Энэ цаг үед ургамал тоосны харшилтай иргэдийн харшил хүндэрснээр эмнэлгийн ачаалал ихэсдэг. Тиймээс гэрийн нөхцөлд харшлаа багасгах эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
АӨСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Батцэцэг
Харшил гэдэг нь яг биеэ даасан өвчин биш. Харшил гэдэг нь урвал шинж тэмдэг. Харшил төрүүлэгчээс хамаараад хэдэн ч төрөл байж болно. Харшлын урвалын хувьд дөрвөн төрлийн урвал байдаг. Мэдээж урвалдаа таарсан эмчилгээг эмч нар л хийнэ. Ард түмэнд хэлэхэд аливаа өвчинг эмчээр оношлуулж үзлэг хийлгэх нь зүй.
Гэрийн нөхцөлд, юунаас харшилтайгаа мэдсэн бол харшил төрүүлэгчээс зайлсхийх аргаа л хэрэглэнэ. Манай эмнэлэг үндсэн хоёр төрлийн харшлын сорил хийдэг. Арьс хатгах сорил, цусаар авах сорил хийдэг. Аль аль нь даатгалд хамрагдсан байгаа. 03 дугаар тогтоолын дагуу тодорхой хувийг иргэн өөрөө. Ихэнх хувийг даатгалаас төлөх ёстой байгаа. Тэр зарчмаараа яваад оношилгоо шинжилгээнд хамрагдаж болно. Ургамлын тоосны хувьд тоосоо гөвдөг цагууд гэж бий. Үүрийн 4-6 цаг, 8 цаг. Орой 17-20 цагуудад илүү гөвдөг учраас цонхоо хаах юм бол агаараар орж ирж байгаа харшил төрүүлэгчийн хэмжээ багасаад ирэнгүүт зовиур багасна. Эмийн сангуудад жоргүй олгодог харшлын эмнүүд байдаг шүү дээ. Тэдгээр эмнүүдээс ууж болно.