Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 25-ны өдөр болж 12 сайтад хаягласан гомдлыг хэлэлцэн 11 сайтын мэдээлэлд дүгнэлт гаргалаа. Харин нэг сайтад холбогдох мэдээлэл нь хуулийн байгууллагаар гомдол хэлэлцэх шатанд яваа учраас энэ удаад хэлэлцэхийг хойшлууллаа.
Cайтууд алдаагаа залруулжээ
“Үлэмж Гросерс” ХХК-иас хоёр сайтад 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нийтлэгдсэн “Хонины мах 16000 төгрөгөөр зарсан Good Price дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ” гэсэн гарчигтай мэдээнд гомдол ирүүлжээ. Энэ хоёр редакц нь уг мэдээллийг бэлтгэхдээ гарчиг болон агуулга нь хоорондоо зөрүүтэй мэдээлэл түгээсэн, худал мэдээлэл агуулсан гарчиг тавьж олон нийтийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл түгээж байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзэн гомдол ирүүлсэн юм.
Харин хоёр сайт гомдлын дагуу хариу тайлбар ирүүлж, сэтгүүлчийн нягт нямбай ажиллагаа дутсанаас баримтын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч залруулга гаргаснаа дурджээ. Мөн уг алдаатай мэдээллийг архиваасаа устгасан болохоо мэдэгдсэн.
Уг мэдээний гарчигт хонины махыг нэг килограммыг нь 16000 төгрөгөөр зарж байгаа гэсэн боловч мэдээний агуулгадаа “үхрийн мах” хэмээн баримтын алдаа гаргасан тул уг хоёр редакц Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Редакцууд алдаагаа харсан даруйдаа залруулж, уучлалт гуйсан тул ХМЗ-ийн Гомдол хүлээж авах, барагдуулах журмын 6.3.2-ын дагуу нэрийг нь дурдахгүй зөрчлийг мэдээлэх болсон юм.
Zindaa.mn болон tuuh.mn эмэгтэйчүүдэд ялгавартай хандсан гэж үзлээ
Эмэгтэйчүүдийг ялгаварлаж, дорд үзсэн агуулга бүхий мэдээг нийтэлсэн хоёр сайт нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзэн иргэн Б.А гомдол ирүүлжээ. Эдгээр нь zindaa.mn болон tuuh.mn сайтууд бөгөөд Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд энэ хоёр редакц ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзсэн юм.
Zindaa.mn сайтад 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн “Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийг хасчихвал Улаанбаатар түгжрэлгүй болно” гарчигтай нийтлэлд “…Улаанбаатар хотын гол хөл хөдөлгөөн 10 км-ийн радиуст эргэлддэг. Энэ хэмжээнд алхаад байхад хүүхнүүд бүгд турах мөрөөдлөө биелүүлчих бус уу” гэх зэргээр бичсэн байгаа нь эмэгтэйчүүдийг доромжилсон, хүйсээр шууд ялгаварлан гадуурхсан, уг үзлийг дэвэргэсэн, эмэгтэйчүүдийг дорд үзэх үзлийг бэхжүүлэх оролдлого гаргасан гэж гомдол гаргагч үзсэн байна.
Zindaa.mn сайтын редакц Хэвлэл мэдээллийн зөвлөлд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа уг нийтлэлийг өдөр тутмын “Өглөөний сонин”-оос хоёр редакцын хамтын ажиллагааны хүрээнд эх сурвалжийг дурдан нийтэлсэнээ дурдаад олон нийтээс шүүмжлэлтэй байр суурь, саналыг илэрхийлснийг хүндэтгэн үзэж тэр дор нь устгасан гэжээ. Мөн редакцын зүгээс сайтын админ, редакторууддаа ёс зүйн зарчмыг дахин сануулж, танилцуулсан болохоо мэдэгджээ.
Tuuh.mn сайт нь 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн zindaa.mn сайтад нийтлэгдсэн “Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийг хасчихвал Улаанбаатар түгжрэлгүй болно” гарчигтай нийтлэлийг хуулбарлан авч өөрийн сайтдаа зөвшөөрөлгүй нийтэлсэнээ хүлээн зөвшөөрсөн.
