Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын статустай болсон Орхон аймгийн иргэд сонгогчидтой Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ц.Нямдорж, Б.Оюунгэрэл, Д.Батлут нарын хамт уулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцуулав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн олон улс оронд коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож, мөн тэр хэрээр олон мянган хүнийг өвчин зовлонд нэрвэгдүүлж, ажилгүй болголоо. Цагийн зүү зогссонтой адил дэлхий нийтийн амьдрал удааширч хүн төрөлхтөн хүндхэн нөхцөлд байна. Гэсэн хэдий ч бусад улс орнууд төр улсаа байгуулах, эмхлэн цэгцлэх парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Үүний нэгэн адил Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулиа Үндсэн хуулийн хүрээнд цаг хугацаанд явуулж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал амаргүй байна. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бид байна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Бидний ертөнц амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэт чимээгүй ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсын төвшинд хамтын ажиллагаа чухал байна” гэж хэлсэн.
Ийм нөхцөл байдалд та бид амьдарч байна. Гэхдээ Монгол Улс тайван сайхан байна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганц улс Монгол болж үлдэж байна. Энэ бол монголчууд бидний том амжилт. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тиймээс бид цаашид улам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Үүний дараа тэрээр эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо ханга, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа шийдэх зэрэг улс орны хөгжлийн тулгуур үндэс гэж тодорхойлсон таван асуудлын талаар мэдээлэл өгч, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо танилцуулахад Орхон аймгийн иргэд сонгогчид сэтгэл хангалуун хүлээж авсан.
Мөн тэрээр МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт МАН-наас нэр дэвшиж буй Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэл нарыг багаар нь дэмжихийг уриалав. “Ц.Нямдорж бол ноён нуруутай, шударга улс төрч. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр, Ноён уул, Тост тосон бумба, Салхитын орд гээд алдсан өмч, эд хөрөнгөө Монголын төр, ард түмэн эргүүлж авсан. Цаашид ч авах болно. Улсын мөнгөөр улсын үйлдвэрийг худалдаж авсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол гэмт хэрэг. Үүний араас эцсээ хүртэл тууштай тэмцсэн хүн бол Ц.Нямдорж. Би энэ хүнийг эх орноо худалдахгүй, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэж үнэлдэг. Монголын төрд байх ёстой ноён нуруу яахын аргагүй мөн” гэв.
Харин хивсний үйлдвэрт туслах ажилтнаар ажил амьдралын гараагаа эхэлж өдгөө аймаг удирдаад явж байгаа Д.Батлутыг хөдөлмөрч, зүтгэлтэй гэж үнэлдэг, аймагтаа юу хэрэгтэй байгааг, ард иргэдийнхээ зовлон жаргалыг илүү сайн мэдэх учир нэрийг нь дэвшүүлсэн гэдгээ МАН-ын дарга хэлсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Оюунгэрэлийг нийгмийн халамж, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хүчтэй дуу хоолой болж чадна гэдэгт итгэж нэр дэвшүүлснээ МАН-ын дарга онцолсон.
Уулзалтын үеэр Орхоны иргэд ажлын байр олноор бий болгож,залуу гэр бүлийг дэмжсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсч байв. Түүнчлэн Дархан, Эрдэнэтийн чиглэлийн авто зам хурдан дуусгаж өгөхийг хүссэн. Харин нийгмийн халамж, бүтээн байгуулалтын чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.
Ирээдүйд хийхээр зорьж буй, өнгөрсөнд эхлүүлсэн ажлуудыг нь дуусгахад хүчээ нэгтгэж МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэдгээ Орхон аймгийн ард иргэд илэрхийлсэн.
МАН ирэх 4 жилд Орхон аймагт дараах ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай 5000 орон сууцаар хангана. Үүнд:
- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-1500
- Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-1500
- Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 1000
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 500
- Түрээсийн орон сууц- 500
2. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Орхон аймаг Эрдэнэт хот болж байгаатай холбогдуулан “Эрдэнэтийн хөгжил–2030” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
3. Дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл хэрэгжүүлж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно.
4. Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, Технологийн сургуулийг түшиглэн уул уурхайн сургалтыг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулна.
5. Хотын нөөцийн давуу талд тулгуурлан уул уурхай-металлурги-хими, катодын зэс боловсруулах үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
6. Хүүхэд, залуучуудын хөгжлийн цогцолбор төв, олон улсын чанар, стандартад нийцсэн жишиг ЕБС, номын сан барина.
7. Гэр хороололд МОН-23-01 төслөөр татагдсан 40 км цэвэр усны шугамыг ашиглахад шаардлагатай бохирын шугам татаж, эко жорлон төслийг эрчимжүүлнэ.
8. “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ”-г түшиглэн Орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр барина.
9. Хялганат-Хангал-Эрдэнэт чиглэлийн 53 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн ЖаргалантЭрдэнэт чиглэлийн авто зам барьж, хотын доторх авто замыг өргөтгөж, шинэчилнэ.
10. Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосыг дарах шинэ технологийг бий болгон, хотын хүн амын эрүүл мэндийг хамгаална.