Олон ажилтантай байгууллага ажилтны автобус, хүүхдүүд сурагчийн автобус, оюутнууд нийтийн тээврийн автобусаар зорчиж байна. Гэсэн хэдий ч энэ нь хангалтгүй буюу Улаанбаатарт зарим өдөр 0 зогсолт болох хэмжээний түгжирч байгаа юм. Тэр дундаа төрийн ордон тойрсон зам дээр цаг хамаарахгүй түгжирсээр. Учир нь Нийслэлд, Их тойруугийн дотор төрийн 286 байгууллагад 28.900 албан хаагч ажилладагийн 12.800 нь хувийн машинаар зорчиж байна. Энэ тоог бууруулж хотын төвийн түгжрэлийг сааруулах нэг гарц нь төрийн албан хаагчдын автобустай болох явдал юм. Гэхдээ тэднийг заавал автобусаар үйлчлүүл гэж захиргаадаж, шахалт үзүүлж болохгүй. Учир нь хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх шаардлагатай гэх мэт олон төрлийн шалтгаантай хүн байж болох. Тиймээс автобусаар үйлчлүүлэх боломжтой хүмүүсийн нэрс, хүсэлтийг аваад, автобус гаргавал тэр хэрээр хотын төв тойрсон зогсоол суларч, түгжрэл саарах магадлалтай байна. Зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан автобустай болвол төрийн албан хаагчдад ч мөнгөнд хэмнэлттэй, гэр ажилдаа явах тогтмол унаатай, жолоо барьж бухимдахгүй, цагт хэмнэлттэй зэрэг олон төрлийн давуу талтай юм.
Тав дахь жилдээ нийслэлийг засаглаж буй МАН буюу эрх баригчид 2016 оноос хойш түгжрэлийг сааруулах дорвитой ажил огт хийгээгүй. Харин хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа дугаарын хязгаарлалт, автобус, тусгай машиныг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, яармаг, замын цагдаагийн гүүр зэрэг олон ажлуудыг хийж, тухайн үедээ замын ачаалал, түгжрэл саарч байв.
Гэтэл түүнээс хойш олон санаачилга гарсан ч хийсэн ажил, шийдсэн шийдэл алга. Жил бүр машины тоо нэмэгдэж, жолооч нарын түгжрэх цаг хугацаа өссөөр.
Уг нь Азийн хөгжлийн банкнаас түгжрэл бууруулахын тулд хийх ажилдаа зориулж зээл авахаар болж, зээлийг УИХ-аар баталсан. Гэтэл Ковид-19 өөс үүдэн гадаадын мэргэжилтнүүд нь ирэх боломжгүй зэрэг шалтгаануудаас үүдэн гацчихсан. Тиймээс даруй шийдэж болох ажил нь төрийн албан хаагчдын автобус гаргах явдал болоод байна.
Нэмж мэдээлэл хүргэхэд сүүлийн таван жилийн судалгаагаар нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа гуравны нэгийг амжуулдаг. Суудлын 200 мянган машинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг машин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, энэ нь мөнгөн дүнгээр нийт тээврийн хэрэгслээр тооцоход өдөрт 265 сая төгрөг, жилд 53 тэрбум төгрөг болж ДНБ-ний 2.9 хувийг эзэлж байна. /2018 оны судалгаа/
Олон улсын төвшинд дээрх хэмжээ ДНБ-ийн 2 хувиас давсан тохиолдолд замын түгжрэл хурцадмал байдал орсон гэж үздэг байна. 11 сая машинтай Токио хотын нийт оршин суугчдын 90 хувь нь метрогоор, 6 хувь нь машинаар зорчдог. 9 сая машинтай Бээжин хотын иргэдийн 34 хувь нь машинаар явдаг юм.