2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны “Мэдээллийн урсгал” хөтөлбөр хэдэн телевизээр зэрэг гарч байхад буюу 12:00-15:00 цагийн хооронд ntv, Монгол HD, Eagle tv дээр үзэгчдийн ихэнх сувгаа тохируулжээ.
Зүгээр л үздэг сувгаа тааруулсан байх магадлалтай. Заавал хамтран энэ төслийг хийх шаардлага юу байсан юм бол?
Найман телевиз хамтран ажиллах болсон шалтгаанаа “Нийгэм нь мэдээлэлдээ живчихсэн, үнэн худлын дунд төөрөөд итгэлцлээ гээчихсэн яг энэ цаг үед сэтгүүлчид үндсэн зорилго дээрээ нэгдэж байна” гэж тайлбарлажээ.
Нийгэмд нэвтрүүлгийн агуулга, боловсруулалт гаргалт, түгээлт, дамжуулалтыг зангидан хянах гэсэн оролдлого гэсэн шүүмжлэл явж байна. Үүнийг “цензура” гэдэг. Хувийн телевиз өөрийн сувгаар гаргаж буй контентийг шууд “цензура” гэж хэлж боломгүй. Зөвхөн төр л “цензура” тавьдаг бас хэрэгжүүлдэг.
Гэхдээ ямар эргэлзээ, ямар асуудал байна вэ? Миний хувьд дараах зүйлийн талаар цаашид бодох хэрэгтэй санагдсан.
- Ижил агуулгыг нэгэн зэрэг олон сувгаар цацах нь үзэгчдийн сонголтыг хяхан боогдуулсан, зүйрлэвэл картелийн шинж чанар агуулж байна. Дээхнэ үед “Алтан шонхор“ хэмээх ТВ-үүдийн наадмыг нэгэн цагт явуулж шүүмжлэлд өртөж байсан. Ийм алхам хийх үр дүн, хүлээлт нь юу байсан юм бол? Хувийн телевизийн хүсдэг, зорьдог үзүүлэлт бол үзэгчийн үнэлгээ, хувь, хүртээмж, (Rtg, Share, AvRch) гэх мэт байдаг, үүгээр л өрсөлддөг. Өрсөлдөх чадвартай болох хамгийн дөт зам бол цэвэр өрсөлдөөн.
Телевизүүд үзэл санаагаар ялгарах хэрэгтэй. Үзэл номлол нь хамаагүй, талуудыг ээлжлэн гаргах нь “олон ургальч, өөр өөр өнцөг, байр суурь“ харуулж буй хэрэг огт биш. Харин бид ийм үзэл санааг дэмждэг гэдгээ ил тод зарлаж, түүнд тохирохгүй хүнд цаг, зай байхгүй гэдгээ хэлэх нь “мэдээлэлдээ живчихсэн, үнэн худлын дунд төөрөөд” байгаа хүнд зүгээ олоход тус болмоор. Юуг, хэнийг дэмжиж буй нь тодорхой, байр сууриудыг үзсэн үзэгч хэрсүүжих магадлалтай. Мэдээллийн тэнцвэр гэдэг зүйл нь оролцогч талуудад ижил хугацаа, зай талбай гаргаж өгснөөр хэрэгждэггүй. Тэнцвэр үзэгч, мэдээлэл хүлээн авагчийн тархинд үүсдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэнийг дэмжиж байгаа, тухайн асуудал дээр ямар байр суурь баримталж байгаагаа ил тод зарлах нь үзэгчийн тархи, сэтгэлд шүүлтүүр үүсгэж үүний ачаар мэдээллийн тэнцвэр үүсдэг.Хувь хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө гэдэг дотор санал үл нийлэх эрх ч багтдаг. Жишээ нь, сонины газар бүр редакцын бодлоготой нь нийцэхгүй нийтлэлчийн бүтээлийг нийтлэхээс татгалзах эрхтэй. Хүссэн бүхэнд ажил, камер, микрофон, булангаа өгөх боломжгүй. Спонсор ч өөрийн үзэл бодолтой нь нийцэхгүй хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй. “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэдэг нь дэмий юм ярьж буй хүнд микрофон өг гэсэн үг ерөөс биш.
- Санхүүжилтийн талаар асуултууд байсан. Засгийн Газраас санхүүжүүлээгүй гэж мэдэгдсэн. Хэзээ нэгэн цагт гарч ил болж мэдэх мөнгөний урсгалыг худлаа хэлсэн гэж бодохгүй байна. Тиймээс Засгийн Газар санхүүжүүлээгүй гэдэгт итгэж байна.
Гэхдээ улс төрийн арга хэмжээгээр буюу хүчээр хэрэгжүүлсэн төслүүд ямар арга замаар, хэнийг золиослон, “зарцуулан” үр дүнд хүрэхээ тооцоогүй байдаг. Яагаад хүчээр гэж хэлэв гэхээр зочид нь “шахуулж”, эсвэл “зөвшөөрлөөр” ирдэг бололтой тайлбарласан.
Хөтөлбөрийн дундуур одоогоор зургаан төрлийн реклам явж байна.
Хэрэгжүүлэх зардал нь бүрхэг,алдагдал хүлээх магадлалтай төсөл.
- Хамтран ажиллах болсон бас нэг шалтгаан нь нэг телевиз дангаараа өдий дангийн контент хийхэд техникийн болоод хүний нөөц хангалтгүй юм гэнэ. Мэдээгээр дагнасан ТВ ч энэ хэмжээний хөтөлбөрийг өдөр бүх хийж, хүргэж чадахгүй. ”Монгол Улс уртаашаа төдхөн ЭКМО аппараттай” гэж мэдээг бид их сонсож байна. Ингэхэд телевизүүд хэдэн камер,хэр талбайтай студитэй, хэн нь шууд дамжуулах явуулын станцтай юм бол?
Хэвлэл мэдээлэл бол бизнес. Өөрсдийн нөөцийг, зах зээлийн боломжид тааруулан бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, үр ашгийн тооцоогоо дахин нэг бодож үзэх хэрэгтэй болов уу. Нэг хожоо нь ,энэ төсөл боломжийн мэдээллийн хөтөлбөр хийх техник, эдийн засгийн тооцоо, баримжаа болох биз ээ.
Хийвэл гоё юм зөндөө бий. “Тийм биз дээ” гэвэл “Тийм ээ” гэж хариулахаас аргагүй. Гоё зорилгуудын цаана хэлээгүй “Хэнд зориулж?” “Хэний мөнгөөр?” гэсэн асуулт явдаг. Хүсэл,тэмүүлэл хэн нэгнийх л байх ёстой.
Төгсгөлд нь, "Мэдээллийн урсгал” санаачлагч нь хэн, продюссер тэр, найруулагч, …..хөтлөгч гэх мэт титрээ урсгаж “нэр төртэй” төгсгөмөөр байна.
Эх сурвалж: SHUUD.MN