгааг хэвлэлүүд онцолж энэ нь гэр бүлийн болон хувь хүний хоцрогдсон хандлагыг өөрчлөхөд хэцүү байгаатай холбоотой гэсэн тайлан гаргажээ.
Жишээлбэл, Австралийн үндэсний судалгааны байгууллагаас 2018 онд хийсэн судалгаагаар Австралийн таван хүн тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийллийн жишээг "өдөр тутмын стресс, бухимдалд үзүүлэх ердийн хариу үйлдэл" гэж үздэг гэсэн тайлан гаргажээ.
Хүчирхийллийн эсрэг энэ хөтөлбөр нь тус улсын засгийн газраас баталсан буюу 1.1 тэрбум австрали доллар (820 сая доллар) бүхий эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын багцын нэг хэсэг юм. Гэхдээ энэ төлбөр нь эмэгтэйчүүдийг хүчирхийллээс зугтахад нь туслах хэдий ч хохирогчид аюулгүй байдлаа олохын тулд хичнээн их мөнгө төлж байгааг тооцоолсон дүнгийн багахан хэсэгт ч хүрэхгүй гэж зарим судлаачид онцоллоо. 2017 онд Австралийн Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл нь өмгөөлөгч хөлслөх, хоол хүнс, цахилгаан хэрэгслэл, шинэ байшин барих зэрэгт дунджаар 18,000 австрали доллар (14,000 доллар) зарцуулдаг болохыг тогтоожээ. ACTU хэлэхдээ өртөг нь 2021 онд үүнээс ч өндөр байх магадлалтай гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN