Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нь энгийнээр хүн идэвхитэй ажил хөдөлмөр хийж байгаа насан дээрээ цалингаасаа тодорхой хувийг тэтгэвэрт гарахдаа хэрэглэхээр хуримтлуулж байгаа мөнгө гэж хэлж болно. Мөн эрүүл мэнд, ажилгүйдлийн эрсдэлээ ч давхар тооцоолж түрүүлж хуримтлал үүсгэж байгаа гэсэн үг.
Жишээ нь: 500 мянган төгрөгийн цалинтай иргэн цалингаасаа 62.500, байгууллага тухайн хүнд 67.500 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд сар бүр төлдөг.
Манай тогтолцоогоор иргэдийн НДС-д төвлөрүүлсэн мөнгийг төр зарцуулдаг. Зөв зарцуулж, таныг тэтгэвэрт гарахад өгнө гэж сангийн эрхийг авдаг ч тэтгэврийн сан хоосорчихлоо гээд иргэдээс авдаг мөнгөө сүүлийн гурван жил нэмсэн.
Төрийн энэ үйлдлийг харсан зарим иргэд нийгмийн даатгалд сар бүр төлж байгаа мөнгөө өөрөө банкинд хүүтэй хадгалуулбал тэтгэвэрт гарахад “овоо” болно доо гэж халаглаж сууна.
ОУ-ын валютын сангийн зөвлөснөөр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх зорилготойгоор НДШ-ийг 2018-2020 онд шат дараалалтайгаар таван хувь нэмсэн:
2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь гээд нийтдээ 5 хувиар нэмэгдээд байгаа юм. Ингэснээр НДШ-т ажилтан 12.5%, ажил олгогч 13.5% шимтгэлийг төлж байна. Цар тахалтай холбоотойгоор 2020.10.1-2021.7.1 хүртэл НДШ-ийг ажилтан ажил олгогчоос тус бүр хоёр хувийн хөнгөлт эдэлж байгаа.
Зүй нь бид төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ тэтгэврээс гадна эрүүл мэндийн даатгалыг ч олигтойхон эдлэх ёстой ч гадагшаа явах визэнд орохдоо л харуулдаг тодорхойлолт төдийхнөөр бидний амьдралд ач тусаа гялтайлгаж буй.
Орлогоосоо сар бүр төлж байгаа иргэдийн мөнгөнөөс 200 гаруй тэрбум төгрөгийг дампуурч байгаа банкинд хадгалуулж “үрэн таран” хийчихээд төр одоог хүртэл хээв нэг сууж байх.
Угтаа олон улсад нийгмийн даатгалын сангийн хуримтлалаар томоохон хөрөнгө оруулалт хийж арвижуулдаг. Харин манайд урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг өнөөдөр ажил хийж байгаа иргэдээсээ авсан мөнгөөр тэтгэврээ арайхийн тавьж сууна.
Улс төрийн оноо авах гэж нэг орд газраар /700 гаруй тэрбум төгрөг/ тэтгэврийн зээл тэглэж байсан мөнгөөр “дампуурсан” нийгмийн даатгалын сангаа нэг удаа ч гэсэн зузаатгаж болмоор.
Нийгмийн даатгалын санг шинэчлэх нь иргэдийг тэтгэвэрт гарах хүртэл үр дүн нь шууд "мэдрэгдэхгүй" ажил учраас эрх баригчид нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчилчих зориг дутаж, хойшлуулсаар байна уу?