Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: МОНГОЛ ХЭЛНИЙ ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДСӨН ҮҮ?
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм” сэдвээр мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Иргэдийн дунд зарим үгүүдийн бичиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна, эрдэмтэд монгол хэлний дүрмээр тоглолоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү? Асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзээрэй.
Зочин:
- Ч.Баттулга Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн
- Э.Пүрэвжав ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч
- Д.Заяабаатар МУИС-ийн ШУ-ын сургуулийн захирал
- Р.Энхбат “Мон судар” ХХК-ийн захирал
Журамласан үгсээс…
Авлига – авилга
Цоморлиг – цоморлог
Сурвалжлага – сурвалжилга
Харчихаад – харчхаад
Зовиур – зовуурь
Дуучсихаарай – дуусчхаарай
Онцлох эшлэлээс хүргэж байна
МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар:
- Бид зөв бичих дүрэм гэж юу вэ гэдэг дээр олон нийтийн ойлголтын зөрөөг арилгах хэрэгтэй. Зөв бичих дүрэм гэдэг бол одоогоор нийтээрээ хэрэглэж байгаа кирилл бичигт хэрхэн тэмдэглэх зүй тогтлыг тусгасан журам. Энэ дотор үсэг, үг хувилгах, цэг тэмдгийн дүрэм, гадаад үгийг бичих дүрэм гэх мэт дотроо зүй тогтлоороо ангилсан зүйл.
- Дүрэм гэдэг тогтолцоо талаас харахад кирилл бичгийн дүрэм огт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл анх Ц.Дамдинсүрэн гэдэг хүний боловсруулсан үзэл санаа хэвээрээ байгаа. Харин үе үеийн журамласан толь, эсвэл цаг үеийн шийдвэрийн улмаас зарим нэг үгийг өөр хэлбэрээр бичсэн асуудлыг Монгол хэлний дүрмийг тэр чигт нь өөрчилсөн мэт тайлбарладаг буруу.
- Нөгөө талаасаа иргэдийг буруутгахаас илүүтэй энэ үйл ажиллагааг зангидаж явдаг бодлогын байгууллага, судалгааны байгууллага нь цаанаа нухаад суухаас гадна олон нийт рүү хандсан тайлбар, таниулах зүйл сул байгаатай холбоотой.
- Бүжин- бөжин, авилга – авлига хоёр бол 2018 оны журамласан толин дээр гаргасан үнэн.Цоморлиг-цоморлог, сурвалжлага – сурвалжилга бол өмнөх 1983 оны Дамдинсүрэн багшийн толь дээр яг энэ хэлбэрээрээ байгаа. Зарим нь цоморлиг, сурвалжлага гэж бичиж байсан бол анхнаасаа буруу бичдэг байсан гэсэн үг.
- 2018 оноос өмнөх толинд журамласан 700 үг маш мугуйд, олныг төөрөгдүүлэх үндсийг тавьсан шийдвэр байсан. Хэзээ ч хэлийг журамлахдаа 700-аар нь тасалж журамлана гэж байж болохгүй. Хамгийн алдартай нь Цээж – ийг хоёр ялгасан. Цээж бичиг – Чээж бичиг. Махан биеийн цээжийг “Ц”- ээр бичнэ, оюун ухааны цээжийг “Ч”-ээр бичнэ гэж ялгасан. Энэ бол ямар ч хэл шинжлэлийн үндэсгүй, ямар ч утгагүй шийдвэр. Тэр 700 үгийг харах юм бол яг үнэндээ журамлах шаардлагагүй үгнүүдийг бөөнд нь оруулчихсан.
- Үе үеийн эрх баригчид, шийдвэр гаргагчид ажил хийсэн юм шиг харагдах гэж дэмий өөрчлөлтүүдийг хийдгийн нэг нь 700 үгийн журамлалт болсон.
