Токиогийн олимпын наадам энэ зун болно. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарч, өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Олимпын бамбар Японы 47 мужаар аялаад 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах юм.
Муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт үйл ажиллагаанд урьж байгаа энэ цагт Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болсон баярт мэдээг дуулгасан билээ. Бамбарын буухианд гүйх алдартнуудын тоонд багтсан “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгстэй цахимаар ярилцлаа.
-Токиогийн олимпын бамбарын буухианд гүйх болсонд баяр хүргэе!
-Баярлалаа.
-Та өөрийнхөө төлөөр товч танилцуулахгүй юу?
-Би Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Төв аймгийн Баянхангай суманд миний хүүхэд нас өнгөрсөн. Аймгаасаа Ж.Мөнхбат аваргын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож аварга болсон. Тухайн үед Японоос манай багш сумогийн хүүхэд шалгаруулахаар ирсэн байж таарсан. Тэрхүү шалгаруулалт ороод эхний гуравт багтаж Японыг зорьж байлаа. Анх Япон явахад надтай тэнцсэн хоёр хүүхэд гурван жилийн хугацаатай сонгогдсон. Харин би гурван сарын хугацаатай намайг шалгая гээд авч явсан. Учир нь би чөлөөт бөхөөр барилддаг бие жижигтэй хүүхэд байсан. Тийм болохоор юутай ч чамайг шалгая гээд авч явсан. Энд Тоттори аймгийн сургуульд шалгалтанд тэнцэн тэр жилийнхээ хавар орж байлаа. 2000 оноос сургуульдаа гурван жилийн хугацаатай сурч төгсөөд Тоттори аймгийнхаа Спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Хажуугаар нь их сургуульд сурсан. Монголд Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Шонхор дээд сургуулийг төгссөн.
2006 онд Тоттори аймгийн “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн сумо бөхийн дасгалжуулагч, мэргэжлээрээ биеийн тамирын багшаар анх ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ахлах сургууль учраас гурван жил суралцаад хүүхдүүд сургуулиа төгсдөг. Монголоос сумогийн хүүхдүүдийг гурван жилд нэг удаа шалгаруулж авдаг. Багш болсноос хойш олон хүүхдүүд монголоос авсан. Тэр дундаа одоо мэргэжлийн сумод барилдаж байгаа Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога Хокүсэхо нар миний гараас гарсан хүүхдүүд. Хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд мэргэжлийн сумо, их сургууль гэсэн хоёр сонголттой тулдаг. Хүүхдүүд өөрсдөө сонголтоо хийгээд явдаг. Энэ хугацаанд монголоос ирсэн 10 гаруй хүүхдийг сурган төгсгөлөө. Зарим нь одоо их сургуульд сурч байна. Манай ахлах сургуульд одоо над дээр нэг хүүхэд сурч байна. Манай ахлах сургууль арван жилийн сургууль мөртлөө сумо, сагсан бөмбөг, волейбол гээд спортын бүхий л төрлөөр сонгоны ангиудтай. Спортын тал дээр түлхүү анхаардаг.
Манай сургууль намайг ирснээс хойш улсын аварга болон аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцдог, монголоос ирсэн хүүхдүүд сургуулийн нэр дээрээ томоохон тэмцээнүүдэд оролцон ажилт гаргадаг. Тэр ч утгаараа монголоос хүүхэд авья гэсэн болзол тавиад үүний дагуу монгол хүүхдүүд их ирж байгаа. Манай сургуульд одоо монголоос сумогоос гадна хөнгөн атлетикийн ангид хоёр хүүхэд ирсэн, волейболын ангид нэг хүүхэд суралцаж байна. Мөн хөл бөмбөгийн ангиудад нэг нэг хүүхэд суралцаж сая төгслөө гэх жишээтэй спортын өөр чиглэлээр хүүхдүүд ирж суралцаж байна.
-Спортын ямар төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байв. Авсан шагнал урамшууллуудаасаа сонирхуулахгүй юу?
-Би 10 жилд байхдаа Японы Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийг авч байсан. Сургуулиа төгсөөд Тоттори аймгийн Спорт хороонд ажиллаж байхдаа Японы Бүх ард түмний стартикиад спорт наадамд амжилт үзүүлсэн. Сургуулиа төгссөний дараа Дэлхийн аварга, Азийн аваргын тэмцээнд Монгол Улсын нэр дээр ороод Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальтай.
-Яагаад мэргэжлийн сумод ороогүй юм бэ?
-Би анх гурван сарын хугацаатай шалгуулахаар ирж байсан гэж хэлсэн шүү дээ. Учир нь сумогийн багшийн тавьсан өндөр, жингийн хэмжээнд хүрээгүй. Чөлөөт, үндэсний бөхөөр барилдаж байсан болохоор ур чадвартай хүүхэд байсан. Ахлах сургуулиа төгссөний дараа өсөөгүй болохоор мэргэжлийн сумо руу ороогүй. Гэхдээ тухайн үед сонирхогчдын сумо нэр хүндтэй, Дэлхийн аварга болон цаашдаа олимпын тэмцээнд ч оролцох магадлал өндөртэй байсан. Тиймээс би сонирхогчдын сумогоор яван тив, дэлхийн аваргын тэмцээнд оролцвол цаашид олимпод оролцох эрх нээгдэх юм биш үү гэсний үндсэн дээр сонирхогчдын сумог дагнан явсан. Хажуугаар нь сургуулийн захирал багш чи дасгалжуулагч хий, тэр нь чамд зохино гэж санал гаргаад сургуульдаа багшаар үлдсэн.
-Танайх бөхийн удамтай юу. Багаасаа бөхөөр хичээллэсэн үү?