Хороо уг гомдлыг хэлэлцээд дээрх редакцууд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 3 дахь заалтыг зөрчсөн гэж үзлээ.
Болсон явдлын талаар мэдээлэхдээ eguur.mn бусдад хүндэтгэлтэй хандаж чадсангүй
Мэдээллийн Eguur.mn сайтад 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “ХЭРГИЙН ГАЗАР: Нэгнээ цахилгаан шатанд хутгалж, өөрөө дээврээс үсэрч амиа алджээ” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгэн дүүрэгт болсон явдлын талаар сурвалжилсан байсан. Энэ хэрэг явдал хоёр хүн амиа алдсан хэрэг бөгөөд олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм.
Хэрэгт нэр холбогдсон талийгаачдын болон хэрэгт хамааралтай байж болох хүмүүсийн хувийн мэдээллийг нээлттэй цацсан, хэрэг болсон хаяг байршил, хэргийн ул мөрийг харуулсан гэрэл зургийг нийтэлж, дэлгэрэнгүйгээр болсон явдлыг бичсэн нь мэргэжлийн ёс зүйн олон зарчмыг зөрчсөн гэж иргэн Б.Х гомдол ирүүлсэн юм.
Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд eguur.mn сайтын редакц болсон хэргийг шуурхай эрэн сурвалчилсан ч Ёс зүйн зарчмын зарим заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Редакц ирүүлсэн хариу тайлбартаа энэхүү хэргийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэнийг дурдаад хэрэгт холбогдсон болон хамааралтай хүмүүсийн хувийн мэдээллүүдийг ил гаргаагүй, бусад хэвлэл мэдээллийн байгууллагын адил хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлж, хэрэг явдлыг бодитоор, баримттайгаар хүргэхийг зорьсон гэжээ. Түүнчлэн тус мэдээлэлд худал, үнэнээс зөрүүтэй ноцтой мэдээлэл байхгүй боловч тухайн байрны хэдэн давхраас унаж амиа алдсан талаар хэт деталь байж болох хэсэг орсон байна гээд цаашид энэ байдалдаа анхаарч сэтгүүлчийг ийм нөхцөл байдалд ямар үг сонгох, яавал хүний эрх зөрчихгүй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөж, зааж сургах болно гэдгээ илэрхийлжээ.
Редакц дээрх мэдээллийг бэлтгэхдээ хэргийн газрын талаарх мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр нийтэлсэн боловч агуулгад багтсан мэдээллүүдийг нягталж, үнэнд нийцсэн мэдээлэл түгээсэн гэдгийг Ёс зүйн хороо онцолж байгаа ч хэргийн газрыг маш нарийн харуулсан гэрэл зураг, үг хэллэг ашигласан тул Ёс зүйн зарчмын 4.1-т заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ” гэснийг зөрчсөн, мөн тухайн хэрэг гарсан байр, давхар, хаалга, цахилгаан шат, цусны толбо болсон хувцас зэргийн гэрэл зургийг ямар нэг шүүлтүүргүйгээр харуулсан тул 4.4-т заасан “Золгүй явдал, осол, хүчирхийллийн талаарх зураг, дүрсийг мэдээлэхдээ тухайн зураг, дүрс нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлөх магадлалыг харгалзана” гэснийг зөрчсөн, хэргийн газрын гэрэл зургийг маш нарийн, тодорхой, ямар нэг шүүлтүүргүйгээр харуулсан тул 4.6-д заасан “Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана” гэснийг зөрчсөн хэмээн дүгнэлээ.
Өөрийгөө шатаасан иргэний талаарх мэдээлэл олон гомдол дагуулав
Энэ 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарч олныг цочроосон. Энэ золгүй явдлын талаар бараг бүх редакц мэдээлсэн. Харин иргэн Н.А гурван сайтын мэдээлэл холбогдуулан гомдол ирүүлсэн байна.
Гомдол гаргагч нь эдгээр редакц нь мэдээг бэлтгэхдээ цогцосны гэрэл зураг, дүрс бичлэгийг харуулсан нь хүмүүст танигдахуйц байсан бөгөөд ойр дотны хүмүүс болон хүүхэд, өсвөр үе, настангуудад эмзэг тусч байгаад гомдолтой байна гэжээ.
