Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хэдхэн хоногийн дараа нийслэл, орон нутгийн удирдлагуудаа сонгох хариуцлагатай сонголтын өмнө бид ирсэн байна.
Сонгогчид ИТХ-ын төлөөөлөгчдийг юу хийдэг, эрх үүргийн талаар мэддэггүй учраас сонгуулийн ирц бага байдаг гэсэн судалгаа гарчээ.
Бид сонгогчдын боловсролд зориулж “ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг юу вэ?, түүнийг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.
Зочноор:
- Эрх зүйч Ч.Мэндбаяр
- Улс төр судлаач Б.Сэмжидмаа
- БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъябаатар
- Сэтгүүлч Г.Гангамөрөн
Онцлох эшлэлүүдийг хүргэе:
Б.Сэмжидмаа: Дүүргийн удирдлагууд улс төржихгүй байх хэрэгтэй
- Орон нутгийн сонгуульд иргэн бүр идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгж байж өөрийнхөө амьдрах орчин нөхцөл, гэрээсээ гараад тулгарч байгаа бүх асуудлыг өөрийнхөө төлөөлөгчөөр дамжуулж шийдвэрлүүлж чадна. Танай хорооноос сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч чинь хэн бэ?, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч чинь хэн юм бэ?” гэхээр хүмүүс гацдаг. Хэнд ач холбогдол өгдөг гэхээр сонгогдсон их хурлын гишүүнээ зарим нэг нь мэдэж байгаа байх.
- Их хурлын гишүүнд иргэд хашаа саравч, зам талбай болохгүй байна гэдэг асуудал тавиад байдаг. Үүнийг Их Хурлын гишүүнд хандахаасаа өмнө тухайн дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч буюу нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, хөдөө орон нутагт бол аймаг буюу сумын иргэдийн хурлын төлөөлөгчид хандах нь хамгийн зөв.
- Мэдээж төр бүх асуудлыг даана, хариуцна гэвэл хүнд. Гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг том асуудлууд дээр төр хувийн хэвшилтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хувийн хэвшлүүдээ дэмжээд ажиллах нь зөв.
- Төмөр зам хавьцаа байдаг нэг давхар шар байшингууд байдаг шүү дээ. Тэр шар байшингуудын нэг хэсэг нь яг төрийн шийдвэр хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа ойлголцоод бүтээн байгуулалт хийж болж байна. Нэг хэсэг хүмүүс нь энэ бол хувь хүний өөрийн өмч гээд ажил удаашруулж байна. Төрийн бодлогын түвшинд хийгдэж байгаа асуудлууд дээр иргэд ухамсартай хандах нь чухал. Тэгж байж хотын асуудлууд шийдэгдэнэ.
- Манай Баянгол дүүргийн удирдлагууд маш их улс төрждөг. Хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажилладаг. Нийт иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдгийг давтаж хэлмээр байна.
- Иргэн хүний хувьд хотын түгжрэлийг багасгаж болох нэг шийдэл хэлэхэд: Төрөөс иргэддээ үйлчилж байгаа бүх үйлчилгээг яаралтай цахимжуулах хэрэгтэй. Ямар нэг ажил хөөцөлдөх болоход бүрдүүлэх баримт бичгийг бүгдийг нь бичгээр хүргэж өгөх гэж зам дээр түгжрэл үүсгэдэг. 21-р зуунд үүнийг байгаа газраасаа утсаар шийдчих асуудал шүү дээ.
- Орон нутгийн сонгууль буюу нийслэл дүүргийн сонгуульд ч мөн намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцдог. Их хурлын сонгуульд ч намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж оролцсон. Иргэд хүнд нь бус мөрийн хөтөлбөрт нь саналаа өгөх учиртай. Тийм ч учраас төрийн бодлого бүх түвшиндөө нэг байх ёстой. Нийслэл дүүрэг ч гэсэн дээрээ ямар бодлоготой байна доод нэгжүүддээ баримтлах хэрэгтэй. Өмнөх жилүүдийг харахад дүүрэг дүүрэг дээр аль нам эрх барьж байгаасаа шалтгаалаад нэг бодлого баримталж чадахгүй байсан.
Ө.Сумъябаатар: Иргэд ИТХ юу хийдэг талаар ойлголтгүй байна
- Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах байгууллага. Монголчууд бидний сонгож авсан ардчиллын тогтолцоо, шууд болон төлөөлөн ардчиллын тогтолцооны үндсэн хэлбэр.
- Судалгаанаас харахад бол иргэдийн 50 орчим хувь нь иргэдийн хурал юу хийдэг талаар ямар ч ойлголтгүй байна. Төлөөлөгчөө та нэрлээч гэдэг хариултад хөдөө орон нутагт харьцангуй өндөр буюу дөрвөн хувьтай. Улаанбаатарт хоёрхон хувьтай гарсан. Бид үүн дээр дүгнэлт хийж цаашдаа яаж явах ёстойг дүгнэх цаг болчихсон байна гэж харж байна. Одоо орон нутгийн Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн төсөл явж байна. Чуулган завсарлаад намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ бол үндсэндээ өнгөрсөн 30 жил иргэдийн хурал болж байгаа, болохгүй байгааг маш тодорхой болгох хэрэгтэй.
- Орон нутаг, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурал харьцангуй улс төр багатай. Сонгодог утгаараа иргэдээ төлөөлсөн шийдвэр гаргахад оролцоотой байя гэдэг үндсэн философитой. Харамсалтай нь дүүргийн иргэдийн хурал маш их улс төрждөг. Шийдвэр гаргахдаа улсын их хурал шиг л талцдаг. Манай Баянгол дүүрэгт л гэхэд ийм жишиг тогтоод байна. Цөөнхийн бүлгийн төлөөлөгч юм уу, бүлгийн шийдвэрийг өнгөрсөн дөрвөн жилд нэг ч удаа дэмжиж үзээгүй. Маш ажил хэрэгч тодорхой санал тавьсан ч гэсэн дэмжихгүй л гэдэг. Тэгэхээр энэ ажиллах арга барилаа өөрчлөх, эрх зүйн хувьд тодорхой зохицуулалт хийхгүй бол болохгүй байна гэж харагдаад байна.
- Үндсэн мөн чанар нь намыг төлөөлөхгүй, иргэдийг төлөөлж шийдвэр гаргах ёстой. Аливаа асуудал юман дээрээ өөрчлөх болсон байна гэж бодож байгаа. Миний хувьд дүүргийн иргэдийн хуралд цөөнхийн бүлгийн төлөөлөгчөөр ажилласан.
- ИТХ-ын гол үүрэг бол тухайн сум дүүрэгт нь шаардлагатай төсвийг нийслэлийн төсөвт суулгах гэх мэт дээд шатны байгууллагад уламжилж ажиллах, төсөв батлахад хяналт тавих үүрэгтэйгээр оролцдог. Мэдээж дэс дараатай асуудлаа эрэмбэлээд, алийг нь дүүрэг хийх юм, алийг нь нийслэл хийх юм, алийг нь улсын төсвөөр хийх юм гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Мөн иргэдээс санал авч, иргэдийн оролцоотой тухайн дүүргийнхээ төсвөө батлах нь зүйтэй юм .
- Манай дүүргийн хувьд иргэдээс санал их авдаг ч түүнийгээ ажил хэрэг болгох тал муу. Төсвөө хэрэггүй ажлуудад зарцуулаад, төсөвтөө маш үрэлгэн ханддаг.
- Төлөөлөгч байхдаа хийсэн тодорхой ажил дурд гэвэл Баянгол дүүргийн 5-р хороон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, сонгогдсон их хурлын гишүүндээ уламжилж 10-р хорооллын замын асуудлыг шийдсэн.
- Одоо хуучны орон сууц дулаалгын асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Энэ нь үе шаттай бас улсын төсвөөс санхүүжээд явж байгаа. Дүүргээс миний сонгосон хороон дээр хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Намайг буюу МАН-ын гишүүн сонгосны төлөө манай хороон дээр төсөв хуваарилахгүй байна гэдэг маш утгагүй асуудал. Яг ингээд асуудал тоочих юм бол бусдыгаа үгүйсгэж байгаа юм шиг болох гээд байна. Цаашдаа бид ажиллах арга барилаа өөрчилж нэг зарчимтай болох шаардлагатай.
- Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нь тухайн дүүргийн иргэн, эсвэл тухайн дүүрэгтээ ажил хөдөлмөр эрхэлдэг байх ёстой. Сонгогдсон тойргоо солиод яваад байдаг асуудал өнгөрсөн жилүүдэд их байсан.
