Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г саяхан баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
10 их наядын төлөвлөгөөний томоохон хэсэг болох ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бодит эзэндээ саадгүй хүрч чадах эсэх, ямар эрсдэлүүд үүсэж байгааг сануулах үүднээс ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа
“10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?”сэдвээр мэргэжилтнүүдийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Сангийн яамны Санхүүгийн бодлогоын газрын дарга Ц.Зоригтбат
- Эдийн засагч Д.Ангар
- Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзориг
Онцлох эшлэлээс хүргэе
Эдийн засагч Д.Ангар:
- 10 их наядын төлөвлөгөөг танилцуулахдаа Сангийн сайд 5-7 их наяд төгрөг хэвлэнэ гэж маш тодорхой хэлж байсан. Олон нийт үүн дээр нь эсэргүүцээд эхлэхээр маргааш нь энэ үгнээсээ буцаад хэвлэхгүй болоод явсан. Миний харж байгаагаар мөнгө хэвлэж л таарна. Мөнгө хэвлэх нь ч бас буруу зүйл биш. Энэ хямралын үед мөнгө хэвлэж эдийн засаг руугаа оруулахаас өөр аргагүй.
- Сүүлийн гурван жил Монгол банк маш хатуу мөнгөний бодлого явуулсан. Хатуу гэдэг нь эдийн засаг дээрээ эргэлдэж байсан бүх мөнгө төр өөр рүүгээ татсан. Төв банкан дээр найман их наяд төгрөгийн буюу ийм их хэмжээний үнэт цаас байна гэдэг нь үнэт цаасны хүү маш өндөр байнаа л гэсэн үг. Эрсдэл өндөр байгаа учраас банкууд зээл гаргах сонирхолгүй байна гэдэг нь зөвхөн өнгөц тайлбар. Хүү нь өндөр байгаа учраас банкнууд зээл гаргахгүй төв банкны хүүгээс хангалттай ашгаа олчхож байна гэсэн үг.
- Ковидийн эдийн засгийн хямралын үед улс орнууд эдийн засгийнхаа хувьд нийтлэг нэг арга хэмжээ авч байгаа нь бодлогын хүүгээ тэглэх. Тэглээгүй нь өмнө байсан хүүгийнхээ төвшинг 80-90% бууруулсан. Манайд харин дөнгөж 20% бууруулсан. Үүнээс болж Монгол банкны үнэт цаасан дээр байршиж байгаа мөнгө түүхэн дээд хэмжээнд хүрчихлээ.Түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэдэг нь эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой мөнгийг төр нь өөрлүүгээ татаад авч байгаа л гэсэн үг.
- Найман их наядаас жилийн 6%-ийн хүү авахаар банкууд Монгол банкнаас жилийн 500 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна.500 тэрбум нь банкны системд хангалттай учраас зээл гаргахгүй байна. Статистик харвал сүүлийн жилүүдэд зээл олголтын хэмжээ буурсан. Шалтгаан нь төв банкны үнэт цаас болгоод байна. Монгол банкны Ерөнхийлөгч энэ нэвтрүүлгийг үзэж байвал бодлогыг хүүгээ бууруулах цаг нь болсон.
- Энэ зээлд төр оролцохгүй гэж байгаа боловч энэ бол худлаа тайлбар. Төр бол Зээлийн батлан даалтын сангаараа дамжуулж бүрэн оролцохоор байна. Хэдийгээр зээлийг нь арилжааны банк өгч байгаа боловч зээлийг батлан даалтын сан баталгаа гаргасны үндсэн дээр зээл гаргана. Улс төрчдийн компани дээр батлан даалтыг хурдан гаргана, жирийн аж ахуй нэгж дээр баталгаа гардаггүй барьцаа шаардах зэрэг эрсдэл маш өндөр байна.
- Нэгдүгээрт зээлийн батлан даалтын сан гэдэг нь маш том авилгын асуудал. ЖДҮ-гийн түүхийг давтах маш том эрсдэлтэй байна.
