Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа "Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны долоодугаар сарын 2-нд УИХ-аар батлагдаж, долоодугаар сарын 6-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Наймдугаар сарын 25-ны байдлаар уг хуулийн хэрэгжилтийн нийт тоон мэдээг хүргэе.
Хэд хэдэн зүйлийг тодруулж хэлье. Хуулийн гуравдугаар зүйл дээр хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээг зааж өгсөн. Үүний хүрээнд нийтдээ гурван төрлийн эрүүгийн хэргээр ял аваад байсан хүмүүс энэхүү Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа.
"Өршөөл үзүүлэх тухай хууль"-д:
- 2017 оны зургадугаар сарын 30-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн
- 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн
- 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн иргэн хуулийн этгээд энэ өршөөлд хамрагдаж байгаа
Хуулийн есдүгээр зүйл дээр өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл зүйлийг зааж өгсөн. Үүнд олон хэргүүд байгаа. Үүнд,
- Бусдын эр хөрөнгийг залилсан залилангын гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй
- Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн бол энэ өршөөлд хамрагдахгүй
- Албан тушаалын гэмт хэрэг өршөөлд хамрагдахгүй байгааг онцолж хэлэх нь зөв.
Хуулийн 11 дүгээр зүйлд хохирол барагдуулах, нөхөн төлөх гэсэн зүйл заалт байгаа.
Өршөөл үзүүлэх тухай 1991, 1996, 2006, 2009, 2015 онд батлагдсан хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг хамруулахгүй байхаар тогтоожээ.
Шүүхээс өршөөл үзүүлэх тухай хуулийн
- 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1897 ялтныг өршөөн хэлтрүүлсэн.
- 5-р зүйлийн 5.1-5.3 зүйлд зааснаар 499 хүнд холбогдох 425 хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон.
- 6-р зүйлийн 6.1-6.3 дахь зүйлд зааснаар 602 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдсан.
- 7-р зүйлийн 7.1-7.3 зүйлд зааснаар 1061 ялтанд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хассан.
- 8-р зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 879 хүнд холбогдох 873 хэргийг өршөөн шийтгэлээс чөлөөлсөн.
Нийт давхардсан тоогоор өршөөл үзүүлэх хуульд 4938 хүн хамрагдсан байна.
Хорих ялаас өршөөн хэлтрүүлснээр суллагдсан иргэд /нийт 253/ :
- Насанд хүрээгүй – 1
- Эмэгтэй – 7
- Эрэгтэй – 245 байна.
Урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн эсэхээр нь ангилбал
- Анх удаа – 160
- 2 удаа – 50
- 3-с дээш удаа – 43
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ хүний аминд санамсаргүйгээр хүрсэн иргэд өршөөлийн хуульд хамрагдсан" гэлээ.