Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, шинэ зохицуулалт хийх тохиролцоонд хүрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ үед Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт гэрээний талаар МҮХАҮТ-ийн дэргэдэх ОУ-ын Арбитрын арбитрч Г.Хонгор мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нар буюу сангууд 5.3 тэрбум доллар яагаад хүрэлцэхгүй болсон бэ? Мөн 25 сар буюу 2.5 жилээр оруулсан хөрөнгө оруулалт уул уурхайн ажил яагаад зогссон бэ? гэсэн хоёр асуудлыг тавьж байна. Үүний шалтгаан нь 34 хувийг эзэмшиж байгаа Монголын тал маш сул анхаарал тавьсны улмаас үйл ажиллагаа нь сөрөг байдалд хүрсэн гэж үзэж байна. Дубайн гэрээг цуцлах нь Монголын талд ашигтай юу ашиггүй юу гэдэг өнцгийг олж харахгүй байна.
Ерөнхийдөө Дубайн гэрээг цуцлах мессежийг анх Рио тинто гаргасан. Энэ мэдэгдлийг нэгдүгээр сарын 11-нд гаргахад тухайн компанийн хувьцаа 20 хувь хөрөнгийн бирж дээр унасан бол дараа нь тухайн компаниас энэ санхүүжилтийн мөнгийг босгохын тулд алтны урьдчилсан худалдаа, дундийн зориулалттай хувьцаа гаргах мэдээлэл гарсан даруйд эргээд хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш нь өслөө. Өөрөөр хэлбэл энд манай талын эрх ашиг орхигдсон байна. Тиймээс бид зөв зүйтэй шийдвэр гаргахгүй бол Монголын тал хуулийн хариуцлагад унана" гэв.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас “Оюу толгой” ХХК-ийн Зэсийн үйлдвэрийн гүний өргөжүүлэлтийг бүтээн байгуулах зорилгоор “Рио Тинто” групптэй 2015 онд “Дубайн гэрээ”-г байгуулсан. Тэгвэл энэ гэрээг Монголын талд ашиггүй гэж үзэж, цуцлах саналаа Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд “Рио Тинто” групп руу илгээсэн ба үүнээс хойш хоёр сарын турш талууд дээрх асуудлыг хэлэлцэж, “Оюу толгой” ХХК-тай холбоотой санхүүжилтийг шинэ гэрээгээр зохицуулах болсон аж.