Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг сулруулах тогтоол гарлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн өдрүүдэд корона вируст халдварын тоо харьцангуй цөөрч, тогтоосон голомтуудад халдварыг барьж чадлаа. Энэ нь ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн юм. Тиймээс улсынхаа нийт ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Тиймээс УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ авсны үр дүнд цурманд оруулж чадлаа” гэв.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, "Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар манай улсад 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөгдсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол болоод байна. Одоогоор 495 хүн эмчлэгдэж байгаа бол 384 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Батлагдсан тохиолдлуудыг аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан.
12-р сарын 8-ны өдрийн байдлаар нийт 557 мянга 832 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс түргэвчилсэн шинжилгээг 294 мянга 336 хүнд, PCR шинжилгээг 262 мянга 742 хүнд хийгээд байна.
Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна. Их дээд сургуулийн дотуур байранд байсан оюутнуудад 131,6 сая төгрөгийн хоол хүнс, ариутгалын бодисын хангалт хийлээ. Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11 мянга 359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.
Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44 мянга 282 хүүхдээс зорилтот бүлгийн 11 мянга 172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг 12-р сарын 5-наас зохион байгуулж одоогоор 16 мянга 476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргажээ. Ковид-19 халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна.
Гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрахаар тусгай нислэгүүдийг тусгаарлалтын байрны хүрэлцээ, нөөцийг харгалзан үзэж Франкфурт, Сөүл, Токио хотууд руу энэ сард хийнэ.
Дотоодын халдвар гарах хүртэл арван сарын хугацаанд бэлэн байдлыг хангаж ажилласан боловч хэрэгжилтийн шатанд алдаа дутагдал гарсан. Хүний хүчин зүйлээс шалтгаалаагүй мөн төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээс болж хүндрэл учруулсан явдалд хүлцэл өчиж байна.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар хөл хорио хязгаарлалтын дэглэмийг шат дараатай буруулах нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгуудад тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн 3 хоногоор сунгаж, 12-р сарын 14-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх саналыг гаргаж байгаа” гэлээ.
Харин дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд ЭМЯ хэрхэн ажилласан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ. Тэрээр, “505 халдвар бүртгэгдсэний 26 нь эдгэрсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12-р сарын 11-ний өдрөөс цуцалбал өвчлөлийн динамик IV, V сард өвчлөл огцом нэмэгдэх хандлагатай байна” гэсэн юм.