- Бид цөөнхийн бүлэг ч гэсэн асуудалд байнга судалгаатай тооцоотой байя гэж үздэг. Одоо БГД-ийн 25-р хороон дээр тулгамдсан асуудлын судалгаа хийж байна. Дээрээс нь тухайн төлөөлөгч нар, тухайн хорооны засаг дарга нар яаж ажиллаж байна вэ гэдэг дээр нь үнэлэлт дүгнэлт хийдэг. Үүнийг хурал дээрээ танилцуулдаг. Тэрийг харамсалтай нь авч хэлэлцэхгүй байгаа.
- Улаанбаатар хот анх 550 мянган хүнээр төлөвлөлт хийж байсан хот. Асуудал үүсээд даац хэтрээд нөхцөл байдал бүх тал дээр хүнд болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо яаж хурдтай шийдэх вэ гэдгийг хаана хаанаа ярьж хэлэлцэж ажил болгох хэрэгтэй.
- Гэр хорооллоо ойрын хугацаанд орон сууцжуулж чадахгүй юмаа гэхэд дахин төлөвлөж, байшин хороолол болгоё. Нүүрсний бохирдол, утаа, төвлөрөл гээд бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Дахин төлөвлөлт дээр дэд бүтцийн асуудал хамгийн гол асуудал болдог.
- Манай хот цэвэр ус, цахилгаанаа хангаж чадах уу гээд дараагийн том асуудлууд удахгүй гарч эхэлнэ. Энэ бүхэн дээр төлөвлөгөөтэй, шат дараатай ажиллах хэрэгтэй. Дүүргийн хэмжээнд шийдэх ажлуудаа бага багаар нь хийгээд явах, газар зохион байгуулалтын хувьд блокоор нь аваад хөгжүүлээд явбал зүгээр.
- Нийслэлийн том дүүргүүдээ төрөлжүүлээд, дагуул хот барьж хүн амын нягтарылыг бууруулаад явах шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж иргэн хүний хувьд хардаг. Манай Баянгол дүүргийн хувьд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид олон байдаг учраас бизнес суурьтай, гарааны бизнесийг дэмжсэн онцлогтойгоор хөгжих боломжтой юм. Олон улсад жишээ нь Токио, Шанхайн аль дүүрэг бизнесийн, инновацийн дүүрэг гээд ялгараад хөгждөг. Залуучууд нь инновацийн дүүрэгтээ ажиллаж өөрийгөө сорьдог, хурдтай хөгждөг зэрэг.
Ө.Мэндбаяр: Халамжийн мөнгө тараахын оронд ажлын байрыг нэмэгдүүлье
- Миний хувьд 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-ы төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хамгийн залуу нь байлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын оролцоог нэмэх тал дээр анхаарч төсөв батлуулахыг зорьдог байсан. Тэр тусмаа дүүргийн харьяа хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, ХХҮХ-т төсөв тавьж, ажлын байр нэмэгдүүлэхэд бодлого гаргаж явах ёстой гэсэн байдлаар ханддаг байсан. Одоо сүүлийн үед хөдөлмөр эрхлэлт тал дээр, залуучуудын хөдөлмөр эрхлэх сэдлийг төрүүлэх бодлого барьж ажиллах ёстой гэж бодож байна. Энэ байдал бол ер нь дүүргийн хувьд орхичихдог. Яамнаас бодлого гаргаад байдаг. Дүүрэг дээр нь үүнийг дэлгэрүүлээд дэмжээд явахгүй бол дүүрэг хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хоорондын үед уялдаа холбоо сул болоод байна.
- Өмнө нь дүүргийн засаг даргыг иргэдийн нийтийн хурлаасаа, нийслэлийн засаг даргыг нийслэлийн хурлаасаа сонгодог байсан. Одоо шинээр хэрэгжиж байгаа Үндсэн хуулиар нийслэл, аймгуудын засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн засаг даргыг нийслэл, аймгийн засаг дарга томилдог болж байна. Энэ нь нэг бодлоготой хөгжих суурь болж чадна гэж харж байна. Яагаад гэхээр Улсын Их хурал дээрээ нэг бодлого гаргаад түүний хэрэгжилт нь нийслэл, дүүрэг, аймаг бүр дээр өөр өөр байвал бид хурдтай явж чадахгүй.
- Хөгжиж байгаа улсууд хүн амынхаа 60- 80% ийг дундаж давхаргад оруулж ирж байж тэр улс тогтвортой, аюулгүй, эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгаа. Жишээ нь яг манайхтай адил гэж үзвэл зүүн төвийн үзэл баримтлалтай Сканданивийн орнууд Швед, Швейцар зэрэг улсууд дундаж давхаргаа орлоготой, урт хугацааны хувьд ажлын байраар хангаж байж, хангалттай цалин өгч байж улс хөгждөг. Энэ зарчмыг манай улс баримталж ажиллах хэрэгтэй.
