/Эрэн сурвалжлагч У.Болортуяа нэвтрүүлгийн шинэ дугаар БЭЛЭН БИШ БЭЛЭН байдал нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх/
Хэлж ирээгүй хийсч ирсэн аюулт тахал коронавирус Дэлхийн 224 улсад тархаж, 99 сая хүн өвчилж, 2 сая хүн амиа алдаад байна. Харин манай улсад бол коронавирус "хэлж" ирсэн. 10 сар коронавирус алдаагүй хугацаандаа олон зүйлийг бэлтгэж, олон эрсдэлийн өмнө БЭЛЭН байж болох байв. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн ковидоор өвчилж 4 хүн нас барсан. Гэхдээ дөрвөн хүн нас барсан гэх тоонд ковидоор биш ковид туссан байх магадлалтай гэж төр өөрсдөөсөө түлхээд аминд нь хүрчихсэн тохиолдлууд багтахгүй.
АМИНЫ ҮНЭТЭЙ ХҮНД СУРТАЛ
Зулны өмнө буй зураг дээрх охин 2020 оны 12-р сард 10 нас хүрэх байлаа. Гэвч тэр ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгт тархины цус харвалт оноштойгоор эмчлүүлж байгаад эндсэн. Гэхдээ тэр эмчлүүлэх хүртлээ олон бэрхшээлийг туулж, цаг хугацаа алдаагүй бол өнөөдөр амьд сэрүүн ч байх боломжтой байсан талаар гэр бүлийнхэн нь харуусан, гомдол тээн ярьж байна.
Учир нь баруун хараад амьдардаг охин толгой эргээд байна, бөөлжөөд байна хэмээн сумынхаа эмнэлэгт хандаж, эмнэлэг нь хоолны хордлого хэмээн дусал хийж байжээ. Гэвч зүгээр болохгүй байсан тул Зүүн хараагийнхаа эмнэлгийг зорьж, тэнд үзсэн эмч нар тархины цус харвалттай. Зүүн хараад MRI аппарат байхгүй. Илүү нарийн оношилж, эмчилхийн тулд Улаанбаатар хотыг зорих шаардлагатай гэжээ. Ингээд охин ээжтэйгээ, түргэний машинаар, түргэний эмчтэй Улаанбаатарт иржээ. Гэтэл 22-ын товчоонд охиныг дотогш нэвтрүүлэх боломжгүй. Эмнэлэг нь хүлээж авна гэвэл л явуулна гээд хөхөө өвлийн хүйтэнд тархины цус харвалттай 10 настай охиныг таван цаг хүлээлгэжээ. Энэ хооронд ЭХЭМҮТ авна авахгүй гэсээр тусгаарлалтад орвол авна гэжээ. Мөн 3-р эмнэлэгт хандахад манайх хүүхэд авахгүй гэсэн байгаа юм. Ингээд охиныг Зүүн хараагийн түргэний эмч нь үүрээд ЭХЭМҮТ-ийн тусгаарлах өрөөнд ганцааранг нь үлдээгээд явсан байна. ЭХЭМҮТ-ээс ямар ч эмч сувилагч хүлээж аваагүй ба ээжийг нь ч оруулаагүй. Ээж нь гудамжинд хоцорчээ. Ингээд охиноос PCR шинжилгээ авч, хариуг нь гартал хүлээж эмчилгээ хийгээгүй байна. Ингээд л охин арваннэгдүгээр сарын 23-ны 16:00 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн боловч арваннэгдүгээр сарын 25-ны 13:45 цагт энджээ. Талийгч хотод ирсэн даруйдаа коронатай байж магадгүй, сэлэнгээс ирсэн зэрэг сэжиг, өргөсөн тангаргаасаа няцсан эмч нараас үүдэж тэр даруй эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсаар. Эмнэлэгт тав хоноод бурхан болсон юм.
Амьдралын тохиолдол бүрд тохирсон хууль, журам гэж үгүй. Төр бирд биш. Гэхдээ цар тахлын үед өөр бусад өвчнөөр өвчилсөн хүмүүсээ хэрхэх вэ, хүнд өвчтэй хүнээ шинжилгээний хариу гартал эмчлэхгүй хүлээгээд байх уу? эмнэлэг бүрдээ PCR авч тавих уу? зэрэг юугаа ч бэлдээгүй, БЭЛЭН БИШ байсны гор охины амьтай байлаа.
ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙГАА ХҮН ӨВДВӨЛ ОЧИЖ ҮЗЭХ ЭМЧГҮЙ МОНГОЛ
Сэжигтэй тохиолдлын хавьтагч хэмээн гэрийн тусгаарлалтад байгаа нэгэн залуугийн бие дээр ТУУРАЛТ гарчээ. Маш их өвдөж, тэвчихийн аргагүй байсан тул ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 103 төвд хандсан байна. Гэтэл тэднийх тусгаарлалтад байгаа хүн дээр очихгүй гэжээ. Ингээд хаана хандахаа мэдэхгүй, өвчиндөө шаналсан залуу арга буюу гэрээсээ гарч, 2-р эмнэлэгт хандахад мөн л хүлээж аваагүй байна.
Бид эл үйл явцыг баримтжуулж, 103 төв рүү залгасан байгааг нэвтрүүлгээс үзээрэй.
Д.САРАНГЭРЭЛ САЙД КОРОНАГИЙН ТУХАЙ ЯРИХГҮЙ
Коронавирус алдаагүй гэж сонгуулийн сурталчилгаандаа хүртэл ашиглаж, өндөр санал авсан эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлээс арван сар яг юу бэлдсэн юм бэ? гэж асуулаа. Уулзахгүй хэмээн зугтсан тэрээр утасны цаанааас фэйсбүүк дээрээ тавьсан байгаа постыг хараарай гэв. Хийсэн ажлын тайлангаа мэйлээр, цаасаар явуулна гэсэн ч явуулаагүй түүнд сайд байхдаа хэдэн аппарат авснаас өөр хийсэн ажлын тайлан байсангүй. Уг нь У.Хүрэлсүхийн засгийн газрын гол ажил нь вакцин захиалах, вакцин авахдаа мөнгө төсөвлөх явдал байв.
ТОДОРХОЙГҮЙ ВАКЦИН
Дэлхий дахинаа ядуу буурай орнуудад вакцин олгох хүрээнд хэрэгжиж буй COVAX хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэг, хоёрдугаар улиралд түншлэл орнууддаа вакцин олгож эхэлнэ гэж өөрсдийн цахим хуудастаа бичсэн байна. Үүнд манай улс багтжээ. Гэхдээ манай улсад Астразенека, СКбио-ийн хамтарсан вакцины 163200 тун, Файзер БионТекийн хамтарсан вакцины 25740 тун ирэх юм. Хоёр тунгаар нэг хүн тарина гэж тооцвол Астразенека, СКбиогийн вакцинаар 81.600 хүнээ, Файзер БионТекийн вакцинаар 12870 хүнээ буюу нийт 94470 хүнээ л вакцинд хамруулна. Энэ нь насанд хүрсэн нийт хүн ам буюу 2.3 сая хүнийхээ 4.1 хувийг л вакцинжуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийт хүн амынхаа 75 хувийг 2021 ондоо вакцинжуулж дуусахгүй нь ээ. Вакцингүй л бол Монгол улс хэвийн амьдралдаа эргэн орох боломжгүй. Ядуу орны зовлон биш. Сэтгэлгүй, менежментгүй төртэйн гай.