Он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлсэн мэндчилгээндээ “тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргалаа” гэсэн юм. Харин эдийн засагчид болон мэргэжлийн хүмүүс тэтгэврийн зээл тэглэвэл инфляци өснө, үний хөөрөгдөл бий болно, эдийн засагт олон эрсдэл үүснэ хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэглэх мөнгө нь үйлдвэрлэлд бус тэтгэврийн хөгшчүүдийн үр хүүхдийнх нь идэх хоол, өмсөж зүүх хувцасны өр зээлийг дарах үйл явц болно гэж байгаа юм. Үүнийг батлах тоо нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа нийт 410 мянган ахмадын 231 мянга нь тэтгэвэр барьцаалсан зээл буюу 776 тэрбум төгрөгийн зээлтэй. Харин зээл авсан ахмадуудын 86 хувь нь өөрсөддөө зээлээ зарцуулдаггүй гэсэн судалгаа байгаа юм. Бидний уулзсан гурван ахмад гурвуулаа тэтгэврийн зээлээ хүүхдүүддээ өгдгөө хэллээ.
Бид долоон буудлын Төрийн банк руу ороход ахмадууд зээл тэглэх нь хэмээн бужигнаж, Төрийн банкны хаалгыг эвдэх шахан нээж бас хааж байлаа. Тэтгэврийн мөнгөө авахдаа хүүхэд, ач зээгээ дагуулан яваа хөгшчүүл ч олон харагдана.
Ц.Зодхорлоо: Эмээ нь хөлөө гэмтээгээд хоёр жилийг ардаа үдсэн. Өнөөдөр тэтгэвэр буух сургаар суга таягтайгаа, автобусанд суун долоон буудлын төрийн банкнаас тэтгэврийн мөнгөө авах гэж ирсэн ч оочер дараалал ихтэй учраас эргээд гарч байна. Ер нь бол Цагаан сар дөхсөн өдрүүдэд ахмадууд дийлэнх нь тэтгэврийн зээл авдаг. Гэхдээ энэ удаад зээлийн үйлчилгээг хаачихсан байна. Миний зээл өнгөрсөн сар дууссан юм нэмээд зээл авч болохгүй юм байна. Уг нь хүүхдүүдийнхээ наймаанд нэмэр болох хэдэн төгрөг авчихвал зүгээр юмсан. Би тэтгэврийн мөнгөөр өөртөө эм, тариагаа аваад үлдсэн хэдэн төгрөгөө хүүхдүүддээ өгчихдөг юм.
Г. Эрдэнэбилэг: Би 320 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Ач нар маань тэтгэвэр бууж байгааг мэдээд цаг тутам залгаад ‘’тэтгэврээ авсан уу?” гээд байнга асууна шүү дээ. Хэдэн төгрөг өгөхөөр идэж, уухдаа зарцуулаад энэ мөнгө дуусдаг. Тэтгэврийн мөнгөнөөс хүүхдүүддээ өгөлгүй яах вэ гэж боддог доо.
Д.Дугар: Эмээ нь тэтгэврийн хэдэн төгрөгөөсөө гадна, Гандангийн гадаа будаа зарж нэмэлт орлого олдог. Гэртээ охин, хүргэн, гурван зээтэйгээ амьдардаг. Хүргэн согтуу байхдаа эхнэр, хүүхдээ зодно. Хааяа надад ч гар хүрнэ. Охин нөхрөөсөө салах гэж байгаа ч одоо амьдарч байгаа гэр нь хүргэний эгчийн хашаа нь болохоор хүүхдүүд нь салсан ч толгой хоргодох орон гэргүй болно. Дарамттай амьдралаа тэвчиж л байна.
П.БЯМБАЦЭРЭН: АХМАДУУД САНХҮҮГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА
Монголын ахмадын холбооны ажлын албаны дарга П.Бямбацэрэн: Ахмадууд хүчирхийлэлд өртөх тохиолдол их. Хүчирхийлэл гэдэг нь эдийн засгийн хүчирхийлэлд ихээр өртөж байгаа юм. Тэтгэвэр болон орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхгүй олон ахмадуудын хүүхдүүддээ тэтгэврийн зээлийг олон сараар нь авч өгдөг. Энэ нь эргээд ахмадуудад санхүүгийн дарамт учруулж зарим нэг ахмадууд хармааны хулгайн гэмт хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдах тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Энэ асуудалд нийгмийн анхаарлыг хандуулах хэрэгтэй. Урьд өмнө нь байгаагүй шалтгаанаас үүдэн хүчирхийлэлд өртдөг тохиолдол элбэг боллоо. Жишээлбэл хашаандаа хамт гэр бариад амьдардаг ч сүүлийн үед хотын дахин төлөвлөлтөөр газраа 1-2 өрөө байраар солино. Улмаар хүүхдүүдийнхээ гэр бүлтэй хамт амьдарч гадуурхагдах тохиолдлууд байна. Ахмадууд гэр орондоо болж байгаа энэ мэт эрх нь зөрчигдөж байгаа асуудлаа хаана хандахаа мэддэггүй, мөн хүүхдүүдийнхээ нэр төр, амьдрал ахуйг нь сэвтээх вий хэмээн нуун далдалдаг.Эдгээр асуудлууд байдаг ч ил гаргаж, бүрэн хяналтад авсан тоон судалгаа одоогоор байхгүй байна.