Бие давхар байхдаа ковидоор өвчилж 17 хоног ухаангүй байсан эмэгтэйг ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд аварчээ. Бид Ц.Гантулга гэх энэхүү эмэгтэйтэй ковидын үеийн хүндрэлийн талаар ярилцаж, эмч мэргэжилтнүүдэд талархсан сэтгэлийг нь сонслоо.
Тэрбээр, “Би 35 настай, таван хүүхэдтэй. Сая ковидын үед нялхыгаа төрүүлсэн юм. Коронавирус нь жирэмсний үед хурдан хүндэрдэг юм байна. Анх халдварласнаа мэдэхэд хорооноос, “Таныг эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ” гэсэн юм. Гэсэн ч хорооны эмч ирж нэг удаа л үзсэн. Эмнэлгийн үйл ажиллагааг үнэхээр муу гэж хэлэх байна. Хүмүүс ковидоор өвчлөөд хорооны эмнэлэг дээр хугацаа алдаж өвчнөө хүндрүүлж байна шүү дээ.
Миний хувьд амьсгалын гүн дутагдалд ороод, хүүхэд маань дутуу төрсөн. Төрснийхөө дараа шууд эрчимтийн тасаг руу шилжсэн. Энэ үйл явдлыг санахгүй байгаа юм. 17 хоног ухаангүй байсан гэсэн. Тэр үед сэхээнд байсан дөрвөн эмэгтэй ковидын хүндрэлээр нас барсан.
Хүмүүс ковидын үед эмч нар муу ажиллаж байна гэж ойлгох нь өрөөсгөл. Эмч нарт бүх хэрэгтэй эм тариаг нь ЭМЯ, ЗГ-аас өгөх хэрэгтэй байна. Эмч нар үнэхээр мундаг гэдгийг би харлаа. Дэлхийд маш хүчтэй зургаан антибиотек байдаг гэнэ. Тэдний нэг болох дуслыг л хийх эцсийн найдвар байна гээд ЭХЭМҮТ-ийн н.Зандан эмч эмнэлгээрээ хайж явсаар байгаад ганцхан ширхэгийг олж ирсэн. Тэр дусал гадуур их ховор байдаг юм билээ. Маш үнэтэй учраас олдохгүй. Тэр эм тариаг хийгээд л би босоод ирчихсэн байна шүү дээ. Зөв эмчилгээг ухаанаа уралдуулж хийсэн бүх эмч сувилагч нараар бахархаж байна.
Мөн мэргэжлийн бус, зөвхөн эх барихаар мэргэшсэн эмч нар намайг ковидоос аварчихсан, таван хүүхдэд минь хүргэж байна шүү дээ. Би дөнгөж төрөөд хүүхдээ уйлж байхыг л харсан. Бусдаар юу ч хараагүй. Тэгэхэд одоо би ингээд сууж байна гэдэг гайхамшиг. ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээнд намайг эмчилсэн эмч, сувилагч, асрагч нартаа үнэхээр баярласнаа хэлмээр байна. Хүмүүст ч гэсэн мэдүүлмээр байна” гэлээ.