Бид “Гашуун яриа” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг үзэгч танд хүргэж байна. Манай нэвтрүүлгийн дугаарт комедиан Д. Амартүвшин уригдаж оролцлоо. “Хүн алдах эрхтэй ч алдаж болохгүй зүйл гэж бий. Миний хувьд эрх чөлөөгөө л алдаж болохгүй гэж боддог” хэмээн ярьсан түүний амьдралыг харах өнцөг болоод үзэл бодлыг шингээсэн ярилцлагыг хүлээн авна уу.
–Ярилцлагаа таны бага наснаас эхлүүлье. Ямар зан араншинтай хүүхэд байв даа?
Би хүүхэд насаа Дарь-Эхэд өнгөрүүлсэн дээ. 48 дугаар сургуульд наймдугаар анги хүртлээ сураад 11 дүгээр сургуулийг төгссөн. Миний хувьд маш сахилгагүй хүүхэд байсан. Сахилгагүй гэдэг нь зодоон цохион хийгээд, архи уудаг гэхээсээ илүү цайлган цагаан гэмгүй сахилгагүй хүүхэд байлаа. Манай тэр хавийнхны амьдрал 2000-аад оны эхээр үнэхээр хэцүүдсэн. Манай гэрийн хойно цагаан давааны хогийн цэг гэж байдаг. Тэнд анх удаа хүмүүс амьдарч эхэлж байсан үе. Харин манай дээд талд хүмүүс нүх ухаж амьдардаг болсон юм. Зарим айл нь туйлын ядуу байсан. Хүүхдүүд нь нүүрс хулгай хийгээд зарж амьдардаг. Түүнээс болоод зарим нэг хүүхдүүд вагон доогуур орж нас барж байсан. Зарим нь хөлгүй ч болж байлаа. Тийм тохиолдлууд маш их гарч байсан. Бие биенийхээ зүйлсийг хулгай хийдэг. Манайд л гэхэд усны тэрэг тэсдэггүй байлаа шүү дээ. Шөнө орж ирээд л авчихдаг байсан. Гэр хорооллын хүүхдийн ажил барагдахгүй шүү дээ. Би гайгүй ажилсаг талдаа. Манай аав ээж хоёр намайг залхуу гэдэг юм. Би өөрийгөө дотроо ажилсаг гэж бодоод байдаг.
–Амьдралын бололцоо тааруухан үедээ нийлж байсан багын найзуудтайгаа холбоотой байдаг уу?
Бага байхад найз гэдэг маш чухал байдаг. Харин том болоод ирэхээр гэр бүл нь илүү чухал болдог байх. Миний хувьд одоо багын найз гээд байх хүн байхгүй. Миний үеийнхэн дунд “аа анд минь” гээд л гэр орон, хүүхдээ хаяад л явж байгаа хүн бараг л байхгүй шүү дээ. Тэгэхээр нөхөрлөл гэдэг тухайн үедээ сайхан дурсамжуудыг л бүтээж үлдээдэг. Одоо бол ашиг сонирхлын найзууд, үзэл санааны найз, архины найз гээд янз бүрийн хүмүүстэй нөхөрлөдөг. Иймэрхүү найзууд болоод хуваагдчихдаг л юм байна билээ.
–“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний хүрээнд олны анхаарлыг татаад байсан шүү дээ. Энэ талаараа ярихгүй юу?
Багаасаа л балай юм хийгээд, багш нартайгаа муудалцаад явдаг байлаа. Жаахан хэл амтай хүүхэд байсан. Их сургуульд байхдаа хүртэл их хэл ам хийдэг байсан. Багш нартаа, “багшаа наадахыгаа канондчих л доо, бид нараар ингэж цээж бичиг бичүүлж байхаар” гэж хэлээд л. Манай ангийн хүүхдүүд “Чимээгүй байгаач ээ тэнэг ээ” энэ тэр гээд их л хэл ам болдог байлаа.
Сая бол яалт ч үгүй савлагаа хөдөлсөн л дөө. Ямар ч мөнгөгүй болж, амьдрал үнэхээр хэцүүдчихсэн. Манайхыг халдвар хамгааллын дэглэмээ барь гээд хаагаад хаячихсан шүү дээ. Тэгээд явж байсан чинь бөөн хүмүүс зах дээр байгаа юм шиг бужигнангуут нь савлагаа хөдлөөд орилчихсон чинь л цагдаад баригдчихсан. Хөдөлгөөний үеэр, “Зүгээр бид нар өөрсдөө амьдралаа аваад явчихъя, та нар жоохон байж бай. Самрахгүй, зүгээр л суучих тэгэх үү. Юу ч хийгээд хэрэггүй. Бид нар өөрсдийнхөө амьдралыг аваад явчихна” гэдэг л уриалга хэлсэн. Яг хүмүүсийн бодож байсан, бугларчихсан зүйлийг хэлсэн дээ л олны анхаарлыг татсан байх.
–Охиныхоо ээжтэй хэзээ танилцаж байв? Яагаад салсан юм бэ?
Бид хоёр нэг клубд явдаг байсан. Ингээд танилцаад их л хайртай болж байсан юм. Яг салж байх мөчид бол маш хэцүү байсан. Бараг зургаан сар шахуу сэтгэл санаагаар унаад, нойргүй хонодог байлаа. Хүмүүс харилцаа үүсгэхээсээ өмнө эхлээд өөрсдийнхөө сэтгэл зүйг нэг харчихмаар, анхаармаар юм байна билээ. Ер нь сэтгэл зүйн асуудалтай хүн чинь сэтгэл зүйн асуудалтай хүнээ л олдог. Хүн ихэвчлэн бага насандаа авсан сэтгэл зүйн асуудал, тэр бүх зүйлээ том болоод харилцаан дээрээ гаргаж байдаг. Ихэнхдээ нөгөө хүн рүү буруугаа чихэхээс өмнө өөрт их асуудал байдаг юм байна гэдгийг олж харсан. Бидний дунд үл ойлголцоон их гардаг байсан. Удалгүй гадагшаа сурахаар яваад л салчихсан. Ингээд би 10 сартай охинтойгоо үлдсэн юм.
Хүн архи ууж сэтгэл санаагаа тайвшруулах гээд байдаг. Энэ нь их буруу санагддаг. Асуудлаасаа зугтаад байгаагийн нэг хэлбэр. Хичнээн дотор хар юм зурж байсан ч гэсэн хамаагүй. Эрүүлээр нүүр тулж, үзэх ёстой юм байна билээ. Зовж байхдаа би л ингэж зовоод байна гэж боддог байлаа. Гэтэл яг үнэндээ бүх л хүн зовж байдаг шүү дээ.
Шекспир хэлсэн байдаг шүү дээ. Бид нарын гунигт зовлонт амьдрал чинь ерөөсөө, бид нарын ойлгоогүй инээдтэй түүхүүд гэж хэлсэн байдаг. Тэгэхээр миний энэ зовлонт түүхүүд бол бүгд л инээдтэй түүхүүд юм даа.
–Охиныгоо 10 сартай байхаас нь ганцаараа өсгөжээ. Хэцүү санагдах үе байсан байлгүй?
Хүмүүсийн дунд буруу ойлголт байгаад байдаг. Амараа л ганцаараа хүүхдээ өсгөөд шуурган дунд алхаад байгаа юм шиг. Үгүй шүү дээ. Маш олон хүмүүс тусалж байгаа. Туслах хүмүүс байгаагүй бол би хэзээ ч хүүхдээ өсгөж чадахгүй шүү дээ. Охиныгоо томрох тусам бид хоёр яг хосууд шиг харилцаад байгаа. Маргалдаж тэврэлдээд л. Хүүхэд хүмүүжүүлэх ном унших гэхээсээ илүү хүүхдийг хайрлах л ёстой. Хайрлах, анхаарлаа хандуулах. Тэгээд л боллоо. Хайрлах гэдэг чинь өөрөө хүүхдийг сэтгэлзүйн хувьд эрүүл болгодог.
Хүнд ер нь хэлээд юу ч ойлгодоггүй юм байна билээ. Яс махаараа мэдрээд, чимхүүлээд ирсэн цагтаа л ойлгодог. Хүүхдээ тэвэрчихсэн сууж байхдаа ч юм уу. Аав ээж хоёр намайг “Хулгайчаа чи” гээд л загнаж байхад хайр яриад л явдаг байв. Тэгээд яг хүүхдээ уйлаад ч юм уу, амьдрал дээр тулаад ирэхэд хүн яг ойлгодог. Нээрээ ёстой зөв байсан байна шүү, ээж яг үнэн хэлж байж. Өглөө дулаахан хувцаслаад гардаг байж. Ингэж нус нулимстайгаа холилдож, халуурч хэвтэхээ мэдсэн бол гээд боддог. Хүн бол яг тэгж л ойлгодог юм байна билээ. Нийгэм ч гэсэн ялгаа байхгүй. Нийгэм өөрөө тэр давж гарах ёстой юмнуудаа давж гарч байж л ойлгоно. Түүнээс өмнө хичнээн ухаантай хүн гарч ирээд та нар тэнэг байна гэж хэлээд ойлгохгүй.
–Таны амьдралыг харах өнцөг юун тулгуурладаг вэ? Хүн алдах эрхтэй ч алдаж болохгүй зүйл гэж байдаг. Таны хувьд алдаж болохгүй зүйл гэвэл юуг хэлэх вэ?
Либерал үзэл санаан дээр миний амьдралыг харах өнцөг чинь тулгуурладаг. Хувь хүний эрх чөлөө, хүний хувийн өмчийг дээдлэх үзэл дээр тулгуурлаж явдаг гэсэн үг. Их сургуулийн 3 дугаар курсээсээ энэ үзлийг сонирхож эхэлсэн. Тиймдээ ч алдаж болохгүй зүйл гэвэл, хүн эрх чөлөөгөө л алдаж болохгүй. Эрх чөлөө гэхээр хүмүүсийн чихний хажуугаар өнгөрөөд л явчихдаг. Ажил амьдралдаа дарагдаад эрх чөлөөнийхөө үнэ цэнийг ойшоодоггүй болчихсон юм шиг санагддаг.