ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа “Ковидын ард Монголын эдийн засаг тэсэж үлдэх үү?” сэдвээр хэлэлцлээ.
Зочноор:
- МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин
- Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа
- Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
- Эдийн засагч Б.Мөнхсоёл
- ТНГРИ группийн захирал Г.Очирбат
Онцлох эшлэлээс хүргэж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин :
- Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өдөрт нь хувааж үзвэл бид тэг зогсолттой нэг өдөрт 60 тэрбум төгрөгийг алдаж байна. Манайх шиг улсад маш том цохилт болно. хүн бага цугларах ААН-ээ яаралтай ажиллуулахгүй хэрэгтэй.
- Нөхцөл байдал ямар байгаа талаар Засгийн газар судалгаа авч байгаа юу гэдэг эргэлзээтэй. Гаргаж буй шийдвэрүүд нь үндэслэлтэй, тууштай баймаар байна. Нийгмийн буюу сошиал айдсаас давж ажиллах хэрэгтэй.
- Экспортын салбарыг хорих нь олон талын эрсдэлтэй. Экспортын бизнес улсдаа гаднаас орлого оруулж ирдэг. Мөн гадны харилцагч олж, экспортын гэрээ хэлэлцээр хийх нь амаргүй ажил. Гэрээний дагуу таслалтгүй нийлүүлэх нь маш чухал. Одоо экспортын компаниуд гэрээний үүргээ биелүүлж чадахгүй хүнд байна.
- Эрт орой хэзээ нэгэн цагт бид вирустэй нүүр тулна. Тэгэхээр бизнесүүдийг үе шаттайгаар эрэмбэлж, хориогоо сулруулж, уян хатан бодлого гарга. Ингэж дэмжиж байж гурван сарын дараа эдийн засаг унахгүй байх том хүчин зүйл нь болно.
- Ажлын байрыг хадгалж үлдэх гол арга хэмжээ бол урт хугацааны хөнгөлөлттэй зээл. Ийм хүнд үед Засгийн газраас зээлийн батлан даалт гаргаж өгөх хэрэгтэй.
Эдийн засагч Б.Мөнхсоёл:
Гурван хүн тутмын хоёр нь ядуурлын эгнээнд шилжих нь
Эдийн засгийн хямралаа гурван түвшинд авч үзэх хэрэгтэй:
- Бага орлоготой, ядуу өрхүүд ковидгүй үед ч гэсэн амьдрал нь хүнд байсан. Коронагийн үед боломж бүр хомс болж байгаа учраас ядуурал хүндрэх нь тодорхой болчихлоо.
Дэлхийн банкны хамгийн сүүлд хийсэн ядуурлын судалгаагаар Монгол улсын ядуурлын хэмжээ 28.4% гарсан. Мөн цалин буурах, ажлаа алдах, тохиолдолд 15% нь эмзэг шугам дээр буюу шууд ядуурлын төвшинд орохоор байсан. Тоймлоод хэлэхэд ковидын өмнө гурван хүн тутмын нэг нь ядуу гэж тооцогдохоор байсан бол одоо гурван хүн тутмын хоёр нь ядуугийн эгнээ рүү шилжиж байна.
- Аж ахуй нэгжүүд, ялангуяа бичил, дунд аж ахуй нэгжүүд зээлтэй зээлгүй бүгдэд нь энэ асуудал тулгамдаж байна. Зээлийн хүүг буулгаж чадахгүй юм гэхэд цалингаа тавихад нь тусламж болгож бага хувьтай зээл олгох боломж байна уу гэсэн шаардлага байна. Засгийн газрын одоогийн хэрэгжүүлж байгаа 23 төрлийн арга хэмжээ бизнес эрхлэгчдийг бодитой дэмжиж чадахгүй байна.
- Макро төвшиндөө Монгол улсын эдийн засаг хямралд нэрвэгдэж байна. манай Засгийн газрын нийт өр ДНБ-тэй харьцуулахад бараг 70% ийг эзэлж байна.Жил бүр төсвөө 1.5-2 их наяд төгрөгийн алдагдалтай баталдаг. Ийм нөхцөл байдал дундаа зөв төлөвлөгөө гаргаж, бодитой шийдвэ боловсруулж чадахгүй байна.
- Ковид гарснаас хойш 10 сар болж байна. Эдийн засгийн хямралын эсрэг бэлтгэх хангалттай хугацаа. Энэ хооронд хоёр сонгууль, наадам зохион байгуулсан.
Өнөөдөр бид эцэстээ тодорхойгүй асуултууд дундаа булхаад байж байна. Энэ нөхцөл байдалд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
- 2020 оны төсөвт нийгмийн даатгалын орлого 2.4 их наяд төгрөг байсан. Тухайн үед зургаан сарын хугацаанд ядаж 50%-ийг нь чөлөөл гэж бид зөвлөмж гаргаж байсан. Харин дөрөвдүгээр сард Засгийн газар 100% чөлөөлсөн шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэр одоо бас тодорхой хугацаанд үргэлжлэх хэрэгтэй байна гэж харж байгаа.