-Би Төв аймгийн Эрдэнэсант гээд Ж.Мөнхбат аваргын нутгийн хүүхэд. Миний аав барилддаг бөх хүн байсан. Ах маань аймгийн начин Р.Ганболд гээд байна. Хоёр талдаа бөхийн удамтай. Манай ах нар аймаг, сумын наадамд барилддаг хүмүүс байсан болохоор тэднийг хараад үндэсний бөхөөр барилддаг байсан. Ах маань намайг зургаадугаар ангид байхад 1980 оны Москвагийн олимпын мөнгөн медальт, Улсын начин Ж.Даваажав багшид хадаг барьж чөлөөт бөхийн дугуйланд оруулж байсан. Ахыгаа дагаад Улсын начин Ж.Даваажав багшийн шавь болон чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Миний үндэсний бөхийн дасгалжуулагч Увс аймгийн Хяргас сумын харьяат, Улсын начин Ц.Цэрэнхүү багш байна. Үндэсний бөхөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль авч байсан. Цагаан сарын хүүхдүүдийн барилдаан түрүүлсэн. Чөлөөт бөхөөр Өсвөр үеийн УАШТ-д 57 кг-д оролцон хүрэл медаль авсан. Энэ хоёр багшийнхаа удирдалаган дор чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэж байгаад 2000 онд Япон явж байлаа.
-Таны зуны амралтаараа зун эх орондоо ирж наадмаа үздэг үү?
-Наадмаар эх орондоо очиж амждаггүй. Япон монголын зуны амралт хоорондоо зөрдөг болохоор наадам өнгөрсний дараа 7-10 хоног л амардаг. Гэхдээ байнга бол амждаггүй ээ. Хаяа шүү дээ 2-3 жилдээ нэг удаа л. Сүүлийн 3-4 жил нутагтаа очиж чадсангүй ээ.
-Та гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань спортоор хичээллэж байна уу?
-Манай эхнэрийг П.Нарантуяа гэдэг. Бөхийн удамтай. Говь-Алтай аймгийн арслан Пүрэвсүрэн гээд Хангарьд клубд олон жил дасгалжуулагч хийсэн хүний хамгийн бага охин. Ханьтайгаа Японд ирээд танилцаад, гэр бүл болоод гурван хүүхэдтэй. Хамгийн том маань 9 настай, дунд хүүхэд 4 настай, бага нь 10 сартай. Хүү маань мэргэжлийн сумод орж ёкозүна болно гээд миний гар дор хүүхдүүдтэй цуг бэлтгэл сургуулилт хийгээд явж байна.
-Токиогийн олимпын наадмын бамбарын буухианд оролцох болсноо сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр барилдаж байхдаа олимпын аварга болно гээд хүүхэд л болсон хойно хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэмүүлж явсан үе бий. Анх чөлөөт бөхийн А үсэг заасан Улсын начин Ж.Даваажав багш маань олимпын мөнгөн медальтай болохоор түүн шиг л медаль хүртэнэ гээд. Багш маань ч "Би олимпын алтан медаль авч чадаагүй, та нараас л олимпын аварга төрнө шүү" гээд хүүхдүүдийг урамшуулдаг тийм л мундаг дасгалжуулагч байсан. Боломж гараад Японд ирсэн ч хэрвээ мэргэжлийн сумогоор явбал олимпод орчих юм биш үү гэсэн найдлага байсан. Би ч 36 хүрээд зодог тайллаа. Өөрөө олимпод ороогүй ч гэсэн энэ том наадмын бамбарыг барин буухиа гүйлтэд оролцоод явна гэдэг нь миний хүсэл мөрөөдөл жаахан ч гэсэн биелж байгаа юм болов уу гэж дотроо их бэлэгшээж хүлээж авсан. Энэ сайхан мэдээг сонсоод үнэхээр их баярласан. Хүний газар ирээд хамаг амьдрал, залуу насныхаа талыг шахуу зориулсны шагнал юм болов уу ч гэж дотроо бодсон сэтгэл өндөр байна. Тоттори аймгийн спортын хорооноос утсаар ярин энэ тухай мэдээг гэнэт дуулгасан. Японы Бүх ард түмний спартакиад спорт наадамд Тоттори аймгийн нэрээ дөрвөн жил дараалан гаргаж амжилттай оролцсон , сургуулийнхаа хүүхдүүдийг уралдаан тэмцээнд амжилттай оруулж байсан болохоор намайг сонгосон байх гэж бодож байна. Тоттори аймгаас 52 хүн олимпын наадмын бамбарыг буухиалан гүйнэ. Би хаалтын ажиллагааны өмнө буюу хөнгөн атлетикийн талбайд том бамбар асаахын өмнөх хоёр дахь хүн болж гүйх юм билээ. Сэтгэл өндөр байгаа.
-Нутагтаа ирж багшлая гэж бодож байгаа юу?
-Сүүлийн үед энэ талаар их бодож байгаа. Нутагтаа очиж сайхан амьдаръя даа гэж бодсон ч аав, ээжээс өгсөн хүмүүжил нөгөө л хүний төлөө гэсэн сэтгэлээрээ эндээ хүүхдүүддээ заагаад байвал бас нэг хүүхэд хоолондоо хүрнэ дээ. Хэрвээ нутаг буцвал цаашдаа энэ холбоо тасарвал яах вэ гээд дотор олон бодол байна. Монголоос авчирсан хүүхдүүдээ өөрөө хариуцаж авчхаад төгсгөхгүй бол болохгүй. Яваандаа өөрийн сурсан мэдсэн зүйлсээ эх орныхоо төлөө зааж сургах бодол бий. Цаашдаа олимпын төрөлд сумо багтвал бидэнд том боломж бий гээд алсыг хараад байж байна.