Маргаашийн ЖДҮ форумд оролцож буй илтгэгчдийн хэлэлцүүлгээс…
Ковидийн дараа үүсч буй шинэ эдийн засаг болон бизнесийн нөхцөл байдал, хэрэглэгчийн зан төлөвт бизнесүүд хэрхэн дасан зохицож шинэ боломжийг нээх агуулгын хүрээнд ярилцлаа.
Илтгэгчид:
- Зангиа Портал ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвшинтулга
- Аксиом Инк ХХК-ийн захирал, багш Б.Нандин-Эрдэнэ
- Best хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд
- НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал
- Интерактив БИАИ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ч.Чимэддорж
- Хөх Үүр Тур ХХК үүсгэн байгуулагч Г.Чойжамц
-Ковидоос хойш компаниуд болон аль ч төрлийн бизнесүүд бага нөөц, жижиг бүтэцтэйгээр өндөр бүтээмж гаргах хандлага руу чиглэж байна. Үүнийг бий болгож болох хүний нөөцийн бодлого юу байж болох вэ?
АЖИЛТНУУД АЖЛЫН БАЙРНЫ ХОСОЛМОЛ ХЭЛБЭРИЙГ ШААРДАХ БОЛСОН
Зангиа Портал ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Түвшинтулга:
-Ковидийн нөхцөл байдалтай холбоотой ажлын байрны холимог тогтолцоо үүсээд байгаа юм. Гэрээсээ ажиллах, оффистоо суугаад ажиллах хэлбэрээр. Зөвхөн ковид ч гэлтгүй бүх цаг үед аливаа байгууллага бага зардлаар үр ашигтай ажиллах сонирхолтой байдаг. Цар тахлын нөлөө хүний нөөцөд хүчтэй нөлөөлж байгаа анзаарагдаж байна. Жишээ дурдвал, АНУ-д гэхэд том компаниуд маш олон ажилтнуудаа гэрээс нь ажиллуулсан. Харин энэ зунаас ажлын байрандаа ирж ажиллах боломж нь бүрдэхэд ажилтнууд нь очихгүй байсан. Зарим нь бүр ажлаасаа гаръя гэсэн байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдал Европт ч ажиглагдаад байгаа. Ингэснээр барууны эдийн засагт ажлын байрны асар их эрэлт хэрэгцээ гараад ирсэн. Хоосон ажлын байраар дүүрсэн гэсэн үг. Гэтэл нөгөө талд нь ажилгүй баахан хүн гараад ирсэн. Үүний учир нь гэрээсээ ажиллаад болоод байгаагаа мэдсэн хүмүүс хосолсон хэлбэрийг хүсээд байгаа хэрэг. Энэ нь орчин цагийн хүний нөөцийн түүхэнд тулгараад буй том асуудал юм. Урд нь бол хүний нөөцийн гол асуудал нь чадварлаг ажилтан сонгох, ажилтнаа сэтгэл ханамжтай байлгах зэрэг байлаа шүү дээ. Харин өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдэх арга зам нь технологи дээр суурилна. Гэрээсээ ажиллаж буй хүмүүсийн ажлын бүтээмжийг хянах зориулалттай компьютерын маусны хөдөлгөөнийг бүртгэх программууд гараад эхэлчихсэн байна. Энэ мэтчилэн ажилтнуудын хүссэн ажиллах хэлбэрт өөрчлөлт оруулах нэн шаардлага тулгарч буй юм.
-Ковидтой нүүр тулаад хоёр жил болчихлоо. Ковидийн дараах хямрал гээд л хөөсрөөд байна. Хямралд хамгийн эхэнд өртдөг зардал бол маркетингийн зардал шүү дээ. Хямралын дараа шинэ нөхцөлд дасан зохицоход маркетингийн зардлаа хямарч байна гэсэн хандлагаасаа болоод танасан байх ёстой юу? Энэ асуудал дээр арга барил хэлэхгүй юу?