- Манай төсвийн орлогын 82%-ийг татварын орлого бүрдүүлдэг. ААН-үүдээ дэмжихгүй бол улсын төсвийн орлого байхгүй болно гэдгээ мэдэж байгаа байх гэж найдаж байна.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:
ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжих 6-7 хувиар бага хүүтэй зээлийн санхүүжилт олгож эхэлсэн
- Монгол банк бодлогын хүүг бууруулсан. Бодлогын хүү 11% байдгийг 6% болгож таван нэгжээр буулгачихлаа. Энэ нь арилжааны банкууд татсан эх үүсвэрээ үнэт цаасан дээр байршуулаад хадгалаад байх бололцоо байхгүй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл арилжааны банкнууд 10%-12%-ийн хүүтэй хадгаламжийн эх үүсвэр татаад, түүнийгээ төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаасанд 6%-иар байршуулахад өөрсдөө алдагдал хүлээх учраас цаашаа зээл гаргахаас өөр аргагүй.
- Мөн 12.1-ээс эхлэн 6.5 хувийн хүүтэй, 175 тэрбумын санхүүжилт арилжааны банкнууд руу хийж эхэллээ.
- Энэ цаашаа арилжааны банкнуудаас зээлдэгч рүү очихдоо 10.5% хувийн хүүтэй очно. Энэ мөнгө юунд зарцуулагдах вэ гэхээр нэг дүгээрт жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уул уурхайн бус экспортын бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээлийг хямд хүүтэй эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхэд зарцуулагдана.
- 12.1 –нд 175 тэрбумтөгрөгийн санхүүжилт арилжааны банкнууд руу орсон байгаа. Он дуусахаас өмнө 55 тэрбумтөгрөг дахиад очно. Түрүүн хэлсэнчлэн энэ санхүүжилт өмнө олгогдсон байгаа зээлүүдийг 10.5%-ийн зээлээр хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн хуваарийг нь шинэчлэх зүйлд зарцуулагдана.
- Хоёр дугаарт энэ эх үүсвэр арилжааны банкинд очсоноороо цаашаа шинээр зээл авах гэж байгаа хүмүүст зээл олголтод зарцуулагдах ийм эх үүсвэр болно. Энэ эх үүсвэр зарцуулагдаад дууссаны дараа ямар хэмжээний эх үүсвэр эдийн засаг руу нийлүүлэх вэ гэдэг нь дахиад мөнгөний бодлогын хорооны хурал дээр хэрэгжилтээс нь хамаараад цаашаа явна.
- Нөгөө талд нь энэ бодлогын хүүнээс гадна хосолсон арга хэмжээг авч байна. Төв банкнаас арилжааны банкнуудад заавал байх нөөц гэж тогтоож өгдөг. Энэ нь арилжааны банкнууд татсан эх үүсвэрийнхээ тодорхой хувийг төв банк дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах зорилгоор хадгалдаг. Энэ нь ковидын нөхцөл байдал үүссэнээс хойш 10.5% байсан заавал байлгах нөөцийн хэмжээ 6% болж 4.5 пунктаар бууж байна. Хамгийн сүүлд энэ 11 сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар дахиад 2.5 пунктаар буусан, түүнээс өмнө 2 пунктаар буусан. Энэ хоёр нийлбэр дүнгээрээ арилжааны банкны төв банкин дээр хадгалагдаж байдаг эх үүсвэрийг эхний 2 пунктаар буухдаа 320 гаруй тэр бум төгрөгөөр. Энэ удаа 2.5 пунктаар буухдаа 401 тэр бум төгрөгөөр эх үүсвэрийг чөлөөлсөн байгаа. Ингэхээр нийтдээ 700 тэр бум төгрөг төв банкнаас арилжааны банкны эх үүсвэр чөлөөлөгдөж байгаа.
Г.Очирбат /“ТНГРИ” группийн захирал/
- Бизнесийн байгууллагуудыг 20 хоногийн турш тэг зогсолтод оруулж байгаа шийдвэр нь бизнесийн байгууллагуудыг “дампуур” гэж байгаатай адил. Монгол улсад 97 мянга гаруй ААН байгаагийн 40 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын 90 хувь нь үйл ажиллагаагаа зогсоосон.
- Зээлийн эргэн төлөлтийг долдугаар сар хүртэл хойшлуулсан нь өнгөн хэсэг дээрээ дэмжлэг юм шиг харагдаж байгаа боловч эсрэгээрээ биднийг бүр яллаж байна. Үндсэн зээл, хүүгээ хойшлуулж болох ч долдугаар сард хүүгээ бөөнд нь төлнө. Энэ нь эргээд том дарамт. Яг ийм хүнд хэцүү үед зээлийн хүүгээ тэглэчихэж болдоггүй юм уу?
- Арилжааны банкууд жилд дунджаар 100-300 тэрбумын ашигтай ажилладаг. Ийм хүнд үед нийгмийн хариуцлагаа бодоод ч гэсэн зээлийн хүүгээ бууруулж болно шүү дээ.
- Төрийн шийдвэрүүд тодорхой байх хэрэгтэй байна. Эргэж буцаж, өөрчлөгддөр нь бизнесийхэнд төлөвлөгөө гаргахад хүндрэл учруулж байна.