Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод 21 хонож байна. Засгийн газрын нэр хүнд унаж, огцроход нь голлон нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал: Соёлын сайдаар ажиллаж байсан, түүхч С.Чулуун нь 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй “Монгол Улсын Үндэсний Архивын Хүрээ сайдын хөмрөгийн баримт бичгийн эмхтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхтгэн хэвлүүлэх тухай гэрээ” байгуулж, Монгол Улсын Архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу сэргээн засварласан 640.000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1200 орчим боть ном болгож хэвлэхээр тохиролцон асуудал ил болж, олон нийтийн дунд хурц шүүмжлэл дэгдсэн.
Манай редакц энэ тухай “Түүхээ худалдсан түүхчид”, “Түүхээ худалдсан түүхчид ба худалчууд” гэх эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн болно.
https://www.youtube.com/watch?v=7v80NzQIhac&t=13s
https://www.youtube.com/watch?v=0orMjmfFQvI&t=13s
Энэхүү гэрээг байгуулах үед С.Чулуун нь Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, Д.Өлзийбаатар нь Архивын Ерөнхий газрын даргын хариуцлагатай албыг тус тус хашиж байсан юм.
Гэрээний зарим ноцтой заалтаас дурдвал: Монголын Архивын баримтыг уг хөмрөгийн сканердсан эхийн тухайд “Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн тохирч эхний 20 ботийг хэвлэж, Хятадад цахим худалдаагаар өндөр үнээр зарж байна. Харин БНХАУ-ын архиваас ямар ч баримт зөрүүлж аваагүй байна. Түүнчлэн, уг гэрээг байгуулах үндэслэл болгон заасан “Монгол улс, БНХАУ-ын 2007 онд байгуулсан соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ” гэдэг баримт бичиг Монгол-Хятадын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн жагсаалтад байхгүй байна. Түүнчлэн С.Чулуун нь Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж буй Өндөр гэгээн Занабазарын намтар судруудыг сканердан авч, эрдэм шинжилгээний ямар ч боловсруулалт хийлгүй, фото эхээр нь 2020 оны 4-р сард БНХАУ-ын Ардын Их Сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд багтаах төслийн хүрээнд “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхтгэл” нэртэйгээр Боржигдой Оюунбилэгтэй хамт хэвлэсэн байна.
Архив, номын сангийн их хэмжээний материалыг өнгөтөөр сканердаж БНХАУ-д өгсөн уг үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэх заалт; Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д заасан “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”, 3.1.4.1-д заасан “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвилыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ” зэрэг заалт болон Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж үйлдэл, гэмт хэрэг, улсаасаа урван тэрсэлсэн үйлдэл, үйл ажиллагаа байж болзошгүй байгаа тул хууль хяналтын байгууллагууд уг хэрэгт нэр холбогдсон С.Чулуун нарыг шалгаж байгаа аж.
Гэтэл ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл С.Чулууныг саяхан Монголын бүх цагийн үеийн шилдэг 11 эрдэмтний нэг хэмээн нэрлэж, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нартай мөр зэрэгцүүлэн өргөмжилсөн яриа өгч, улмаар ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр томилохоор болж буй мэдээ гарах болов.
Архивын 640 нүүр баримтын хэрэг, танхайн хэрэг, зохиогчийн эрхийн зөрчил зэрэг олон хэрэгт нэр холбогдсон, зарим хэргийн учир шалгагдаж буй, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хөлдөө чирч унагасан С.Чулууныг ШУА-ийн дэд ерөнхийлөгч болговол ШУА, цаашлаад Монголын шинжлэх ухаанд хурц шүүмж гарч, ширүүн тэмцэл өрнөн, шинэчлэл өөрчлөлтийн их ажил эхлэх нь гарцаагүй юм.