УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, усны төлбөрийг тэглэсэн. Уг асуудал цагаа олсон зөв шийдвэр байсан бөгөөд шийдвэрийг гаргахад Ардчилсан Намын үүрэг оролцоо чухал байсан гэдгийг бүлгийн дарга хэллээ.
УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат "Засгийн газрын шийдвэрийг гаргахад АН чухал оролцоотой байсныг дурдах нь зүйтэй. Ардчилсан Нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан. Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсаж байна. Цахилгаан болон усны хэрэглээнд саатал, доголдол гарах ёсгүй" гэлээ. Бүлгийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай болон Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, Монголын төмөр замын байгууллага өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв. Гэвч шаардлага хангахуйц хуулийн төсөл боловсруулаагүй, төслөө УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлжээ.
Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхонтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхлоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийллээ.