Коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д эмчлүүлсэн өвчтөн туршлагаасаа хуваалцжээ.
ХӨСҮТ-Д ИРЭХДЭЭ АНХААРАХ 10 ЗҮЙЛ
1. Ерөнхийдөө эмч нар тоохгүй. Ажилдаа хайнга. Өвчнөөс дөжирсөн. Тиймээс зовуураа ичиж зовохгүй ний нуугүй хэл. Өвдөж байгаа зүйл бүрээ намдаах эмчилгээ хүс. Витамин, вирусийн эсрэг арбидол эм л өгнө. Тэр нь өвчин намдаахгүй, халуун буулгахгүй. Эмч нар ачаалал ихтэй байгаа бла бла гэсэн утга уянга бүү бод. Тэд ч өөрсдөө олон хүнтэй ажиллаж байна гэх мэт ялархах гэж үзнэ. Тэгээд ямар эмч ачаалалтай гээд өвдөөд үхэлтэй биш. Тэдний ажил. Эс бөгөөс өөрөө өвдөж тарчилж зовно. Эмчээсээ үзэхээр орж ирэхэд нь хэл амыг нь сугартал сайн асуу, ярилц. Барагтай нэрээ ч хэлэхгүй, шинжилгээний хариугаа ч хэлэхгүй яах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Хэн нь эмчлэгч эмч гэдэг нь ч мэдэгдэхгүй бүдэг бадаг яваад л байна. Тиймээс энд хэвтэх 7- 10 өдрөө эмч сувилагч нартай өгөөжтэй, соёлтой харилцаа үүсгэ.
2. ХӨСҮТ-д ирсэн даруйд амралтын өдөр хамаарахгүй 30 мин дотор эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэхгүй байвал цаг алдахгүй гомдол гарга. Дээш доош нь ярь. Удирдлагууд нь гомдол хүлээж авч шийдэх ёстой.
3. Сувилагч, асрагч нар ажилдаа үнэхээр сайн нь анзаарагдсан. Маш сэтгэлтэй. Баярлалаа гэж хэлбэл урам ороод сэргэх нь мэдрэгдэнэ. Талархал үргэлж хэл. Гэхдээ олон цаг битүү хувцас өмссөн настай сувилагч нар нь мартаж, санах гээд байдаг талтай. Тиймээс хийж байгаа тариа, эм ээ өөрөө сайн цээжилж бичиж зөв бурууг зөв цагтаа хийж байна уу хяна.
4. Хоолны амт тасаг бүрд өөр байх шиг санагдсан. Аягаа дор бүр нь угаагаад аягаа тавиарай гэж нэхүүлэхгүй шүүгээндээ хийж байгаарай. Шөлтэй хоол бантан голдуу идэх тул сэтгэл зүйгээ бэлд.
5. Эмнэлгийн орчин нөхцөл бол арчилж тордоогүй амбаар. Гоё газар төсөөлж бүү ир. Гэхдээ цэвэрлэгээ сайн хийдэг тул ариун цэвэрт санаа зоволтгүй.
6. Эм тариа гаднаас оруулдаггүй. Зарим эм тариа нь тасраад байдаг. Тиймээс гаднаас хэвтхээр ирэхдээ өөрөө ядаж витаминаа аваад ирвэл зүгээр болов уу.
7. Шинжилгээний хариу, томографийн зураг хөргөө утсан дээрээ ав. Цаашдаа ковидийн зовиур 30 хүртэл хоног үргэлжилнэ. Өөрөө дараа нь эмчилгээ хийлгэхэд энэ шинжилгээний хариунууд чинь хэрэг болж магадгүй.
8. Эмчийнхээ хэлсэн үг зөвлөгөө бүрийг бичиж ав. Тархи компьютер биш. Жишээ нь эмнэлгээс гараад гам сайн барих ёстойг хэлнэ. Түүнийг мөрд. Тэгэхгүй бол даарснаасаа болоод ахиад хатгаа болсон хүн ч байна. Мөн уушгиндаа хатгаатай бол хоногийн 16-17 цаг доошоо, хажуу тийшээ харж хэвтэнэ. Энэ гамаа 3 сар барих гэх мэт. Ядарч, стрессдэж болохгүй, агаарт гар гэсэн.
9. Антибиотик хийлгэх болбол мөөгөнцөр тусах магадлалтай. Эмч чинь аягүй бол бичиж өгөхгүй мартана. Сануулаад нэхээд ав.
10. Энд тэндээс хүн амьтнаар яриулбал эмч чинь уурлах магадлалтай. Хийдгээ л хийж байна, ярилаа гээд яах юм мэтээр. Нэг бодлын зөв ч нөгөө бодлын эмчилгээ хийхгүй байхад арга ядсан л арга. Олон хоног эмчилгээ хийхгүй, хайхрахгүй бол ЭМЯ, хэвлэл мэдээлэлд ханд. Эцэст нь хоёр үзүүртэй зүү шиг юм болох нь. Алтан гартай эмч нартаа гүнээ талархаж байна. Хэл амтайхан арван хэдэн өдрийн ард эцсийн дүндээ эдгээд гарлаа. Ахин дахин баярлалааа. Мэргэжлийн ур чадвар бол мундаг юм байна. Монгол эмч нарын нийтлэг алдаа өвчтөн үйлчлүүлэгчтэйгээ ярилцдаггүй мэдээлэл өгдөггүй явдал мөн ажилдаа нягт нямбай биш хайнга ханддагаа л засчихбал…. Эмч гэдэг олон хүний амь нас эрүүл мэнд хувь заяаг аврах агуу ажил мэргэжил билээ. Бүгдэд сайн сайхныг хүсье. Жич: Тохиолдол бүр өөр байж болно. Манай гэр бүлд тохиолдсон явдал болон бусад хүмүүсийн түүхийг сонссон тул багцлан ийнхүү бичив.