Монгол Улсын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгыг дэмжих "Төлсөн авснаа нийтэл" эвслээс Коронавируст халдвар Ковид-19-ийн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг бүхэлд нь эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
"Төлсөн авснаа нийтэл" эвсэл нь эгнээндээ 30 гаруй ТББ-ыг нэгтгэсэн уул уурхайн салбараас орж байгаа орлогыг ил тод нээлттэй болгох, Засгийн газрын хүлээж авч байгаа компаниудын төлж байгаа төлбөр тэнцүү, ижил байх ёстой гэсэн үзэл баримтлалын хүрээнд ажилладаг ТББ юм байна.
Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж байгаа. Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад маш олон хууль тогтоомж, ОУ-ын хүний эрхийн хүрээнд болон биологийн төрөл зүйлийг хамгаалах, экологийн шударга ёсыг тогтоох чиглэлээр тогтоосон олон улсын гэрээ, конвенцыг зөрчсөн зэрэг эрсдэл, аюулыг дагуулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлах гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, уг хуулийн 2.3 дугаар заалтад Энэ хуулийн зохицуулалт бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэглэнэ гэснийг эсэргүүцэж байгаа гэлээ.
Тэд "Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авч, олборлолт явуулахад тухайн аймаг, нэгж, ард иргэдээс санал авахгүй гэсэн байна. Ямар ч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт байхгүй гэсэн үг. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд ямар ч хариуцлага алдсан байсан энэ хуулиараа л зохицуулагдана гэсэн байна. Энэ хуулийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ гэсэн байна. Энэ хугацаанд бүх тусгай зөвшөөрлүүд замбараагүй цахимаар ямар ч сонгон шалгаруулалт байхгүй явагдах бүрэн боломж бүрдэж байгаа. Энэ хуулийн 27.1 заалтад Тусгай хамгаалалттай газар нутаг болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг УИХ дэмжинэ гэсэн заалтыг бас эсэргүүцэж байгаа. Яагаад Монгол улсад засаг, захиргаа, орон нутгийн иргэд байхгүй мэт хуулийг ингэж өөрчилж, дураараа дургиж байгааг бид эсэргүүцэж байна. Одоо хуулиараа явж байгаа ашигт малтмалын болон газрын тосны компаниуд ямар их хохирол учруулж байгаа билээ. Өмнө нь учруулсан хохирлоо барагдуулаагүй.
Манай улсад ашигт малтмалын 920 зөвшөөрөл, гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 325, хамтарсан 141 лицензийг эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөл бидэнд багадаагүй. Хяналтаа ч тавьж чадахгүй хэр нь ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль батлах гэж байна. Уул уурхайн өрөмдлөг, газар ухсанаас болж манай улсад жилд 400-500 удаа газар хөдөлдөг болсон" гэлээ.
Халх гол, Буйр нуурыг хамгаалах хөдөлгөөний гүйцэтгэх захирал н.Ганцогт "Цар тахалтай тэмцэх, цар тахалтай үед эдийн засгийг үр өгөөжтэй болгох, төр засгийн шийдвэрийг ил тод болгосон, шийдвэр гаргах түргэн шуурхай болгосон, үр дүнтэй төлөвлөлтийг хийсэн, үр ашигггүй төлөвлөлтийг багасгасан хууль болох болов уу гэж бид бодож байсан. Харин энэ нь улам нийгмийг замбараагүй болгосон тусгай зөвшөөрлүүд хэр хэмжээгээ алдсан, эмзэг нийгэмд хар тамхи, мансууруулах бодис, казино, орно нутгийн дархан цаазат тусгай хамгаалалтай газрыг иргэдийн ямар ч хяналтгүй өгч маш том хохирол учруулахаар хууль болсон байна. Иймд бид эсэргүүцэж байна" гэлээ.
Тиймээс тэд
Нэгдүгээрт, бэлэнчлэх сэтгэлгээтэй буюу зөвхөн уул уурхай, байгалийн ашигт малтмалаа ашиглаж байгааг эсэргүүцэж, хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна.
Хоёрдугаарт, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмж хүргүүлэх байдлаар хуулиа дахин боловсруулахыг шаардаж байна гэв.
Тэд Засгийн газарт нээлттэй албан шаардлага хүргүүүлж байгаа юм.