Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2020.6.24-нд болох гэж байгаатай холбогдуулан Өрөг.мн сайтын редакц, VTV телевизтэй хамтран “Саналаа Өгье” нөлөөллийн форумыг цувралаар зохион байгуулж эхэллээ.
2016 оны парламентын сонгуулиар 18-35 насны залуусын 50 хувь нь саналаа өгсөн нь чамлалттай үзүүлэлт. Сонгуулийн насны иргэдийн олонхийг эзэлдэг залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байж парламентад “шинэ” уур амьсгал орох боломжтой юм.
“Саналаа өгье” форумын эхний дугаарын зочноор
1. Б.Идэр-Од Бизнес эрхлэгч, комедиан
2. Ш.Энхжамц /Vande/ Реппер
3. Б.Орхон Ээж, эмч
4. Б.Цэрэндолгор Модель
Саналаа өгөхдөө ямар хүчин зүйлүүдийг нь голлон хардаг вэ?
Б.Идэр-Од: Ёс зүйг нь хамгийн түрүүнд хардаг. Мөн боловсрол, өмнө нь хийж байсан ажил туршлагыг нь харна. Би өөрөө жижиг дунд бизнес эрхлэгч. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийг ойлгодог, тэдний эрх ашгийг нь дэмждэг, бизнес эрхлэгчдийн төлөө дуугарах хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа. Цалин өгч үзсэн байх нь ч чухал.
Б.Орхон: Өмнө нь хоёр ч удаа сонгуульд саналаа өгч байсан ч ач холбогдол өгч байгаагүй юм билээ. Энэ жилийн сонгуульд ач холбогдол өгч, бие даасан шийдвэр гаргаж, саналаа өгнө. Ёс зүй, мэдлэг боловсрол, тууштай зан чанар, өөрийнхөө амьдралыг яаж авч явж байна гэдгийг нь харна даа.
Б.Цэрэндолгор: Өмнө нь хоёр удаа саналаа өгөхдөө өвөө эмээгээсээ асуугаад өгч байсан. Энэ жил саналаа өгөхдөө сайн судална гэж бодож байгаа. Өмнө нь өрсөлдөгчөө ч юм уу ямар нэгэн байдлаар доромжилсон хар PR хийсэн байна уу үгүй юу гэдгийг нь сайн харна. Туршлага бас маш чухал.
Ш.Энхжамц: Өмнө нь би нэг удаа саналаа өгсөн. Тухайн үед ааваасаа “хахууль” авч аавын дэмж гэсэн хүнийг сонгосон. /инээв/ Одоо харин бие хүн, хувь хүн талаасаа төлөвшиж байгаа учраас ач холбогдол өгч саналаа хариуцлагатай өгнө, оролцоно.
Зочдын онлох эшлэлээс хүргэж байна
Бизнес эрхлэгч, комедиан Б.Идэр-Од:
МОНГОЛЧУУД БИД СОНГУУЛЬ ӨГӨХ ЭРХТЭЙ БАЙГАА НЬ АЗ
– 6-р сарын 2-оос эхлэн би өөрийнхөө цахим хуудсуудаар нам болгоноос дэмжиж байгаа хүмүүсээ нээлттэй зарласан. Ямар нэгэн захиалга огт байхгүй.
– Иргэн бүр өөрийн дэмждэг хүнтэй байх ёстой гэж боддог. Дэмжиж байна гэдэг тухайн нэр дэвшигчийг сайн судална гэсэн үг.
– Нийт санал өгч байгаа сонгогчдын талаас илүү хувь нь залуучууд. Тэгсэн хирнээ эмээ өвөө нараараа ирээдүйгээ шийдүүлээд сууж байдгаа болих хэрэгтэй. Залуучууд бид л саналаа өгчихвөл сонголт бидний гарт байна .
– Хорооны байран дээр очоод сонгуулиа өгөх мэдрэмж гоё байдаг. Санал өгөхөөс өмнө өвөө эмээ нарын л очдог газар юм шиг санагддаг байсан. Саналаа өгсний дараа л энэ мэдрэмжийг мэдэрнэ.
– Улс төрийг зүйрлэж хэлбэл гэр дотор байгаа асуудал надад хамаагүй гээд орноосоо босохгүй байвал гэр чинь өөдлөхгүй биз дээ. Би улс төр сонирхдоггүй, надад хамаагүй гэсэн ч уучлаарай гэр чинь өөдлөхгүй л гэсэн үг. Чи босоод цэвэрлэлцэх л ёстой өөр арга байхгүй.
– Саналаа өгөх эрхтэй болохын тулд дэлхийн түүхэнд маш олон тэмцэл өрнөж байсныг уншаад мэдчих хэрэгтэй. Монголчууд бид сонгууль өгөх эрхтэй байгаа нь аз.
Сошиал инфлүүнсэр Б.Орхон:
БИДНИЙ ХҮҮХЭД АМЬДРАХ НИЙГМИЙГ БИДНИЙ СОНГОЛТ ШИЙДНЭ
– Сонгуулийн үеэр хар PR их явдаг учраас тэр бүгдэд авталгүй, ядаж коммент хэсэг рүү ороод хэн бичсэнийг шалгаж, нягталж байж тухайн мэдээнд итгэх хэрэгтэй. Хар бараан мэдээ яалт ч үгүй бидэнд нөлөөлөх гээд байдаг. Тийм учраас нягтлах л хэрэгтэй.
– Нэр дэвшигчид хэрвээ сонгогдоод гараад ирвэл яг сонгуулийн үеэр ярьсан шиг ээ л, PRшиг ээ л байгаарай гэж хэлмээр байна. Хэлснээ хийчихдэг бол хэн ч итгэнэ шүү дээ.
– Сонгогчид дөжирч болохгүй. Саналаа өгсөн өгөөгүй ялгаагүй, нөгөө л хүн гарна биз гэж хайнга хандаж болохгүй. Тойргийнхоо нэр дэвшигчдийг судлаад, эргэн тойрны хүмүүсээ саналаа өгөхөд уриалах хэрэгтэй.
– Хүүхэдтэй болсноос хойш хүүхдийн асуудлуудад их мэдрэг ханддаг болсон. Хүүхдэд ээлтэй орчинг л бий болгочихвол бүх хүнд ээлтэй орчин болно гэсэн үг.
– Энэ жилийн сонгуульд манай нөхрийн ээж нэр дэвшиж байгаа болохоор сонгуулийн цаана болдог ажлууд, нөхцөл байдал, ач холбогдлыг нь ч сайн ойлгож байна. Ямар хэцүү шалгуур давдгийг харж байна. Сонгогчид тэрийг үнэлж, ойлгож сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.
Модель Б.Цэрэндолгор:
САНАЛАА ӨГӨӨГҮЙ БАЙЖ ШҮҮМЖЛЭХ НЬ БУРУУ
– УИХ-ын гишүүд миний чиний амьдралд нөлөөлдөг юм байна гэдгийг маш сайн ойлгодог болсон.
– Энэ жилийн хувьд орчин үеийн хүмүүст саналаа өгнө гэж бодож байгаа. Залуу үеэ мэдрэх, залуучуудыг хөгжихөд нь ямар бодлого хэрэгтэй байгааг мэдэрдэг хүн хэрэгтэй.
– 76 амьдралд гай болоод байна гэж шүүмжилж байгаа залуустай олон таарсан. Залуучууд бид саналаа өгөх үүргээ биелүүлээгүй байж, эрхээ эдэлье гэж хүсэх нь буруу. Сонгуулиа эхлээд өгчхөөд, дараа нь тэднийг шүүмжилье.
– Өөрийн сошиал хуудсандаа дэмжиж байгаа нэр дэвшигчдээ нээлттэй зарласны төлөө “үзэл бодлоо худалдлаа” гэж гүтгэж болохгүй.
– Нээлттэй зарлах нь бусдыг идэвхжүүлж байгаа хэлбэр.
– Улс төрд орж байгаа хүн бүрийг “цүнх баригч” гэж тодотгож болохгүй. Тэдэн дунд үнэхээр улсаа хөгжүүлэх зорилготой хүн байж болно. Залуус бид ядаж туйлшралд автахгүй байя.
Реппер Ш.Энхжамц :
СОНГУУЛЬ БОЛ ЭНГИЙНЭЭР АНГИЙН АТАМАНАА СОНГОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
– Би анх удаа нэвтрүүлэгт орж байна. Саяхан өөрийн сошиал хуудсууд дээрээ лайв хийж залуусыг саналаа өгөхийг уриалсан пост оруулсан. Энэ тал дээр сонгууль хүртэл идэвхтэй байна гэж бодож байгаа.
– Сонгууль бол энгийнээр ангийнхаа атаманыг сонгож байна гэсэн үг. Байхгүйд чинь ангийн даргаа сонгочихсон байвал онцгүй биз дээ. Их Хурлын гишүүн гэдэг чиний миний бид бүгдийн дуу хоолой.
– Ямар асуудал байна түүнийг яаж шийднэ гэж байна, ямар үр дагаварт хүргэхийг нь онцолж харна гэж бодож байгаа.
– Манай залуучууд өдөр ирэх тусам хөгжөөд гоё болж байна. Эбо бид хоёр ч гэсэн улсдаа чадахаараа хувь нэмэр болно гэж боддог. Шинэ дуу хийгээд, тэрийгээ маш гоё таатайгаар сонсох, бусдад хүргэх нь сайхан байдаг болохоор бид олон дуу хийдэг.
– Чиний сонсохыг хүсэж байгаа хариултыг хэлээгүйн төлөө бүх улс төрчдийг “муу” гэж үзэж болохгүй.