Улсын Их Хурлын чуулганаар 2022 оны Монгол улсын нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлэг болсон. Төсвийн хувьд Монгол улсын эдийн засаг таван хувийн өсөлттэй байна гэж үзсэн байна. Чуулганы хэлэлцүүлэгт яригдсан голлох сэдвүүдийн талаар болон төсвийн тухай УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас дараах мэдээллийг тодрууллаа.
"Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр манай гол бүтээгдэхүүнүүд. Эдгээр бүтээгдэхүүнүүд 2021 оны эхний найман сарын байдлаар өсөлттэй байсан. Энэ өсөлтүүд ирэх жил ч үргэлжилнэ. Зарим нь бага зэрэг буурах боловч нэмэгдэх төлөвтэй гэж харж байгаа. Энэ түүхий эдийн үнэ өссөн үед хил гаалиа зохион байгуулаад экспортоо сайн хийх юм бол төсвийн орлого бүрдэх боломжтой. Энэ жилийн эдийн засгийн төсвийн гол зарчим нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр, бүтээмж гэсэн зорилго руу чиглэж байна. Тэгэхээр ковидийн дараах эдийн засгийн сэргэлт рүү чиглэсэн том, том хүнд үйлдвэрүүд барих, арьс ширний үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү хөрөнгө оруулж байгаа.
Халамжаас хөдөлмөр рүү гээд зарим халамжийн зардлуудыг хассан. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэл рүү төсөв төвлөрнө.
Эрүүл мэнд, боловсролын салбарыг анхаарч байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд очиж байгаа зардлуудад нэлээн ялгаа байгаа юм билээ. Тэгэхээр нэг хүүхдэд очиж байгаа зардлыг аль болох тэгш, аль болох чанартай боловсрол хүргэх чиглэл рүү хандуулахаар байна. Мөн багш нарын цалинг гүйцэтгэлээр өгье гэж байгаа юм. Төсвийн төсөл дээр эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын ажилтнуудын гүйцэтгэлээр цалинг нь олгож, урамшуулалтай олгоё гэж байна.
Боловсролын салбарын хүний хувьд төсвийн зарлагын 13 гаруй хувь нь боловсролын салбарт зарцуулагдаж байгаад сэтгэл өндөр байна. Энэ нь ДНБ-тэй харьцуулах юм бол 4,4 хувь боловсролын салбарт гэсэн үг. Хамгийн гол нь хүүхдүүддээ амьдралын гарааны тэгш боломж олгох юм шүү дээ" гэж хэллээ.
2022 оны төсвийн хяналтын талаар "Энэ жилийн хувьд тодорхой хэмнэлтүүд төсөвт орж ирж байгаа. Жишээлбэл төрийн албаны машиныг цөөлөх, гадаад томилолтуудыг багасгах зэрэг асуудлууд орж ирсэн. Ер нь төрийн албыг хэмнэлтийн горим руу шилжүүлж байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулах, төр өөрөө бүх юмаа хийх гээд байхгүй бусдаар гүйцэтгүүлж болох үйлчилгээний ажлуудыг компаниудад даатгана.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж байдаг. Энэ тогтвортой байдлын тухай хууль нь 2010 онд батлагдсан. Үүнээс хойш 2021 он хүртэл 11 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөгдсөн. Энэ хуулийг өөрчлөөд байгаа шалтгаан нь эдийн засгаа тогтвортой байлгах гээд баталж байдаг. Гэтэл төсөв жил болгон үүнийг зөрчих гээд байдаг учраас түрүүлээд тогтвортой байдлын хуулиа өөрчилдөг. Тэгэхээр эдийн засгийн төсөв санхүүгийн бодлого нь тогтворгүй байна гэсэн үг. Цаашид бид эдийн засгийг тогтвортой авч явах ёстой гэж шүүмжлэлтэй харж байна" гэв.
Төсвөөс гадна үйл ажиллагааны гүйцэтгэлийн тухайд тэрбээр "Засгийн газрын төвшинд хэлэлцүүлэг нь хангалтгүй хийгээд байгаа юм шиг надад санагдаж байгаа. 2022 оны Монгол улсын нэгдсэн төсөвт аудитын дүгнэлт гарсан байсан. Аудитын дүгнэлтийг харахад төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу яамны сайд нарын ажил нь хоорондоо уялдаа холбоогүй. Мөн үйл ажиллагааны үндсэн чиглэл дөрвөн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаа холбоо сул. Гүйцэтгэлийн үзүүлэлтээр хэмжих нэгж нь юу юм бэ гэдэг зүйлүүд нь тодорхойгүй байсан. Тэгэхээр энэ төсвийг боловсруулж байгаа процесс нь Засгийн газрын төвшиндөө маш бага хэлэлцэж байна гэж би бодож байгаа. Их хурлаар ороод ирэхээр 45 хоногийн турш олон удаагийн хэлэлцүүлэг болдог. Тэгэхээр их хурал руу орж ирэхээс өмнө Засгийн газрын хэлэлцүүлгийг бас илүү сайжруулах шаардлагатай болов уу гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.