- Ажил олгогчийг төрөөс дэмждэг байх хэрэгтэй байна. Заавал халамж гэж хавтайрсан мөнгө тараалгүйгээр ажлын байрыг нэмэх тал дээр анхаарах нь зөв. Ажилгүй байгаа иргэдийг тогтмол орлоготой ажилтай болгочиход л халамжийн мөнгө тараах шаардлагагүй болно. Үүнийг нийслэлээсээ эхлээд хэрэгжүүлбэл зөв.
Г. Гангамөрөн: Хүүхдээ түрээд явах зам шийдээд өгвөл машин унахаа больё
- Би БГД-ийн 24-р хорооны иргэн. Миний хувьд манай хороо, дүүрэгт бидний хэн гэдэг ИТХ-ийн төлөөлөгч төлөөлдөг талаар мэддэггүй, танидаггүй. Яагаад гэвэл тэдний ажил нүдэнд харагдаж гарт баригдахгүй байгаа учраас би болон миний эргэн тойрны хүмүүс танихгүй байна гэж бодож байна. Амьдардаг хотхон Алтай хотхоноосоо гарах гэж хэдэн цаг түгжирдэг асуудалтай тулгардаг. Үннийг хэлэхэд иргэн хүн гэрээсээ гараад таатай байх нөхцөл манай дүүрэгт бүрдээгүй.
- Манай дүүргийн хувьд иргэдийн саналыг аваасуудал дээр иргэд маш идэвхитэй бичиж өгдөг. Ахмадууд бол гараараа бичээд өгнө, бусад нь сошиалаар саналаа бичээд өгдөг. Тэгсэн хэрнэ бодит ажил болддоггүй. Хотхон дундуур зам огт засагддаггүй. Ямар ч өндөр нам машин байсан орц гарцан дээр нь иргэдийн машин маш их эвэрд хохирч байна. Дүүрэг, нийслэл, засаг захиргаа шийдвэр гаргах түвшний ажилтнууд огт уялдаагүй ажиллаж байна.
- Миний олж авсан мэдээллээр бол манай Баянгол дүүрэг хүүхэд хамгаалах ажилд 20 сая төгрөг төсөвлөсөн хэрнээ ахмадуудын бэлэг, баяр ёслолд 500 сая төгрөг төсөвлөчихсон байсан. Сонгууль идэвхитэй өгдөг ахмадуудаас санал авах гэсэн л хандлага.
- Дүүргийнхээ иргэдийн төлөөлж тэнд сууж байгаа хүмүүс үндсэн үүргээ мартчихсан, хэн нэгэн хүний шийдвэрийн дагуу тэнд үйл ажиллагаа явуулдаг, дараагийн сонголтод нь нөлөөлөх ажлуудаа л боддог.
- Манай хотод хүн төвтэй бодлого дутагдаад байна. Машин ихсээд түгжрэл ихсэхээр машиндаа зориулж зам барьдаг хэрнээ хүнд юу зориулж хийж байгаа юм бэ? Явган хүний замаа огт нэмдэггүй.
- Би нялх хүүхдээ түрээд, 3-р ангийн хүүхдээ сургуульд нь хүргэмээр байдаг. Хүүхдийн тэрэг түрээд явах, хажууд нь хүүхдээ хөтлөөд явах зам байхгүй учраас машин унах шаардлагатай болдог.
- Надад иргэн хүний хувьд шийдэл байна. Хэзээ яаж түгжрэл үүсээд байгаа гэдэг шалтгаан байгаа. Өглөө 7-9 цагийн хооронд ажилдаа явах гэж бүгд гэрээсээ гараад түгжрэл үүсгэдэг. Тэгвэл үүн дээр цагийн зохион байгуулалт хийж зөрүүлэх боломжтой. Төрийн байгууллагуудыг эрт оруулах, арай бие дааснаар нь оюутнуудын хичээлийг үдээс хойш оруулдаг байдлаар цагийн менежмент хийх хэрэгтэй.
- Иймэрхүү шийдлүүд гаргахаар иргэд ойлгодоггүй л гээд байдаг. Зам талбайн зөв менежмент хийе гэхээ төсөв хүрдэггүй л гэж ойлгуулдаг. Яг үнэндээ хотоо хөгжүүлчихье гэсэн чин сэтгэл дутаад байна гэж харж байна. Хүн төвтэй бодлого дутаад байна.