Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэгдээд бүтэн нэг жил гурван сарын нүүрийг үзэж байгаа билээ. Харин коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш яг нэг жил болж байна. Энэ хугацаанд бэлэн байдлын зэргийг ахиулан хоёр ч удаа бүх нийтийг хамарсан хатуу хөл хориог тогтоосон. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард цагаан сарын баярын үеэр 12 хоногийн хатуу хөл хориог тогтоон нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г өрнүүлж 440 гаруй мянган өрхийг хамруулж, уг шинжилгээгээр 56 халдварын тохиолдлыг илрүүлсэн. Үүнийгээ ч Ерөнхий сайд, Шадар сайд, УОК, НОК, ЭМЯ-ныхан ам булаалдан магтаж байсан цаг саяхан.
Тэгвэл өнөөх үр дүнтэй байсан гэх "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нээс хойш сар хүрэхгүй хугацаанд халдварын тоо өдөрт 100 хол даван сүүлийн хоёр өдөр дараалан нийслэлийн нэг хороо, нэг хотхонд хязгаарлалт тогтоон хөл хорилоо.
Ойрын хавьтал байтугай онош батлагдсан иргэдээ тусгаарлах орны хүрэлцээ алга
Өнгөрсөн хугацаанд орны нөөц хангалттай, эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж болон, зочид буудлуудыг тусгаарлах байраар ашиглана зэргээр бэлэн байдлыг хангасан талаараа УОК, НОК олон ярьсан. Гэвч өнгөрсөн хугацаанд тусгаарлалтын байрны хүрэлцээ муугаас болж гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг хэдэнтээ хойшлуулж харийн нутагт эх орон руугаа ирэх гэсэн иргэд жагсан суулт хүртэл хийсэн. Асуудлыг нааштайгаар шийдэн гадаадаас иргэдээ татаад эхэлтэл дотооддоо ойрын хавьтлыг тусгаарлах байргүйн улмаас ХӨСҮТ-ийнхэн иргэдийг гэртээ гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлаад амны хаалттай 14 хоног байгаарай гэх. Тэр бүү хэл ойрын хавьтал болсон иргэд өөрсдөө утсаар залгахад өнөөх ХӨСҮТ, УОК, НОК-ын олон дугааруудаас ганц хоёр нь л дуудлагад хариу өгч бид зөвлөгөө өгөх үүрэгтэй энэ асуудлыг холбогдох хүнд нь хэлээд эргээд холбоо барья гээд таг болсон тохиолдлууд ч байна. Арга ядсан иргэд тал тал тийшээ ярьж байж нэг нь эргэн холбогдсон таныг бүртгэж авлаа эргэн холбогдоё гэх өмнөх үгээ л дахин сонсдог аж.
Тиймээс орны нөөц хангалттай биш, нийт халдвар авч байгаа иргэдийн 80 хүртэлх хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа гэдгийг ЭМЯ-ныхан тодотгон Шадар сайд Л.Амарсайхан өчигдрөөс хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг гэрээр эмчилж байгаагаа зарлалаа. Ингэхдээ иргэдийн нөхцөл байдалтай танилцан гэрээр эмчлүүлэх хүсэлтэй иргэдийг тусгаарлахгүй хэмээн тодотгосон. Хаана байна бүтэн жил бэлтгэсэн бэлэн байдал нь. Үүнийгээ ч тэд олон улсад ч нөхцөл байдал ийм л байгаа. Ганц манайд ч орны хүрэлцээний асуудал яригдаагүй хэмээн дэлхийтэй эн зэрэгцэж буй мэт тайлбарласан. Харин ч манайд нас баралт болон эмнэлгийн ажилчдын халдвар авч байгаа тохиолдол хамгийн бага байгаа бахдам амжилтаа байн байна сануулна.
Цахимжсан ч цаггүй болсон шинжилгээний цэгүүд
PCR шинжилгээний төвүүдэд шинжилгээ өгөх иргэдийн асуудал шүдний өвчин хэвээр л байна. Үе үеийн Шадар сайд, ЭМ-ийн сайд шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргах бүрэн боломжтой гэдэг ч тэр боломж нь ховор. Байраараа тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу 72 цагтаа багтаж ирсэн ч асуудал байгаа. Цар тахлын үед цахим систем руу хурдацтайгаар шилжин энэ давлагаанд ч шинжилгээний төвүүдийг нэгтгэсэн ч эхнээсээ л асуудал дагуулж сайт нь ачаалаа даахгүй унаж, иргэдийн шинжилгээний хариу программын алдааны улмаас зөрсөн тохиолдол ч гарсан. Одоо ч иргэдийн утсанд таны шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж мэссэж ирсний дараа удалгүй ХӨСҮТ-ээс залган таны шинжилгээний хариу эерэг гарсан программд алдаа гарчээ гэх асуудал тасраагүй. Магадгүй үүнээсээ ч болсон уу энэ долоо хоногоос иргэдийн шинжилгээний хариуг мессэжээр илгээх ажлыг зогсоосон. Өнөөдөр аль ч шинжилгээний цэг цаг аваагүй иргэнд үйлчлэхгүй гэдэг хатуу журмыг мөрдөж байгаа. Харин бодит байдал дээрээ цаг авахаар цахим сайт руу хандахад гуравдугаар сарыг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүргийн шинжилгээний цэгүүдийн цаг хэдийнээ “ДУУССАН” гэх хариуг танд үзүүлнэ. Жирэмсэн болон эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн иргэдээс тэр бүү хэл зарим нэг төрийн байгууллага PCR шинжилгээний хариу нэхэж байгаа. Тэд “Уучлаарай цаг дууссан гээд шинжилгээ өгч чадсангүй ээ” гэхээр эмнэлэг, байгууллага нь нэвтрүүлэхгүй болохоор өндөр үнээр ч хамаагүй хувийн эмнэлэгт мөнгөө төлөөд шинжилгээгээ өгч байгаа.
