Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо яагаад чухал гэж, тэд оролцсоноор юу өөрчлөгдөх бол? 1-р хэсэг
С.Болдсайхан, Улс төр судлаач
Монгол улсын нийт сонгогчдын 51%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3% буюу дэлхийн дунджаас 7.6%-иар бага байна. Уг үзүүлэлтээр 2020 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн аймаг, нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг. Иймд, эмэгтэйчүүд яагаад улс төрд манлайлан оролцох ёстой, тэд оролцсоноороо юу өөрчлөгдөх магадлалтай, тэдний оролцоонд ямар бэрхшээл саад болж байгаа талаар энэхүү нийтлэлийг бичиж байна.
Өдгөө цөөн хэдэн улсыг эс тооцвол дэлхий дахинд эмэгтэйчүүд сонгох эрхээ хууль ёсны дагуу эдлэх бүрэн боломжтой болсон ба ихэнх улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн сонгуулийн ирцэд мэдэгдэхүйц ялгаа байдаггүй. Тиймээс энэхүү нийтлэлдээ эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хөндөлгүй орхиж, сонгогдох эрхийг нь илүү чухалчилсан болохыг анхаарна уу.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо яагаад чухал вэ?
Нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл зэргээс үл хамаарч иргэн бүр улс төрд тэгш эрхтэй оролцож, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эсвэл өөрөө сонгогдох нь ардчиллын мөн чанар билээ. Тиймээс эмэгтэйчүүдийг ялгаварлаж тэдэнд олгогдсон сонгогдох эрхийг шууд болон шууд бус байдлаар хязгаарлаж байгаа нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжихгүй байна гэж үзэж болно. Хүн хүйсээ сонгож төрдөггүй учраас хүнийг хүйсээр ялгаварлах нь шударга ёсонд огт нийцэхгүй. Иймд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь хүн бүхний хүлээсэн ёс зүйн үүрэг юм.
Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүдийг сонголоо гээд тэд юу ч хийдэггүй гэсэн хэвшмэл ойлголт манайд байдаг. Гэтэл эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эерэг үр дагавар бий болгодгийг олон судалгаа баталдаг. Тэдгээрээс заримыг нь дэлгэрэнгүй тайлбарлая.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг
“Ард түмнээс бүрдсэн, ард түмнээр удирдуулсан, ард түмний төлөөх” төр засгийг ардчилсан гэдэг. Өөрөөр хэлбэл төр ард түмнийг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой. Ялангуяа хууль тогтоох эрх бүхий төрийн төв институт болох парламент нь нийгмийн төрөл бүрийн бүлгүүдээс бүрдсэн байж гэмээн төр нийгэмд хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдөж легитим чанарыг олж авдаг. Харин нийгмийн хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай бүрдүүлээгүй парламентыг олон нийт зүй ёсны хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай. Легитим чанараа ийнхүү алдсан төр хэврэг байдаг.
Тэгвэл Аткесон, Каррилло нарын судлаачид хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам иргэдийн, тэр тусмаа эмэгтэйчүүдийн төрд итгэх итгэл, төрийг хүлээн зөвшөөрөх байдал нэмэгддэг болохыг олж тогтоожээ. Тэд АНУ-ын мужуудын иргэдийн төлөөлөгчдийн танхимуудыг харьцуулан судалсан байна. Учир нь төлөөлөгчдийн танхим дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь муж болгонд харилцан адилгүй байдаг аж. Судлаачдын олж тогтоосноор танхим дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөх тусам тухайн мужийн эмэгтэйчүүд “төр энгийн иргэдэд нээлттэй ажилладаг,” “над шиг хүмүүсийн үзэл бодлыг төр сонсдог,” “миний асуудалд анхаарал хандуулдаг” гэж хэлэх магадлалтай байсан байна. Өөрөөр хэлбэл засаг захиргаагаа эерэгээр үнэлэх магадлалтай байжээ. Харин эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурах тусам засаг захиргаагаа сөргөөр үнэлж байсан байна. Иймд, улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь төрийн легитим чанарыг сайжруулах сайн үр дагавартай.
Эмэгтэйчүүд улс төрийн соёлыг эерэгээр өөрчлөх магадлалтай
Зарим судлаачдын үзэж буйгаар эмэгтэйчүүд улс төрд олноороо оролцсоноор улс төрийн манлайллын хэв маягийг илүү кооператив буюу харилцан бие биеэ ойлгох, хамтран ажиллах шинж чанартай болгох боломжтой аж. Харин эрчүүд давамгайлсан улс төрд голдуу ширүүн өрсөлдөөн болон хатуу шатлан захирах ёс (hierarchy) дээр суурилсан манлайллын хэв маяг давамгайлдаг байна. Вейкарт болон бусад судлаачид АНУ-ын эмэгтэй, эрэгтэй хотын дарга нарыг харьцуулан судалжээ. Тэдний олж тогтоосноор эмэгтэй хотын дарга нар эрэгтэй дарга нараас илүү төсөв батлах процессыг хүртээмжтэй болгох, олон талын оролцоог нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй байсан байна. Мөн судлаач Катлин эрэгтэй, эмэгтэй улс төрчид хэрхэн хурал даргалдаг талаар сонирхолтой судалгаа хийсэн байна. Түүний үзэж байгаагаар эмэгтэй хурлын дарга нар ихэнхдээ хурлын зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бол эрэгтэйчүүд илүү эрх мэдлээ ашиглаж хурлын чиглэлийг хянах хандлагатай байдаг ажээ. Бусад судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хамтын ажиллагаа, нөхөрсөг харилцааг эрхэмлэж эвсэл байгуулах арга замаар улс төрийн үйл ажиллагаа явуулах нийтлэг хандлагатай байдаг юм байна.
