АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Хонгорзул Монгол Улсад орж ирсэн вакцины талаарх мэдээллийг хүргэлээ.
Т.Хонгорзул доктор "Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Монгол Улсад гурван төрлийн вакциныг оруулж ирээд байна.
Үүнд, AstraZeneca Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцин, Хятадад үйлдвэрлэсэн Sinopharm вакцин, ОХУ-д үйлдвэрлэсэн SputnikV вакцин багтана. AstraZeneca, SputnikV Векторийн вакцинд хамаарагддаг. Sinopharm вакцин идэвхгүйжүүлсэн вакцинд тооцогддог. Коронавирусний үүсгэгчээс ялгаж авсан эдгээр вакцины бэлдмэлүүд нь тус бүрдээ давуу ба сул талтай.
Идэвхгүйжүүлсэн вакциныг уламжлалт аргаар гаргаж авдаг. Коронавирусийн үүсгэгчээс тодорхой бүтцийн хэсгийг цэвэршүүлж, идэвхгүйжүүлж бэлдсэн вакцин гэсэн үг.
Векторийн вакцин гэдэг нь коронавирусийн генийг зөөгч вируст суулгадаг ба энэ нь дархлааны эсэд маш хурдан танигддаг. Вакциныг үйлдвэрлэсэн арга нь ялгаатай ба үйлчилгээ нь ч мөн өөр гэсэн үг юм. Эдгээр вакцинуудыг хоёр тунг хийлгэдэг нь дархлааны хариу урвалтай хамаатай.
Вакциныг яагаад хоёр тун хийж байгаа вэ?
Хүний биед эхний тунг хийсний дараа хоёр төрлийн урвал үүснэ. Эхнийх нь төрөлхийн дархлаа, хоёр дахь нь өвөрмөц дархлааны урвал юм. 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Энэ нь өвөрмөц дархлааны урвалыг илүү хүчтэй болгодог. Тиймээс вакциныг 2 тунгаар хийдэг гэж ойлгож болно" гэв.