- 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг гараад 700 үгний шийдвэрийг хүчингүй болгосон. Гэхээ одоогийн энэ толь бичиг дээр ч зарим нэг маргаан гарч байна. Бүжин – Бөжин гэх мэт.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг бодлого тодорхойлдог нэгж. Зүйрлэвэл их хурал гэсэн үг. Асуудлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгээд, тэрийг нь баталж өгөөд улс орон даяар мөрдөх хэрэгтэй. Өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба гэж бий. Тэр ажлын алба зохион байгуулалтын үйл ажилгааг хангадаг газар болохоос, толь хийдэг газар биш.
- Манай Хэл зохиолын хүрээлэн гэдэг нарийндаа утга зохиолын хүрээлэн боллоо. Тэнд хэлний асуудлаар тайлбар гаргадаг хүн өдрөөс өдөрт цөөрч байна.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн өмнө хуучнаар Боловсролын сайд толгойлдог байсан. Одоо өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн дэргэдэх болгосон. Тэр байгууллага хэзээ хүчтэй байх вэ гэхээр эрх мэдэлтэй байхад хүчтэй байна. Мөн эрх мэдлийг хэрэгжүүлэх тодорхой хэмжээний үйл ажиллагааны санхүүжилт зэрэг зүйлээ шийдэх чадвартай байх хэрэгтэй. Одоо бол зүгээр есөн хүний бүрэлдэхүүнтэй эдгээр хүмүүс ямар нэгэн зүйл хэрэгжүүлэх эрх мэдэл алга. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийн сайн мууг би яриагүй.
- Бодлого бодит байдал дээр хэрэгжээд явхаараа бантан болоод байна. Тэгэхээр эзэнтэй бай бодлогоо барь, гүйцэтгэл хийдэг нь гүйцэтгэлээ хий. Тэр хүрээнд ном судрын бизнес эрхэлж байгаа эрдэмтэд, байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад бүтээлээ хамгийн чанартайгаар гаргаж тавь.
- Би хэлний мэргэжилтэн. Өнөөдөр манай салбарынхан маргаад тал талруугаа хараад суучихсан зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд кирилл бичгийн зөв бичих дүрмийг өөрчлөх ёстой гэсэн санаатай хүмүүс байдаг уу гэвэл байдаг. Жишээ нь надаас өнөөдрийн крилл бичгийн дүрэм Монгол хэлний зүй тогтлыг бүрэн тусгасан хууль мөн үү гэвэл би судлаач хүний хувьд үгүй гэж хэлнэ.
- Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа энэ дүрмийг би Монгол улсын иргэний хувьд миний хүсэл үзэл санаанаас үл хамааран мөрдөх ёстой. Энэ зарчмаа л бүгдээрээ хэрэгжүүлье. Судлаач нь ч тэр, олон нийт нь ч тэр үүн дээр нэг хоёр үгэн дээр том асуудал үүсгэдгээ больё.
- Дөрвөн жилийн дараа бид төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна гээд УИХ баталсан. 2021 онд хүн амын боловсролтой, бичиг үсэг тайлагдсан хэсгийн хэдэн хувь нь үүнд бэлэн байна вэ? Энэ судалгаа байна уу? Сүүлд сонссоноор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанаас Статистикийн газартай явуулж байгаа гэж байсан. Сурах хэсэг, бүрэн бэлэн хэсэг, огт байхгүй хэсэг гээд үүн дээрээ бид ажиллах ёстой. Хүн амын хэдэн хувь нь Монгол бичиг, крилл бичгийг хослуулан хэрэглэхээр байгаа вэ гэдгийг мэдэхгүй. Энэ бараг тийм тоо гаргаж чадахгүй байх гэж бодож байна. Үүн рүү бодитой ажил бол яваагүй.
- Үндсэндээ бол өнөөдөр бид энд нэг төсөөллийн байдалтай байна. Хоёр тал байна нэг нь Монгол бичгээ аваад хос бичигтэй байх юм байна гэх дэврүүн хэсэг. Нөгөө тал нь энэ бол хэзээ ч бүтэхгүй гэх гутрангуй хэсэг. Харамсалтай нь энэ хоёрыг нэг талд гаргах бодитой судалгаа, үйл ажиллагаа энэ өнгөрсөн таван жилд хийгээгүй.