Ёс зүйн хороо эдгээр гурван сайтад нийтэлсэн мэдээллийг Ёс зүйн зармын үүднээс хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
-Нэг редакц 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр нийтлэгдсэн “ШУУД: Сүхбаатарын талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаан, нас барлаа” гэх гарчигтай мэдээндээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч тэр даруй залруулга хийсэн болохоо редакц тайлбарласан.
“Тухайн хэрэг гарах үед манай сэтгүүлч, зураглаач хоёр шууд дамжуулахдаа талийгаачийн царайг татаж харуулсан нь алдаа болсон. Бид алдаагаа тэр даруйд харж шууд дамжуулалтаа дуусангуут тухайн хүний царай тод гарсан хэсгийг бүрсийлгэн зассан. Түүнчлэн манай сайтын ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам өөрийн сошиал хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан” болохыг хариу тайлбартаа тодорхой дурджээ. Гэсэн ч шууд дамжуулалтын үеэр цогцсыг татаж харуулснаар өмссөн хувцас нь тодорхой харагдаж байсан. Ингэснээр гэр бүл, ойр дотныхон нь таних, цочролд орох эрсдэлтэй байсан тул 4.6-д заасан “Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана” гэснийг зөрчсөн гэж үзлээ. Ингэхдээ редакц алдаагаа харсан даруйдаа залруулж, уучлалт гуйсан тул ХМЗ-ийн Гомдол хүлээж авах, барагдуулах журмын 6.3.2-ын дагуу нэрийг нь дурдахгүй зөрчлийг мэдээлэх болсон юм.
–News.mn сайт мөн өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “Нас барсан хүний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх олдсон” гэх гарчигтай мэдээлэл цацсан. Энэ мэдээнд “тухайн иргэн өөр дээрээ 5 литрийн усны савтай бензин асгасан гэх мэдээлэл байна” хэмээн бичсэн нь хэрхэн өөрийгөө шатааж амиа хорлож болох тухай мэдээллийг уншигчдад өгсөн. Энэ нь өсвөр насны хүүхэд болоод амиа хорлохоор зэхэж буй хүмүүст санаа сэдэл өгөх эрсдэлтэй гэж гомдол гаргагч үзсэн.
Редакц хариу тайлбартаа дээрх мэдээллийг бэлтгэхдээ ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд гомдол гаргагчийн дурдсан заалт тус бүрт тайлбар ирүүлжээ. “Тухайн хэрэг явдлын зургуудаас зөвхөн ийм хэрэг гарсан гэдгийг нотлох зураг сонгон нийтлэхдээ хэт ойроос аваагүй, хүний сэтгэл зүйд шууд сөргөөр нөлөөлөхөөргүй зураг сонгосон, болсон хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагын эрх бүхий хүнээс тайлбар авч оруулсан бөгөөд гэмт хэрэг, осол гамшгийн мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэдэг зарчмын хүрээнд мэдээлсэн, тухайн хэргийн процесыг харуулсан видео, гэрэл зураг байсан ч редакцын шийдвэрээр тэдгээрийг ашиглах нь ёс зүйгүй гэж үзээд ашиглаагүй” гэдгээ хариу тайлбартаа дурджээ.
Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд news.mn сайтын мэдээлэл Ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.
–Ergelt.mn сайтад 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр уг хэрэг явдлыг “ШУУРХАЙ: 34 настай Э.Энхтөгс гэх залуу Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатааж, амиа алдлаа” гэсэн гарчигтай нийтэлжээ.
