Эрдэнэс Таван Толгойн ногдол ашгаа хүртсэн иргэд баярлан сууна. Арга ч үгүй биз Монгол улсын иргэд баялгийн өгөөжөө анх удаа хүртэж буй нь энэ.
Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэс Таван Толгой компани 2018 оноос анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилийнхээ ногдол ашгийг тараалгүй компанидаа хөрөнгө оруулалт хийсэн. Харин 2019 оны ногдол ашгийн 14,8 хувийг иргэдэд олгож 1072 хувьцаатай иргэн 86.832 төгрөг авч байна.
85 хувийг нь төр, 25 хувийг нь аж ахуй нэгж, иргэд эзэмшдэг компани ногдол ашгаа хүртээх нь зөв ч үүнээс илүү хоолой дээр тулсан байгаа улсын өрөө дарсан бол алсдаа иргэдэд өгөөжтэй байсан буй за.
Сонгуулиар л ялалт авч байвал маргаашийн өрөө яаж дарах нь хамаагүй бололтой. Цагаа тулахаар иргэдийн халааснаас татвар нэмж өр дарах уу?
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр:
2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр Монгол улсын төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсон нь сүүлийн зургаан жилийн хагас жилийн үзүүлэлтээс хамгийн өндөр алдагдалд тооцогдож байна.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 703.3 тэрбумаар буурч 3.7 их наяд төгрөг болжээ.
Мөн ирэх жилээс эхлэн өр төлөх том дарамт хүлээж буй.
2021 онд Мазаалай бонд – 600 сая ам.доллар
2022 онд Чингис бонд – 1 тэрбум ам.доллар
2023 онд Гэрэгэ бонд – 800 сая ам.доллар
2024 онд Хуралдай бонд – 600 сая ам.доллар гээд нийтдээ гурван тэрбум ам.долларын өр дарах ёстой.
Төсөв алдагдалтай санхүүгийн ийм хүнд үед Засгийн газар өрөө яаж дарах вэ?
Иргэдийн халааснаас татвараа нэмж өрөө төлөх үү?
Төр ард түмний санхүү болоод амьдралын боломжийг сайжруулах гэж сонгогддог. Гэтэл өнөө маргаашаа л болгож ажил хийсэн харагдаж улсын өрийг нэмсээр. Өнөөдөр бидний авч байгаа 80 мянган төгрөгийн ногдол ашиг маргааш бидний нуруун дээр өр болж ирэх вий.