Эмэгтэй улс төрчид охид бүсгүйчүүдэд бэлгэ тэмдэг болж чаддаг
Улс төрийн өндөр албан тушаалыг зөвхөн эрэгтэйчүүд хашдаг манайх шиг улсуудад охид бүсгүйчүүд улс төрийг зөвхөн эрэгтэй хүнээр төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцсоноор бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, бэлэг тэмдэг болж чаддаг. Судлаач Хансены олж тогтоосноор парламентын сонгуульд олон эмэгтэйчүүд нэр дэвшвэл эмэгтэй сонгогчид улс төрийг илүү сонирхож, бусадтай улс төрийн талаар ярилцах хүсэл эрмэлзэлтэй болдог байна. Мөн эмэгтэй гишүүнээр төлөөлүүлж буй эмэгтэй сонгогчид улс төрчдийн ямар хууль санаачилсан, хэрхэн санал өгсөн талаар мэдээлэл сайтай байдаг аж. Олон улсын харьцуулсан судалгаагаар нөлөө бүхий эмэгтэй улс төрч сонгуульд нэр дэвших нь өсвөр насны охидыг ирээдүйд улс төрд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй болгодог болох нь батлагдсан байдаг.
Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурдаг
Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авилгын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Гэхдээ энэхүү үзэгдэл нь ердөө тохиолдол уу эсвэл үнэхээр эмэгтэйчүүд авилгыг бууруулдаг уу гэдэг нь одоогоор судлаачдын дунд маргаантай байна. Ямартай ч зан үйлийн олон судалгаа эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү итгэл даах чадвартай, шударга бөгөөд олон нийтийн сайн сайхны төлөө гэх хандлагатай байдаг гэж тайлбарладаг.
Эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор төрийн бодлогод чанарыг өөрчлөлт гаргадаг
Эмэгтэйчүүдэд тулгарч байгаа нийтлэг асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй байх ёстой гэдэг үндсэн суурь жендерийн үзэл баримтлалтай ихэнх судлаачид санал нийлдэг. Улмаар эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болох боломжтой гэж үздэг.
Олон улсад хийгдсэн хэд хэдэн судалгаагаар эмэгтэй улс төрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэй улс төрчдөөс илүү ач холбогдол өгдөг нь батлагдсан байна. Жишээлбэл, судлаач Томас АНУ-ын мужуудын хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдгээрийн баталж буй хуулиудын чиглэл хоорондын хамаарлыг судалж үзсэн байна. Олон эмэгтэй гишүүдтэй хууль тогтоогч байгууллагууд нь эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудалтай холбогдох хуулиудыг батлах өндөр магадлалтай байдгийг тогтоожээ. Үүнтэй төстэй нэг судалгаагаар эмэгтэй улс төрчид эрэгтэйчүүдээс илүү эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн асуудалд ач холбогдол өгдөг болох нь нотлогдсон байна. Мөн Швед улсад хийгдсэн судалгаагаар эмэгтэй парламентын гишүүд эмэгтэйчүүдийн асуудалд илүү ач холбогдол өгдөг гэжээ. Энэхүү судалгааны үр дүн нь Аргентин, Коста Рика, Колумб зэрэг Латин-Америкийн улсуудад хийсэн судалгаагаар баталгаажсан байна. Түүнчлэн, эмэгтэй парламентын гишүүд эрэгтэй гишүүдээс илүү эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдлыг дэмжих хуулийн төслийг өргөн барьдаг бөгөөд эмэгтэйчүүдийн асуудлын хөндөж, эмэгтэй сонгогчдын өмнөөс засгийн газрын сайд нартай холбоо тогтоож, байнгын харилцаатай ажилладаг болохыг Скандинавын орнуудад хийсэн судалгаа харуулжээ.
Сонирхолтой нь эрэгтэй, эмэгтэй улс төрчид яг ижилхэн асуудал дээр хүртэл өөр төрлийн хууль санаачилдаг болохыг АНУ-ын Колорадо мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дунд хийсэн судалгаа харуулдаг. Уг судалгаагаар эмэгтэй, эрэгтэй улс төрчид гэмт хэргийн эсрэг ямар хууль санаачилж байгааг судалсан бөгөөд эмэгтэйчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах асуудалд илүү анхаарал хандуулсан хуулийн төслүүдийг санаачилж байсан бол эрэгтэйчүүд илүү гэмт хэргийн эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд анхаарал хандуулж ялыг чангалах, хорих хугацааг уртасгах хуулийн төслүүдийг танилцуулж байжээ.
Олон улсын дээрх жишээнүүдээс гадна манай УИХ-ын эмэгтэй гишүүдийн сайн жишээг дурдаж болох юм. 2016 оноос өмнөх сонгуулиудад эмэгтэй гишүүд 10 хүрэхгүй тоогоор сонгогдож байсан бол 2016 онд 174 эмэгтэй нэр дэвшигчдээс 11, 2020 онд 129 эмэгтэй нэр дэвшигчдээс 13 эмэгтэй гишүүд тус тус УИХ-д сонгогдсон нь чамарлахааргүй амжилт билээ. Эмэгтэйчүүд өмнөхөөсөө олноороо сонгогдсоноор олон жил хүлээгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл гэх мэт нийгмийн шинж чанартай олон хууль батлагдсан байдаг. Эмэгтэйчүүд илүү олноороо УИХ-д сонгогдвол үүнээс ч илүү эерэг үр дүн гарах магадлалтай.
Энэхүү нийтлэлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд улс төр судлаач С.Болдсайхан бичив. Нийтлэлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
Эх сурвалж: ugloo.mn