Банкуудын хадгаламжийн хүүг гурваас бага болгож байж хоёр их наядын зээл үр дүнтэй хэрэгжинэ
- Хоёр дугаарт хүүгийн маш буруу, зүй тогтолгүй хүүний төвшинг эдийн засагт төр өөрөө бий болгоод байна. Байгууллага 3% хүүтэй зээл авчихлаа гэхэд арилжааны банк нь буцаагаад 10% хүүтэй хадгаламж хэлбэрээр авч байна. Эсвэл Монгол банк 6% хүүтэй авч байна. Энэ бол төрийн логикгүй, ойлгомжгүй бодлого. Баруун гараараа 3% хүүтэй зээл өгчихөөд зүүн гараараа 6% хүүтэй зээл аваад байна гэсэн үг.
- Уг нь энэ 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэхийн өмнө төв банк бодлогын хүүгээ тэглэх ёстой байсан. Арилжааны банкнуудын хадгаламжийн хүүг 3-аас доош болгож байж энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжинэ.
- Энэ хөтөлбөрийн бас нэг ойлгомжгүй зүйл нь аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа томсгоно гэж яриад байгаа. Энэ ковидын үед ямар ч боломжгүй зүйл, аж ахуй нэгжүүдэд харилцагч байхгүй учраас. Уг нь 10 Их наядыг дахин санхүүжилтийн зориулалтаар ашиглавал аж ахуй нэгжүүдэд маш хэрэгтэй байсан. Аж ахуй нэгжүүд тэр мөнгийг бизнесдээ зарцуулах, шинэ төсөл хэрэгжүүлэх биш хуучин зээлээ төлөх. Хуучин 18%-тай авсан зээлээ 3%-руу оруулахыг нь төр дэмжих ёстой байсан. Харамсалтай нь энэ хөтөлбөр дээр тэгж болохгүй юм байна лээ.
- Монгол банк хоёр жилийн өмнө хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихаар иргэд банкнаас зээл авч чадахгүй банк бус руу очсон. Банк бусын зээл сүүлийн хоёр жил бараг хоёр дахин өссөн. Ломбардаас зээл авсан. Банк бусын зээл жилээр нь ярих юм бол 40-60 хувийн хүүтэй, ломбардын зээл 200-300 хувийн хүүтэй. Иргэд сонголт байхгүй учраас 200-300 хувийн хүүтэй зээл авч байна. Гэтэл манай төрийнхөн ард иргэдийн амьдралыг ойлгохгүй, аж ахуй нэгжийн асуудлыг шийдээд сайхан яваад байгаа мэт. Монгол банкнаас гаргасан зээлийн дундаж хүү 16% гээд хиймэл тоонд итгээд яваад байгаа.
- Банкны шалгуурыг бууруулах ёстой. Банкнууд өөрсдөө шалгуураа бууруулахгүй. Төв банк бодлогын хүүг бууруулсан цагт л бууруулна. Найман их наядаа хадгалах газаргүй болоод, аж ахуй нэгжүүдийнхээ хойноос хөөцөлдөх ёстой.Ийм боломжийг бүрдүүлэх боломж төрд байгаа. Монголоос бусад бүх улс оронд банкнууд нь аж ахуй нэгжүүдийнхээ хойноос зээл өгье гээд гүйдэг.
- Тэр нь төв банк арилжааны банкнуудаас өндөр хүүтэй мөнгө татахаа болиоч ээ. Тэгэхээр энэ 10 их наядын хөтөлбөртэй, хөтөлбөргүй өөрсдөө хүүгээ буулгая, хугацааг нь уртасгая, барьцаагүй зээл олгоё гээд гүйнэ.
- Энэ 10 их наядын хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй, өндөр хүлээлт тавиад хэрэггүй. Яагаад гэхээр зээл олголт явсаар явсаар барьцаан дээр очоод унана, банкнууд барьцаагүй нэг төгрөгийн ч зээл олгохгүй. Харин амжилттай болгох нөхцөл нь ердөө төв банкны бодлогын хүүгээ бууруулах юм. Үүнийг би зохиогоод яриад байгаа биш бусад бүх улс оронд сүүлийн хоёр жил тохиолдсон зүйл. Аж ахуй нэгжүүд нь банкруу явах биш, банкнууд нь аж ахуй нэгж рүү явах ёстой.