ХЯМРАЛЫГ АШИГЛААД ӨСӨЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Аксиом Инк ХХК-ийн захирал багш Б.Нандин-Эрдэнэ:
-Хямрал нь тухайн компани хэр үр ашигтай байгааг л шалгадаг. Нөгөө талдаа хямрал өөрөө өөрчлөлтийг шаарддаг. Энэ их хямрал сорилыг даваад гарсан компаниуд цаашид илүү хөгжих байх. Цохиулаад унаж байгаа байгууллагууд цаашид угаасаа хөгжих боломжгүй байсан гэж харж болно. Өөрөөр хэлбэл ковидийн нөхцөл байдал шалгалт болж байгаа гэсэн үг.
Мөн энэ цар тахлын үе бидний өөрчлөлтийг хурдасгаж байгаа болохоос биш шалтгаан болж байгаа гэхэд хэцүү. Дижитал шилжилт гэдэг зүйлийг компаниуд хийх л ёстой байсан. Магадгүй арван жилийн дараа хийгдэх байсан үйл явцыг хоёр жил болгож хурдасгасан.Боловсролын салбарт гэхэд л анх интернет үүссэн цагаас эхлээд боловсрол интернет дээр суурилах ёстой гээд л ярьдаг байсан. Хэн ч хийгээгүй. Үүнийг өнөөгийн нөхцөл байдал хийж байна гэсэн үг.
Маркетингийн зардлын хувьд зарим компаниуд илүү хямралыг ашиглаад өсөлт хийж болно. Жишээ нь цахим худалдааны платформууд маш сайн өсөлт хийгээд уламжлалт бизнесүүдийг гүйцэд түрүүлэх боломж гараад ирж байна шүү дээ.
-Орон нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүст тулгарч байгаа гол асуудал нь юу байсан бэ? Түүнийг яаж даван туулах боломжтой талаар зөвлөгөө өгвөл?
ЗӨВХӨН МӨНГӨ ОЛОХ ГЭЖ БИЗНЕС ХИЙХ БИШ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙГӨӨ УЯЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Best хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд:
Орон нутагт дутагдаж байгаа зүйл бол мөнгө эсвэл санхүүжилт биш байсан. Гол нь шинэлэг мэдээлэл, шинэ арга барил хэрэгтэй юм билээ. Тэдгээр хүмүүс бизнесийн арга барил, менежментээ өөрчилчих юм бол тухайн талбар нь боломж бололцооны далай болж хувирч байгаа юм. Best хөтөлбөр үүнийг зохицуулах арга зам, гаргалгааг олохын тулд л ажиллаж байгаа.
Орон нутагт гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс дор хаяж долоон жил ажиллаж байж амьсгал авахтайгаа болж буй талаар ярьсан. Энэ нь стандарт хугацаа болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл долоон жил тогтвортой ажиллаж байж хямрал эрсдлийг ажрахгүй байдалд орж чадна гэсэн үг. Бизнесийг зөвхөн мөнгө олох гэж эхлүүлбэл удаан тогтнохгүй. Хүсэл мөрөөдөл, өөрийгөө илэрхийлэх байдалтай уялдуулж өгөх хэрэгтэй. Өнцөг чухал.
-Аливаа компани засаглалаа дараагийн түвшинд аваачихад хэдий хугацаа шаардагддаг вэ? Мөн ямар асуудлыг харгалзаж байж амжилттай болох вэ?
ӨВ ЗАЛГАМЖЛАГЧАА БЭЛДЭХИЙН ТУЛД ДОР ХАЯЖ ГУРВАН ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал:
Монгол Улсын эдийн засаг жаахан. Тиймээс бүх компаниуд өсөлтийн стратеги баримтлах нь зүй. Энэхүү стратеги нь
- Өсөлтийн үе
- Тогтворжилтын үе
- Гарах, эсвэл хаах гэсэн үе шаттайгаар явагддаг.
Засаглалын хувьд, 1990-ээд онд байгуулагдсан компаниуд хоёр дахь үе шатандаа оржээ. Энэ үеийн компанийн эзэд хоёр дахь үеэ бэлдэж эхэлсэн. Өв залгамжлагч гэсэн үг. Өв залгамжилж буй шинэ үеийн залуус компаниа цаашид авч явах том сорилтой тулгарч байна. Тиймээс гэр бүлийн бизнест зөвлөгөө өгөх хэрэгцээ гарч ирж байна. Яг энэ завсрын үед бизнесээ байгуулсан хүмүүс хүүхдээ голох зэрэг засаглал өмчлөлийн асар их асуудлууд тулгардаг. Тиймээс залгамж халаагаа бэлдэх асуудал маш чухал. Үүнийг нэг жил эсвэл хэдхэн сарын дотор хийдэг ажил биш. Зарим алдартай компаниуд өв залгамжлагчаа зургаан жил бэлддэг шүү дээ. Ингэж байж шилжилтийн үе шат боломжийн түвшинд явагдана.
-Бизнесээ цахимжуулна гэж юуг хэлэх вэ? Манай үзэгчдэд тодорхой талбарлаад өгөхгүй юу? Цахим шилжилтийг юунаас эхлэх ёстой вэ?
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТЭД ОРСНООР 100 ХҮНИЙ ХИЙХ АЖЛЫГ АРВАН ХҮН ХИЙНЭ
Интерактив БИАИ ХХК-ийн үүсгэн байгуулагч Ерөнхий захирал Ч.Чимэддорж:
-Мэдээж бүх компаниуд ижил түвшинд биш. Өөр өөр шаардлагууд байна шүү дээ. Жижиг компаниудын хувьд тоног төхөөрөмж шаардахгүй гар утсан дээрх программуудыг ашиглавал илүү амар. Мөн хэрэглэхэд хялбар энгийн байх хэрэгтэй шүү дээ. Хүний нөөц дээр жишээлээд яривал, шинээр орж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг нь байгуулаад өгчихдөг байх хэрэгтэй. Эсвэл 30-40 ажилтантайгаа хуралдаж цаг үрэлгүй тухайн ажилтныг юу хийх ёстойг зааварчилдаг программ байвал амар байна. Энэ мэтчилэн аливаа үйл ажиллагааг хөнгөвчилсөн хэлбэрт шилжихийг хэлээд байгаа юм. Ингэснээр 100 хүний хийдэг ажлыг арван хүн хийх боломжтой болно.
-Гарааны бизнес эрхлэгчдэд ямар шинэ боломжууд гарч ирж байна вэ?
ЦАР ТАХАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ДАДЛАГАЖИХ БОЛОМЖ ОЛГОСОН
Хөх Үүр Тур ХХК үүсгэн байгуулагч Г.Чойжамц:
-Хүнсний салбарт гарааны бизнес эрхлэгчид ихээр төрж байгаа анзаарагддаг. Энэ салбарынхан аливаа эрсдэлд орох нь бага. Өөрөөр хэлбэл хүнс ямар ч үед хэрэглээнээс гарахгүй. Үүнийг бизнес эрхлэгчид анзаарсан болов уу гэж бодож байна.
Тэгэхээр бизнес эрхлэгчид хямралтай нүүр тулж, өнөөгийн нөхцөл шиг хүнд үе дахин тулгарахад яах ёстойгоо ойлгож авсан байх гэж бодож байна. Энэ нь нэг талаараа дадлагажих боломж бүрдэж байна гэсэн үг. Миний хувьд хүнсний салбарт ажиллаж байгаа учраас ковидийг боломж гэж харж байна. Учир нь дэлхий нийтээрээ органик хүнсний үнэ цэнийг мэдэрч эхэллээ. Үүнийг ашиглаад үндэсний эко бүтээгдэхүүнүүдээ экспортлох боломж бүрдэж байгаа юм. Мэдээж ингэхийн тулд асуудлууд гарах ч шийдэх арга зам нь байж л таараа.