13 настай А.Гэгээн үеийн охиддоо зориулан уруул өнгөлөгч, уруулын тэжээл болон уруул гуужуулагч хийж, хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. А.Гэгээн “Үнсье beauty” нэртэй пэйж хуудас нээн, өөрөө хөтлөн, бүтээгдэхүүнээ онлайн дэлгүүр хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэдэг. Өсвөр насны охидод зориулснаараа онцлог бүтээгдэхүүнүүдийнх нь сав, баглаа, боодол нь эгдүүтэй чамин. Мөн тэрээр бүтээгдэхүүнээ багцлан гоёхон уут, амтат чихрийн цуглуулга дагалдуулж үйлчлүүлэгчдээ баярлуулдаг юм билээ. Монголын гоо сайхны бизнест 13-хан насандаа хүч үзэж яваа А.Гэгээнийг “Global Press Journal”-д “Монголд өсвөр насныхан гоо сайхны бизнест чөлөөт цагаа зарцуулж байна” хэмээн онцолж байсан билээ.
Дэлгэрэнгүй видеог ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан бэ?
-Сайн байна уу? Намайг А.Гэгээн гэдэг. Би Kings kids сургуулийн наймдугаар ангийн сурагч, 13 настай. “Үнсье beauty” нэртэй жижиг дэлгүүр ажиллуулдаг. Өсвөр насандаа орж эхэлж байгаа болохоор уруул өнгөлөгч түрхэх, үүрээ будах сонирхолтой болсон. Бас үеийн охидууддаа зориулаад хөөрхөн загвартай бүтээгдэхүүнүүд хийвэл ямар вэ гэж бодоод анх дэлгүүрийнхээ санааг олж байсан. 2020 оны наймдугаар сард анхны түүхий эд, бүтээгдэхүүнүүдээ ээжээсээ мөнгө зээлж аваад өөрийн гараар хэдэн бүтээгдэхүүн хийж үзээд дэлгүүрээ нээсэн.
-Уруул өнгөлөгч хийж эхлэхэд хүндрэлтэй зүйлс байв уу. Анхны бүтээгдэхүүнээ гаргаж авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Шууд түүхий эдээ аваад нэг бүтээгдэхүүн хийж үзтэл бүтээгүй. Анхных болохоор жаахан сэтгэл дундуур байсан ч дараа нь бусдын аргаар биш өөрийнхөө аргаар хийж эхлээд өөрийн гэсэн бүтээгдэхүүнүүдтэй болж баярлаж байсан.
Гадуур том хүмүүст зориулсан уруулын бүтээгдэхүүн, нүүрний будаг байдаг. Би тэрийг хэрэглэхээр надад харшил өгнө. Эсвэл хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй бүтээгдэхүүнүүд байдаг. Харшилтай болон бүх насныханд зориулсан хүүхдийн бүтээгдэхүүн гаргая гээд анх санаагаа олж байсан. Би бүтээгдэхүүнүүдээ хичээлийнхээ хажуугаар хийдэг. Өглөө 08:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл хичээлдээ суугаад дараа нь гэрээ янзлан, даалгавраа хийн гээд зөндөө ажилтай. Ажлынхаа хажуугаар үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг аваад хариуцлагатай байхыг хичээдэг.
-Шантрах үе байсан уу?
-Хоёр, гурван удаа бүүр больё доо, дэлгүүртэй, дэлгүүргүй би явж л байна гэж бодсон. Гэхдээ нэг эхэлсэн ажлаа заавал дуусгая. Нэгэнт аав, ээжийнхээ дэмжлэгээр дэлгүүр нээж байгаа. Миний найзууд ч гэсэн намайг дэмжиж, хүмүүс монгол даяараа дэмжиж, миний бүтээгдэхүүнүүдийг аваад, 13 настай охин өөрийн гараар бүтээгдэхүүн хийсэн гээд дэмжиж байхад би жаахан зүйлээс болж шантарч, дэлгүүрээ хааж болохгүй гэж би өөртөө дэмжлэг өгдөг.
-Бүтээгдэхүүний чамин гоё сав баглаа боодол шууд л нүдэнд содон туссан шүү?
-Интернетээр зөндөө сав баглаанууд бий. Миний насны охин хэрвээ би байсан бол энэ дэлгүүр ямар сав баглаатай байвал авах байсан бол гэж бодоод хамгийн хөөрхөн, чамин миний насны охид болон ер нь бүх насныхан хэрэглэхэд гоё, тохиромжтой савнууд авахыг хичээдэг.
Би АНУ-аас шинэ чихрүүд захиалж авчирдаг. Манай үйлчлүүлэгчид захиалгаа аваад хажууд нь жижигхэн гарын бэлэгтэй байвал баярлах байхдаа гэж бодоод сэтгэлээсээ чихэр хийдэг. Энэ миний багц байна. Эх үрсийн баяр гээд захиалсан багц болгонд үсний боолт бэлэглэж байгаа. Энэ үсний боолтыг миний үеийн нэг охин өөрийн гараар урлаад дэлгүүр нээгээд зардаг. Би бас үеийн хүүхдүүдийнхээ жижиг дэлгүүрүүдийг дэмжье гээд үсний боолтуудыг нь худалдаж аваад багцдаа бэлэглэж байгаа.
-Үеийнхэн болон үйлчлүүлэгчид цахимаар хэрхэн ханддаг вэ. Эерөг сөрөг янз бүрээр л хандаж байгаа байх?
-Над руу чат бичиж байгаа миний үйлчлүүлэгчдийн ихэнх хувь нь дандаа бага насныхан байдаг. Зарим нь надад урмын үг хэлэн дэмждэг шүү гэдэг. Зарим нь намайг гомдоох бүдүүлэг үгнүүд байдаг. Гэхдээ би тоодоггүй. Хүн болгон өөр. Намайг дэмжиж байгаад нь би их баярладаг.
-Цаашдаа бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Би ирээдүйд нүүрний тос ч юм уу сүүлний тосоор хийсэн эко монгол бүтээгдэхүүн хийе гэж боддог. Одоо уруулын өнгөлөгч трэнди. Хүн бүр дэлхий даяараа хэрэглэж байгаа. Харин сүүлний биеийн тос юм уу, нүүрний тос гаргах юм бол монгол бүтээгдэхүүнүүдээр дэлхийд гарья даа гэж би бодож байсан.
-Хүүхдийн баярын хамгийн тодхон байдаг дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-2016 оны Хүүхдийн баяраар Битлзийн хөшөөн дээр Гүзээлзгэнийн баяр болсон. Тэнд хүүхдүүдийн дунд оньсого таах, зураг зурах тэмцээн болоод би хожоод нэг сав гүзээлзгэнэ авч байсан. Би гүзээлзгэнэ жимсэнд маш их дуртай. Гэртээ очоод гэрийнхэн дундаа гадаа болж байсан шиг гүзээлзгэнийн тэмцээн зохион байгуулсан. Манай гэрийнхэн надтай хамт зураг зураг хамгийн гоё зураг, асуулт хариултын тэмцээн хийн гэр бүлээрээ гоё цагийг өнгөрүүлж байсан. Тэр миний хүүхдийн баярын хамгийн гоё дурсамж.