Хоёрхон хоногийн өмнө Шадар сайд ЭМЯ-н дээр ажиллахдаа ХӨСҮТ дээр ноцтой асуудлууд байгааг онцлон ХӨСҮТ-ийн ажилтан танилынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж эхнэрийг нь нөхрийх нь өмнөөс шинжилгээ өгүүлэн орон нутгийн тээвэр хийлгүүлж байсан ч эхнэрээс нь халдвар илэрч, нөхөр нь сөрөг гарч тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгосныг хэлсэн. Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн тухайн асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан. Уг үйлдэл баримтаар нотлогдвол байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авах тухай ярьсан. Үүнд хуульч, өмгөөлөгчид хууль хяналтын байгууллагаас дээрх үйлдлийг шалгаж, ХӨСҮТ-ийн ажилтнуудын буруутайг тогтоох аваас энэ нь эрүүгийн маш ноцтой гэмт хэрэг болно гэдэг хэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдаас авлига авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг гэмт хэрэгт тооцогдох аж.
Хэдий болтол иргэд шинжилгээний цаг авч чадахгүй, авсан ч тухайн цэг дээрээ цагаараа үйлчлүүлэх боломжгүй дугаарлах вэ УОК-ынхон.
Үүр шөнөөр хийдэг гэнэтийн шалгалтууд чинь үр дүнгээ өгдөггүй ээ, дарга нар аа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга нарын Д.Сумъяабазар нарын үүр шөнөөр хийдэг гэнэтийн шалгалтуудаас үр дүнгээ өгч байгаа зүйл бодит амьдрал дээр алга. Нөхцөл байдал дээр сүр бараатай очиж сүрхий нь аргагүй иргэдийн зовлонг сонсон хурган дарга нараас хариуцлага нэхэн заавар зөвлөмжийг хүргүүлсэн тухайгаа тод чанга дуугаар хэлээд ч нэмэр алга. Бахь байдгаараа өнөөх л тусгаарлалтын асуудлууд, шинжилгээний цэгүүдэд үүсэж байгаа дугаарлалт, хариугаа авах гэж 24 цагаас илүү болдог нөхцөл байдал, тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч ажилчдын хоол, хангамж өнөөдөр ч засарсангүй.
Дараалал нь тодорхойгүй вакцинжуулалт
Дэлхийн улс орнууд вакцинжуулалтаа эхлүүлэн нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарынхан болон халдварын голомтод ажиллаж байгаа эрсдэл бүхий албан хаагчид, өндөр настнуудаа вакцинжуулалтад хамруулж байгаа. Манайд хоёрдугаар сарын 23-нд эрсдэл өндөртэй эрүүл мэндийн салбар, голомтод ажиллаж байгаа албан хаагчдаас вакцинжуулалтыг эхэлүүлсэн. Харин үүнээс 20 хоногийн дараа 50-65 настай өндөр настнуудаа хамруулж байгаа. Халдварын эрсдэл өндөртэй өндөр настануудын вакцинжуулалтын урдуур дарга нар, худалдаа үйлчилгээний салбарынхан, такси нийтийн тээврийнхэн, спортынхон, хурган дарга нар ч хамрагдсан. Ямар эрэмбэ дараалалтайгаар, аль салбарын хэдэн хүн вакцинжуулалтад хамрагдсан болон хэзээ, хэн, хэрхэн хамрагдах нь өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээр байна. Тэд нэгтгэсэн тоог л цагаар, өдрөөр зарлаж байгаа. Анх эхэлснээ бодвол хамрагдах хүний хүрээ тэлж байгаа нь авууштай. Харин нийслэлд халдварын эрсдэлгүй хороо байхгүй болсныг сүүлийн өдрүүдэд олонтаа сонсох болсон нь таагүй. Одоогоор эхний тунгаа хийлгэсэн хүн халдвар авсан тухай таагүй мэдээ алга. Бас хоёр дахь тунгаа хийлгэж амжаагүй байгаа болохоор иргэн бүр хичээх цаг гэдгийг л сануулсан хэвээр.
Сахил хүртээд шал дордов…ЭМЯ-ны хэвлэлийн хурал
ЭМЯ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл хүргээд бүтэн жил болжээ. Гэвч анх эхэлсэн цагаасаа өдгөө ЭМЯ-ны хэвлэлийн хурал улам л дордсон. Сүүлийн үед иргэдэд дасал болсон мэргэжилтэн дарга нар нь эхнээсээ солигдон өдөр бүр шахам өөр өөр хүн орж, хэлэх мэдээллийн цар хүрээ ч хумигдсан. Зөвхөн хэдэн хүнд шинжилгээ хийсэн, хэдэн хүнээс илэрсэн хэдэн нь эдгэсэн, эмнэлэгт хэд байгаа гээд тоймтой хэдхэн тоог хэлдэг болсон. Халдварын аль голомтоос хэчнээн хүн илэрсэн, тэр голомт хумигдсан эсэх нь таавар хэвээр. Сэтгүүлчид асуултаараа тэдний амыг чангааж байж нэмэлт мэдээлэл хэлүүлнэ. Иргэдээс ирж байгаа гомдлыг тодруулья гэдэг ч маргаашийн хурал дээр мэдээлсэн тохиолдол байхгүй.
Энэ мэт жил дамнасан ч жигдэрдэггүй бэлэн байдлын талаар тоочоод байвал барахгүй нь ээ дарга нар аа.