МҮХАҮТ-аас МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч хоёр жилд нэг удаа хийдэг "Монголын бизнесийн орчин-2020" судалгааны үр дүнгийн цахим тайланг өнөөдөр танилцууллаа.
"Монголын бизнесийн орчин-2020" судалгаанд шаардагдах мэдээллийг энэ оны дөрөв, тавдугаар сард нийт 4075 гаруй ААН-ийг хамруулан цуглуулсан байна.
Судалгааг танилцуулах үеэр бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудал, шаардлагатай авах арга хэмжээний талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор, судалгааны багийн ахлах Б.Даваасүрэн, "Төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэг бизнесийн орчинд маш сул байгаа нь судалгаагаар харагдсан. Субъектээр үнэлсэн байдлыг харвал МҮХАҮТ болон банкуудыг арай өндрөөр үнэлсэн байна. Бизнес эрхлэхэд төрийн байгууллагын үйлчилгээ үзүүлж буй байдлаар нь харвал газрын алба, яамд хамгийн муу гэж ААН-үүд үнэлсэн.
Судалгаагаар Монголын бизнесийн орчин 2.91 буюу дунд үнэлгээ авлаа. 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад 0.46 пунктээр дээшилж, бага ч гэсэн сайжирсан. Бизнесийн орчны хүчин зүйлсээс хамгийн эерэг өөрчлөлттэй нь дэд бүтэц, технологийн орчин байсан бол хамгийн бага үнэлэгдсэн нь эдийн засаг, засаглал хууль эрх зүйн орчин байв.
Бизнес эрхлэгчдэд төрийн байгууллагаас хүндрэл учруулж буй байдлыг тогтооход,
- Яамд, газрын албаны авлига хээл хахуулийн асуудал үнэхээр их хүндрэл үүсгэж байна гэж судалгаанд оролцсон нийт ААН-ийн 50-аас илүү хувь нь хэлсэн.
- Бизнес эрхлэхэд төрийн байгууллагын хүнд суртал асуудал болдог гэж мөн 50-аас илүү хувь нь хариулсан. Субъектээр нь харвал газрын алба, яамд багтаж байна.
- Нэгж албад хоорондын уялдаа холбоо муу байдаг.
- Дээрээс нь төрийн албадын дүрэм журам тодорхойгүй байдаг.
- Мэргэжилтнүүдийн ур чадварт анхаарах хэрэгтэй. /Газрын алба, барилга хот төлөвлөлтийн газрыг муугаар үнэлсэн/
Тиймээс төрийн байгууллага энэ асуудлууд дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна" гэв.
Үүнээс гадна энэхүү судалгаагаар төрөөс сүүлийн гурван жил хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс бизнесүүдэд хамгийн их дэмжлэг болсон ажил юу байсан талаар асуужээ. Ингэхэд төрийн үйлчилгээний цахимжуулалт, нэг цэгийн үйлчилгээ их дэмжлэг болж байна. Харин урамшууллын дэмжлэг хамгийн муу байсан гэх хариултыг өгчээ. Тиймээс төр эдгээр үйлчилгээгээ илүү сайжруулж, ажиллах хэрэгтэйг судалгааны багийн ахлагч хэлсэн билээ.
Мөн экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг хүртээмжтэй болгохыг ААН-үүд хүсжээ. Тодруулбал бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн зөвлөгөө, гадаад зах зээлд гарах стандартыг хангах тал дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцоллоо.
Бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай зүйлс:
- Бизнесийн зээлийн хүүг бууруулж, зээлийн нөхцлийг сайжруулах /79.7%/
- Татварын орчинг бүрдүүлэх /77.9%/
- Хууль эрх зүйн орчинг сайжруулах /62.9%/
- Үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих /58.8%/
- Авлига, хүнд суртлаа бууруулах /51.5%/