Нийслэлийн онцгой комиссоос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж болон эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээллээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
Халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Нийслэлийн халдварын тархалтын байдлыг ажиглахад сүүлийн сарын хугацаанд тархалт огцом нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлэлт, тусгаарлах байрнаас халдвар ихээхэн тархсан. Халдвар нэмэгдсэн долоо хоногоос дархлаажуулалт ч багассан. Мөн хоёр болон гурав дахь тунгийн идэвх багассан байна. Гуравдугаар тунд хамрагдаж байж эрсдэл багасна. Сүүлийн дөрвөн долоо хоногт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд нөхцөл байдалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 5986 ор бий. Гэтэл 109 хувийн илүү ачаалалтай ажиллаж байна. Яармаг дахь НЗДТГ-ын шинэ байранд дэлгэсэн 120 орыг Хан-Уул дүүрэг дэх эмнэлэг рүү шилжүүлнэ. Үүнд 500 орчим сая төгрөг хэрэг болно.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
Мутацад орсон вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-өөс 21 хоног болтлоо уртассан. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой. Үлдсэн 20 хувь нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс бий. Орны тоог нэмэхгүй байгаа шалтгаан нь хүн хүчтэй холбоотой. Ор олноор нь дэлгэх нөхцөл мөн одоогоор хомс байна. Нийслэлд сүүлд 152 ор шинээр дэлгэсэн ба дахин 300 орыг аравдугаар сарын 1-нээс дэлгэнэ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай 150 хүн байна. Өнөөдөр нийслэлд 2000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ.
НОБГ-ын Д.Оюунбат:
Цэцэрлэгийн 111 багш, 138 ажилтан, 72 хүүхдээс халдвар илэрсний улмаас таван цэцэрлэг бүрэн, 67 цэцэрлэг хэсэгчлэн цахимд шилжсэн. Сургуулийн 144 багш, 51 ажилтан, 471 хүүхэд халдвар авчээ. Үүний улмаас хоёр сургуулийг бүрэн, 28 сургуулийг хэсэгчилсэн байдлаар цахимд шилжүүлсэн.