Манай Өрөг.мн сайт 2020 оны гуравдугаар сард “Хөгжлийн бэрхшээлтэй ТӨР” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэсэн. Энэ нэвтрүүлгийн мөрөөр эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах таатай орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ талаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтан Ш.Ирээдүй “Бага байхдаа саа өвчнөөр өвдсөн. Үлдэц гэж ярьдаг шүү дээ тэр нь хоёр хөлд үлдээд наймдугаар анги төгсөөд л тэргэнцэр дээр сууж эхэлсэн. Түүнээс хойш байнга тэргэнцэртэйгээ нийгмийн харилцаанд ороод явж байна. Миний хувьд 2010 оны үед оюутан болоод төгсөөд ажлын байр хайгаад явж байх үед нэг хэсэг ажил ерөөсөө олддоггүй байсан. Тухайн үеийн хүмүүсийн хандлага, нийгмийн хүлээж авч байгаа байдал, байгууллагын дэд бүтцээсээ ч болдог уу хүмүүс бид нарыг тэр тусмаа тэргэнцэртэй иргэдийг ажилд авах тал дээр хүртээмжгүй байсан” гэлээ.
Тэрбээр сарын өмнөөс эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт угтах үйлчилгээний ажилтан хийж байна. “Өмнө нь бол улсын байгууллагад ажиллаж байгаагүй болохоор ажилласан жил гэж байхгүй. Нөгөө л халамжийнхаа хэдэн төгрөгийг хараад амьдардаг байсан бол одоо болохоор төрийн байгууллагад ороод тогтвортой ажлын байртай болсны дараа гэр бүлийн хувьд тогтмол орлого ч нэмэгдэж байна. Цалинтай болж өрхийн орлого өссөнөөр гэр бүлд минь эерэгээр нөлөөлж сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 80-аад ажилтантай. Ш.Ирээдүйгийн хувьд хамт олон, залуучуудтай хамтарч ажиллахад сэтгэл өндөр байгаа гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Нийгэмд эзлэх байр суурь хувь хүнд дутагдаад байдаг шүү дээ. Гарч, орж чадахгүй сэтгэл санаагаар унах үе байсан. Ажилд ороод нийгэмд оролцож өөрийн гэсэн байр суурьтай болоод ирэхээр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй талаас нь харахгүй яг л бусдын адилаар харж ажлаа зорилго болгочихсон явж байна” гэлээ.
Энэ талаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан “Өрөг.мн сайт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндсөн нэвтрүүлэг гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажиллаж амьдрах эрхийг хангах, нийгэмд тэгш оролцох боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэсэн маш олон бичиг баримтуудад заасан байдаг боловч энэ нь бодит байдал дээр төдийлөн хэрэгждэггүй. Тийм болохоор бид нар шинэ байгууллагын хувьд төрийн байгууллагуудад шинэ жишиг тогтооё, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адилхан ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох нөхцөлийг бүрдүүлээсэй гэж энэ санаачилгыг гаргасан” гэв.
Мөн Ш.Ирээдүй “Сэтгэл маш өндөр байгаа. Бие засах өрөө зориулалтын, том цахилгаан шаттай учраас гарч ороход ямар ч асуудалгүй. Би бусдын л адил өдөр тутамдаа ажлаа хийгээд явж чадаж байгаа шиг тэргэнцэртэй гэлтгүй харааны, сонсголын бэрхшээлтэй хүмүүст тухайн хүнд тохирсон ажлын байрны тохируулга л хийгээд өгчихвөл бид цаашдаа бусадтай л адил нийгэмдээ хувь нэмрээ оруулаад, оролцоод явж чадна гэж харж байна” гэж санал бодлоо бидэнтэй хуваалцсан юм.