ОНЦЛОХ 10 ИШЛЭЛ
1. Анх эмнэлэгээ байгуулж байхад санхүүгийн чадамж бага болохоор өөрөө хүнээ үзээд эмчилгээгээ хийна, захиалгаа авна, тоосоо арчиж шалаа угаана, 00-оо угаана гээд бүх зүйлээ өөрөө хийдэг байсан. 4дэх хүүхдээ төрүүлж байхдаа эмнэлэгээ нээж байсан юм. Төртлөө ажлаа хийгээд, төрөөд сар болоод л ажилдаа орж байсан.
Эмч хүмүүс танд л үзүүлэх гэсэн юм танаар л эмчлүүлмээр байна гэсэн үгэнд их урамшчих нь. Нялх хүүхдээ ортой нь авчраад эмчилгээний өрөөнийхөө үүдэндээ тавиад л ажиллаж өгдөг байсандаа.
2. Японд докторт сурч байхдаа тэтгэлгээсээ хадгалсан хуримтлал, сурахынхаа хажуугаар эмнэлэгт ажилладаг байсан орлогоосоо хурааж тэндээс шүдний эмнэлгийн сайн тоног төхөөрөмж худалдаж аваад эмнэлгээ нээж байсан. Эмнэлгийн маань хамгийн чухал хөрөнгө оруулалт гэвэл тэр юм даа.
3. Нөхөр, 3н хүүхдээ орхиод Япон руу докторт сурахаар явах чанга байсан.
Нөхрөө санана хүүхдүүдээ санана, тэд нар минь намайг сураг гэж ингэж хичээж байхад би цаг минут бүрийг үр дүнтэй ашиглах ёстой гээд өглөө 6д босоод сурахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажилладаг байсан. Орой метро зогсохтой уралдаж гэртээ ирнэ. Хүн амьдралын хэцүү бэрхшээл дундаас боломжийг олж хардаг гэж үнэн юм билээ. Тэндээс л нөхөр бид хоёр хоёулаа өөрсдийн бизнесээ эхлүүлж байсан.
4. 4 дэх хүүхдээ төрсний дараа эмнэлгээ байгуулж байсан. Одоо манай гэр бүл 5н хүүхэд 3н ач зээтэй. Олон хүүхэдтэй бизнес эхлүүлнэ, бизнес авч явна гэдэг хэцүү. Нөхөр минь миний ар талыг сайн хариуцаж авч явдаг болохоор л миний бизнес амжилттай сайн явж байгаа. Би нөхөртөө таван од өгчихсөн байгаа. Эмэгтэй хүн сайн ханьтай байхад бүх зүйлд өөртөө итгэлтэй болдог.
5. Эмчийн мэргэжил насаараа сурч дуусдаггүй мэргэжил. Байнга ингэж сургалтанд явах төвөгтэй биш үү гэж л байдаг юм. Хүн өгч байж авдаг. Би тэр хамгийн сүүлийн үеийн, шилдэг судлаачдын сургалтанд өндөр үнэ төлөөд ч хамаагүй явж сурч мэдэж ирэхгүй л бол манай үйлчилгээ сайжрахгүй. Нөгөө талдаа амархан хоцрогдоно.
Жишээ нь хэдхэн жилийн өмнө гэхэд хоол идсэний дараа шууд шүдээ угаа гэдэг байсан бол одоо больсон. Хоол идсний дараа 20-30 минут өнгөрөөж байж шүдээ угаах хэрэгтэй. Тэр хугацаанд аман дотор хүчиллэг орчин үүсэн байдаг учраас шууд угаавал шүдний палан нимгэрэх аюултай гэж үздэг болсон.
6. Өөрөө ганцаараа яваад сураад байхаасаа илүү эмч нараа, сувилагч нараа гадагшаа дагуулж явж сургахыг хичээдэг. Хамт сураад ирэхээр залуусын маань нүд нь нээгдээд урам зориг ороод ирдэг болохоор бидний харах өнцөг нэг болно, бид ийшээ явж байна гэж ойлгуулахад амар болдог.
7. Менежментийн онолын дагуу сайн эмч байлаа гээд эмнэлэг удирдаж авч явж чадахгүй, сайн багш байлаа гээд сургууль удирдаж авч явж чадахгүй, менежер хүн удирдах ёстой гэдэг.
Эмчилгээндээ анхаараад санхүүү маркетингдаа анхаарахгүй орхигдуулах тохиолдол байгаа.
Гэхдээ харин бизнесийн хүн эмнэлэг удирдахаар эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй халдвар аюулгүй байдал үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг эхэнд тавихгүй зөвхөн бизнес гэж хараад бараа бүтээгдэхүүн борлуулах газар мэтээр хандаж байгаа тохиолдлууд сүүлийн үед их анзаарагддаг болж.
8. Нөхөр минь миний бизнест байнга тусалдаг. Гадаад харилцаан дээр минь их анхаарч олон газруудтай холбож өгдөг. Хоёулаа бизнес удирдаж байгаагийн давуу тал олон шүү. Заримдаа бие биенийхээ компанид бага хүүтэй зээл юмуу хүүгүй зээл өгнө хэ хэ.
9. Харин сүүлийн үед ганц эмчээс хамаарсан эмнэлэг болох вий гэж их анхаарч байгаа. Олон улсын сайн жишгүүдийг судалж үзэж байна. Ганц надаас хамаарвал манай эмнэлэг сайн эмнэлэг гэсэн үг биш.
10. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ тогтоох хэцүү. Үнэтэй байна, хямдхан байна гэдэг. Нөгөө талдаа энэ бол үнэлэмжийн асуудал. Нэг ломб хийлээ гэхэд ямар материалаар хийж байна, тэр нь хэдий хугацаанд чанараа алдахгүй байх вэ гээд. Хамгийн эхний үйлчлүүлсэн үнэ үнэтэй санагдаж магадгүй ч олон дахин бага үнээр хийлгэсэн дээр үү гэж бодож эрүүл мэнддээ хөрөнгө оруулах хэрэгтэй. Олон улсад эмч нар өөрийн туршлага, сурсан мэдсэнээ үнэлж тухайн эмчийн цаг минутын үнэлгээ гардаг. Их үнэтэй байдаг. Одоогоор манайд бол энэ зарчим үйлчилдэггүй. Бид тоног төхөөрөмж, материалын зардлаа л үнэлдэг.