Энэ жил үерийн улмаас болон орон нутгаар аялж зугаалсан иргэдийн машины моторын хэсгээр дамжин бамбай хоншоорт могой суурьшлын бүсэд орж ирэх нь элбэг байгаа билээ. Цахим сүлжээгээр хүүхдийн тоглоомын талбайд энэхүү могой байна гэх мэдээллүүд олны анхаарлыг татаад буй юм. Бид НБОГ-ын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас энэ талаар тодрууллаа.
Тэрбээр, “2020 онд бид могойнд хатгуулсан гэх 30 удаагийн дуудлага хүлээн авсан бол 2021 онд 20 гаруй дуудлага хүлээн аваад байна. Улаанбаатар хотод 2 төрлийн могой тархсан байгаа. Энэ нь Бамбай хоншоорт, Рашааны гэсэн хоёр зүйлийн могой юм. Бамбай хошуут могойн хэмжээ харилцан адилгүй. 60-70 см, уртдаа метр хүртэл хэмжээтэй байна. Зарим байрны гадаа өвс их өндөр ургасан байдаг. Үүнийг тайралт хийх хэрэгтэй. Хүнд харагдахуйц болгох хэрэгтэй байгаа юм.
Могой харсан тохиолдолд яаралтай НБОГ-ын 323780, ажлын бус цагаар шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 31005 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай. Дуудлагаа өгчхөөд могойгоо торгоогоод байж байх нь зүй. Учир нь бид очоод хайх шаардлага гардаг. Олохгүй байх тохиолдол ч бий.
Харин хатгуулсан тохиолдолд шингэн зүйл сайн уух, хөдөлгөөн бага хийхийг зөвлөе. Эмнэлгийн тусламж ирэх хүртэл шүү дээ” гэлээ.
Мөн ГССҮТ-ийн эпидемиологич Г.Хулан
ГССҮТ-ийн хэмжээнд могойд хатгуулсан шалтгаанаар 24 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү тохиолдол нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. 24 тохиолдлын 1/3 нь хотын ойр орчим буюу Шувуун фабрик, Найрамдал, Богд-Уул зэрэгт могойд хатгуулсан байгаа. Мөн энэ 24 тохиолдлоос хоёр иргэн хортой могойд хатгуулж нас барсан байдаг.
Харин могойд хатгуулсан тохиолдолд ямар эрсдэл үүсч болох талаар ГССҮТ-ийн их эмч Б.Энхбаатараас тодрууллаа.
Могойд хатгуулах юм бол заавал эмнэлэгт хандаж анхан шатны тусламж авна. Могойд хатгуулах нь хүний биед маш хортой. Хазуулсан хэсэгт нь шарх үүснэ, хавдана, улайна, үрэвслийн шинж тэмдгүүд явагдана. Мөн амь насанд хүрэх аюултай.