Ergelt.mn сайтын энэ мэдээлэл нь цогцосны гэрэл зургийг нийтэлсэн нь хүний сэтгэл сэртхийлгэм байсан бөгөөд ойроос авсан зураг нь талийгаачийг маш өрөвдөлтэй харагдуулсан, ар гэрийнхэн нь үзээд ямар байх тухай огтхон ч бодоогүй, амиа хорлосон иргэний овог нэр, нас, хаана ажиллаж байсан зэрэг хувийн мэдээллийг түүнийг таньж мэддэг хүмүүст шууд хэн гэдэг нь ойлгогдохоор ил болгосон, Сүхбаатарын талбайн баруун талаас алхаж орж ирэхдээ өөр дээрээ таван литрийн цэвэр усны саванд хийсэн шатахуун асгажээ. Ингээд 20 орчим алхаад шүдэнз зурж өөрийгөө шатаасан хэмээн амиа хорлох аргыг нарийвчлан бичсэн нь бусад хүмүүс санаа сэдэл авахаар байсан зэрэг нь Ёс зүйн зарчмуудыг зөрчсөн гэж гомдол гаргагч үзсэн.
Редакц гомдлын дагуу хариу тайлбар ирүүлээгүй болно.
Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд хохирогчийн овог нэр, нас, эрхэлж байсан ажил зэргийг нийтэлсэн, цогцосны зургийг хэт ойроос, тал бүрээс нь авсан зургуудыг ямар нэг шүүлтүүргүйгээр нийтэлсэн, амиа хорлосон иргэний шатах үеийн болон дараах зургууд болон овог нэрийг бүтэн дурдсан зэрэг ёс зүйн алдаа байсан гэж дүгнэлээ.
Хэнтий аймгийн эмч нарын буруутай үйлдлийн талаар мэдээлсэн хоёр сайтад зөвлөмж хүргүүллээ
2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нэр бүхий хоёр сайтад “Хэнтийн эмч нарт ЁС ЗҮЙ байна уу?” гэсэн гарчигтай нэг ижил агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд энэхүү мэдээлэл нь эрүүл мэндийн салбар болон Хэнтий аймгийн эмч нарын нэр хүндийг гутаан доромжилсон гэсэн гомдлыг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлжээ.
“…Тэгвэл мөнгө нулимсанд живсэн эрүүл мэндийн салбар “алуурчид”-аар хүрээгээ тэлж иргэдийг үхэл рүү түлхсэн тухай харамсалтай мэдээлэл байна” гэсэн өгүүлбэр нь эмч нарыг гутаан доромжилсон гэдгээ гомдолдоо онцгойлон дурджээ.
Редакцуудын зүгээс тайлбар бичиж ирүүлсэн юм. Эмч нарын буруутай үйлдлээс болж хохирсон иргэний ярилцлагад энэхүү мэдээлэл үндэслэгдсэн бөгөөд ярианы бичлэгийг нотолгоо болгон Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн юм. Мөн гомдол гаргагч тал редакцтай холбогдож уучлалт гуйсныг мэдэгдсэн. Тиймээс Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд энэ мэдээлэл нь үнэн бодитой, баримттай болохыг онцлон тэмдэглэж байгаа ч нийтлэлд “алуурчид” хэмээн бичсэн нь сэтгүүлч сэтгэл хөдлөлдөө хэт автсан, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажиллагсдыг нийтэд нь доромжилсон гэж үзсэн тул Ёс зүйн зарчмын 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа тул редакцад зөвлөмж хүргүүлэхээр шийдлээ.
Гадаад эх сурвалжаас орчуулсан мэдээлэлд редакцыг буруутгах үндэслэлгүй
Sodonnews.info сайтад 2020 оны арванхоёр дугаар сарын 25-ны өдөр “Жирэмсэн үедээ нөхрөө уйдаахгүйн тулд өөр эхнэр олж өгсөн Малайз бүсгүй” гарчигтай орчуулгын мэдээ нийтлэгджээ. Энэ мэдээ нь эмэгтэйчүүдийг ялгаварласан, үл хүндэтгэсэн байна гэсэн гомдлыг иргэн Б.А ирүүлжээ.
Энэхүү гомдлыг нягтлан хэлэлцээд улс орнууд өөр өөрийн гэсэн соёл, зан заншил, шашин шүтлэгтэй бөгөөд олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг улс орон цөөнгүй байдаг учир гадны оронд болсон үйл явдлын талаар орчуулан хүргэсэн редакцыг буруутгах боломжгүй тул хэлэлцэх үндэсгүй гэж үзлээ.
Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА