Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажилласан. Тэрээр "Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй аюулгүй байдал, чанар, эмийн үнэ өртөг, стандарт зэрэг анхаарал татсан асуудал байдаг. Эдгээрийг цогцоор нь хариуцахаар танай байгууллага 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Ковидийн үед импортын эмийн бүртгэл, чанар, үнэтэй холбоотой асуудал байна. Бөөний төвд 180 мянган төгрөгөөр худалдаалдаг эмийг эмийн санд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээтэй.
Эмийн хангалт, нийлүүлэлтийг танайх цогцоор нь шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн хэдий ч асуудлууд байсаар байна. ЭМЯ-наас ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн жагсаалт авахад хоёр компанийн нэр л ирсэн.
Яагаад эмийн үнийн их зөрүү байна, яагаад хэдхэн компани эм оруулж ирж байна вэ гэх асуудал байна. ЭМ-ийн даатгалаар чанаргүй эм олгодгийг зогсоох ёстой. Лабораторийнхоо үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Орон нутагт эмийн хэрэгслийн хангалтыг тасалдуулж болохгүй. Танай ажлыг УОК хийж байна. Чиг үүргээ тодорхой болгож, хариуцлагатай байх хэрэгтэй. 18 аймагт хүчил төрөгчийн үйл ажиллагааг бий болгож байна. УОК энэ арга хэмжээг авч байна. Цаашид танай байгууллага үүнд хариуцлагатай байхыг хүсье" гэлээ.
Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан вирусийн эсрэг гурван төрлийн эм, РНХ ялгах кит, ПГУ оношлуур, антиген суурьтай түргэвчилсэн оношлуурыг нэгдсэн тендэрээр худалдан авахаар зарласан тухай танилцууллаа.
Мөн тэрээр "Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр моноклон эсрэг биеийг коронавируст халдварын эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Одоогоор таван төрлийн моноклон эсрэг биеийг Америкийн Хүнс, эмийн агентлаг болон Европын эмийн агентлаг зөвшөөрсөн байгаа. Бид ч мөн нарийн судалж байна.
Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 6-нд ДЭМБ тоцилизумаб эсрэг биеийг хүнд өвчтөнүүдэд хэрэглэх нь үр дүнтэй байна хэмээн үзэж, яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. Дэлхий даяар энэхүү эмийн нөөц хомс байгаа. Тухайн эмийн үйлдвэртэй холбогдоход эхний ээлжид 2000 ширхгийг нийлүүлэх боломжтой байгаагаа хэлсэн. Энэ нь 400 орчим хүн тун болно. Ширхэг бүрийн үнэ нь 315 мянган төгрөг. Иймд 630 сая төгрөгөөр ойрын хугацаанд худалдан авч, тоцилизумаб буюу ДЭМБ-ын хамгийн сүүлд зөвшөөрөл олгосон шинэ эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ.