“Өрөг” хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарыг “Сонгууль 2020”-ын онцлог сэдвээр бэлтгэлээ. Хэлэлцүүлгийн зочноор УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Т.Бат-Оргил, УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” –ээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Б.Дэлгэрмаа, Өрөг.мн сайтын Ерөнхий редактор У.Болортуяа нар оролцлоо. Онцлох эшлэлээс хүргэж байна.
УИХ-ын сонгуульд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Т.Бат-Оргил
- Энэ сонгууль маш их боломжийг авчирж байна. 30 жил хуурсан бүлэглэлүүдийн мөн чанарыг бид танилаа. Бие даагчид, шинэ хүмүүс 40,50-уулаа орж ирнэ. Системийг мөлжиж иддэг, иргэдийн нуруун дээр тогтдог систем тогтчихоод байна шүү дээ. Намууд хэнийг ч төлөөлөхөө больчихсон байна. Бүгд цаагуураа эрх ашгаараа нэгдсэн, жүжиг тоглодог хүмүүс байна.
- МАХН намыг ялагдаж байх үед буюу их хүнд үед нь гишүүнээр байлаа. Гэвч 1996 онд элссэн намаасаа би 2009 онд гарч байсан. Манай намын “хайрцаг” нь үлдээд дотор нь хүн үлдээгүй.
- Дөрвөн жил болгон сонгуулийн хууль нь өөрчлөгддөг улс өөр хаана байна вэ? Хөлбөмбөгийн тэмцээн явуулахдаа 4 жилд нэг удаа дүрмээ өөрчлөхтэй ялгаагүй шүү дээ.
- Бид өнөөдөр ийм буруу системийг бий болгочихоод Ардчилал гэж ярих хэрэггүй.
- Намууд сүүлийн 20 жилд төрийнхөө дээр гарчихлаа. АН намыг төрийн доор оруулъя гэж явсан ч өөрөө дээр нь гарчихаад явж байна. Намуудыг захиалгаар бүртгэж байна. Дуртайгаа л бүртгэж авдаг. Өнөөдөр би том намд орно гэвэл эргээд л мөнгөний хавханд орно.
- Бие даагч сул дорой гэдэг PR явуулж байна. Хүчтэй байна гэж судалгаа гарсан ч намууд бие даагчдыг дарах ажиллагаа явуулж эхэлсэн. Хүнийг нь хараач гэмээрбайна. Бие даагчид сул дорой биш ээ.
- Мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал чухал болохоос биш, байшин барилга нь чухал биш.
- Намууд өөрсдөө хөгширч өгөршчихсөн учраас хүн нь чухал болчихоод байна.
- Уул уурхайг түшсэн улс орнууд хол явахгүй. Наймаалцах нь гол хэрэгсэл биш. Уул уурхайн ашгийн 80 хувь нь гадагшаа урсаж байна.
- Улстөрчдийг Үндсэн хуулиа зөрчин байж бие даагч болгож бйна. Бидэнд туршлага байна. Миний ард олон мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг байна.
- Намын даргаар дамжихаар эмэгтэй хүний үнэ цэнэ уначихаад байна. Бүх юм даргын нүдээр шийдэгддэг.
- Мэргэжлийн холбоодыг бэхжүүлж, намуудыг татан буулгаж, шинээр байгуулах хэрэгтэй байна. Нам дамжсан сайд, амьдрал мэддэггүй дарга биш мэргэжлийн холбоод ажлаа хиймээр байна. Төр зөвхөн хяналт тавих ёстой.
УИХ-ын сонгуульд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Б.Дэлгэрмаа:
- Можаритар систем, олон мандаттай томсгосон тойрог бол маш хүнд. Энэ нь сүүлийн 30 жилд хоёр том намын дунд тогтсон, жижиг намууд болон бие даагчдыг үгүйсгэдэг систем. Залуус эмэгтэйчүүдэд бүр ч ээлгүй.
- Өдөр бүр эрх баригч намынхан төсвийн мөнгөөр сурталчилгаа хийж байна. Гэтэл бид айлын хаалга тогших ч боломж алга байна.
- Олон жилийн сонгуулийн түүхтэй улс оронд сонгогчид хувь хүнийг нь л харж сонгодог. Үнэ цэнийг хувь хүн л бий болгодог.
- АН-аас гарсан шалтгаан нь Ардчилал гэдэг зүйл бол Ардчилсан намын өмч биш юм. АН-ынхан намайг урвагч гэж байна. Тэгж хэлэхэд нь их гуниг төрсөн. Урвагч гэдэг үгийг Коммунистууд л хэрэглэдэг. Тэд коммунистууд болчихож. Бид иргэдэд сонгох эрхийг авчирсан. Би 30 жил ардчиллын төлөө зүтгэсэн.
- АН-д арилжааны шинж нь давамгайлж байна. Бид нарын үеийн итгэл үнэмшилж арилсан. Ихэнх нь их хуралд ороод кноп дарах үүрэгтэй, эзэнтэй хүмүүс байгаад харамссан.
- ИЗНН-д элссэн шалтгаан бол энэ нам байгуулагдсан цагаасаа хойш авлигатай тууштай тэмцэж ирсэн.
- Сонгуулийн нэг чухал хэсэг бол санхүүжилт. Нэр дэвшигчээсээ нам нь хандив авна гэдэг бол энгийн л зүйл.
- Улстөрийн намуудыг өөрчлөх шинэчлэх, тараах хэрэгтэй байна. Үндсэн хуулиар зохицуулах хэрэгтэй. Саяын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улам дордууллаа. Нам төвтэй төр бий болчихлоо. Улстөрийн нам гишүүнчлэлгүй байх ёстой.
- Монгол улс хурдтай хөгжиж чадахгүй байна. Онгоцоор явах ёстой байтал муудсан тэргээр явж байна.
- 1996-2000 онд хамгийн хэцүү үед би УИХ-ын гишүүн байсан. Бид өнөөгийн эрхзүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажилласан. Улстөрийн нэг нам хэт олонх болохоор зогсонги болдог. Хяналтын үүрэг алдагддаг. 2000-2004 оны парламент ч ийм лбайсан.
- Чөтгөрийн тойрогт орсон бүх юмыг эвдэхийн төлөө, хөгжлийн гарцыг тодорхойлох гэж би УИХ-д нэр дэвшиж байна.
- Алсын хараа 2050 бол ирээдүй биш. Эрх баригчид үүнийгээ том бодлого харлаа гээд бодчихсон байна. Гэтэл ийм биш.
- Гаднаас нь Монгол улсыг харсан хүний хувьд хэлэхэд, улстөрчид тойргоо усалсан төсөв боловсруулж байна. Хэт их намчирхаж байна.
- Дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байж хөшөө бариад орхидог гажуудал байна. Иргэдэд хамгийн түрүүнд тохилог орон сууц, боловсрол, эрүүл мэнд хэрэгтэй. Энэ бол Монгол хүний эрхэмсэг оршихуй.
- Төр иргэдийн өөдөөс шийдвэр гаргадаг биш иргэд өөрсдөө шийдэх ёстой. Жишээ нь, 1072 хувьцааг өгөх үү гэх мэт.
- Банкууд эзэндээ үйлчилж байна. Сүүлийн 15 жилд Монгол улсад олиграхиуд бий болчихоод байна.
- Би нэр цэвэр. 30 жил улстөрд явахдаа ямар нэг асуудалд холбогдож байгаагүй. Сүүлийн 10-аад жил улстөрийн бохир гал тогооноос хол байсан. Эрх зүйч мэргэжилтэй. Үндсэн хуулийг боловсруулж байхад би оролцож байлаа.
- Нэг нам дангаараа байгаа үед Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй.
- Монголд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан. Улстөрчдийн манлайлал алдагчихаад байна.
- Залуучууд хоёр янз байна. Залуу гэдэг нь сэтгэлгээний хувьд залуу, өөрийн гэсэн байр суурьтай байхыг хэлж байгаа юм. Намын даргынхаа цүнхийг бариад гарч ирж байгаа хүнийг залуу гэж хэлэхгүй. Амьдрал үзмээр байна.
- Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 30 жил төрд суусан мундаг хууьчид. Гэхдээ тэд Нарантуул зах дээр очиж талхны үнэ мэдсэн үү? Тэд вакумжсан. Шийдвэр гаргах гэхээр нам нь харагдаад байдаг. Шинэ үе гарц ирэх цаг болсон.
Өрөг.мн сайтын Ерөнхий редактор У.Болортуяа:
1. МАН одоогийн нөхцөл байдлыг өөртөө давуу байдал болгож ашиглах гэж оролдож байна. Орой бүр эрх баригч намынхан Үндэсний телевизээр ярьж байна. Ковид-19-г далимдуулж айдас дээр суурилсан тактик барьж байна.
2. Ардчилсан нам хөл толгойгоо олохгүй байна. Бид хамгийн сүүлд “Улстөрийн задлан -Эрдэнэбилэгизм” нэртэй нэвтрүүлэг хийсэн. Тэд нэг банкинд л намаа өгчихлөө туугаад тавьчихлаа.
3. Энэ удаагийн сонгуулиар АН-ынхан бүлэглэлд үйлчлэх хүмүүсээ нэр дэвшүүллээ. Намдаа баталгаатай суудал авчрах хүмүүсээ дэвшүүлсэнгүй.
4. Иргэд хоёр намаас залхаж, шинэ хүмүүсийг эрэлхийлж байна. Иймээс ч бие даагчид сонгогдох магадлал ихтэй.
5. Өнөөдөр МАН эрх бариагүй юм шиг ярьж байна. ЖДҮ,60 тэрбумын бүлэглэлийн аль алинаас нь нэр дэвшиж байна.
6. Бие даагчид үнэхээр ард түмний дуу хоолой болж чадна гэж харвал ашигтай. Гэхдээ олон бие даагч гараад ирвэл яах вэ гэх мэт асуудал бий.
7. Гадуур сурталчилгаа хийлгэхгүй байгаа нь шинэ хүмүүсийн боломжийг хумьж байна.
8. Иргэд ялгаж салгамаар байна. Бэлэг тараадаг хүнээ сонгох уу, Үндсэн үүргээ мэддэг хүнийг сонгох уу гэдгээ . Мэдлэгтэй хүнийг үү, бэлэг тараадаг хүнийг үү? Сайн хүний тухай “эморол”-оосоо салах хэрэгтэй.
9. Сонгуульд орох зорилгоо ойлгоогүй хүмүүс олон байна.
10. Юмаа ялгаж салгамаар байна. Улстөрчид хийх ёстой ажлаа давуу тал болгон ярьж байна. Өнөөдөр Д.Сарангэрэл сайд ч бай, хэн ч бай, Коронавирусээс сэргийлэх ажлыг хийх ёстой л байсан. Энэ бол үйл явдалд тааруулсан ажил. Өөрийн санаачилгаараа тэр хүн юу хийсэн бэ гэдгийг нь харах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын системийг өөрчлөхийн төлөө эрх баригч нам юу хийсэн бэ? Д.Цогтбаатар сайдын үед хар тамхины хэргүүд илэрч баригдлаа. Хэн хариуцлага хүлээв?
11. Сонгуулийн сурталчилгааны зардлын 50 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ирдэг гэсэн тооцоолол байна. Тэр хэмжээгээр хуурамч мэдээлэл их явж байна.
12. Өнөөгийн нийгэмд эмэгтэй хүний шалгуурыг буруугаар харуулаад байна гэж харагдаж байна.
13. Бүх сонголтууд сэтгэл хөдлөл дээр тогтож байна. Хэрсүү байж сонгомоор байна. Спортдоо сайн гээд сонгох уу? Алдаа гаргачихаад уучлал гуйгаагүй хүн шүү дээ. Энэ хүн ер нь юу хийж чадах вэ гэх зэргээр асуудалд бодитой хандмаар байна.