
Хүн өөрийнхөө доторх ертөнцтэй уулздаг, зохиолч уншигчтайгаа гар барьдаг, нэгэн цагийн дурсамж нөгөө цагийн залуустай золгодог гурван өдрийн их уулзалт бол “Номын баяр”. Энэ жилийн Үндэсний номын баярыг зорин ирсэн яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёотой ном, уншигч, залуу үе хийгээд цаг хугацааны тухай цөөн хором ярилцлаа.
Сүхбаатарын талбайн дөрвөн зүгт номын асрууд эгнэж, нэг талд нь олон жилийн турш бичиж туурвисан зохиолч, нөгөө талд нь анхны номоо өлгийдөн авсан залуу уран бүтээлч, тэдний дунд номоос ном руу хэсүүчилсэн уншигчид холхино. Энд улс төрчид ч бий. Утга зохиолын зүтгэлтнүүд ч бий. Олны танил инфлюнсерүүд, хувь сонирхлоороо утга зохиолд дурлаж ном бүтээсэн хүмүүс ч бий. Хүн бүр өөрийн ертөнцөө, өөрийн асарт дэлгэжээ.
Гэхдээ энэ олон өнгийн дундаас номын тухай ярихад үг нь өөрөө яруу найраг шиг сонсогдох нэгэн эрхэмтэй цөөн хором саатаж ярилцсан нь Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо юм.
Та номноос ямар мэдрэмж, ямар энерги авдаг вэ?
Номын сантай айлд ороход хүртэл тэр айлын хүмүүс ямаршуухан аж төрдөг, хэн бугай гэдэг нь харагддаг. Ном гэдэг өөрийн гэсэн хүчтэй. Тэр хүч нь шууд л мэдрэгддэг.
Номын хуудас бүхэн чимээтэй. Тэр чимээнд нь дэлхий бясалгана. Хүн ном уншихдаа зөвхөн үг уншдаггүй юм. Өөрийнхөө доторх дуу хоолойг сонсдог. Зарим ном бидэнд хариулт өгдөг бол зарим нь бүр илүү олон асуулт үлдээнэ. Гэхдээ тэр асуулт өөрөө хүнийг өөрчилж байдаг. Номтой нөхөрлөсөн хүний амьдралд номын үлдээсэн мөр байдаг. Тэр мөр нь заримдаа нэг өгүүлбэр, заримдаа нэг шүлэг, бүр нэгхэн үг байж болно. Гэхдээ тэр үг насан турш хүний дотор явдаг.
Тэгвэл ном унших гэдэг нэг талаараа өөрийгөө олох үйл явц юм байна?
Тийм ээ. Хүн олон номын дундаас өөрийн номоо олдог. Ном болгон хүн бүрт адилхан хүрдэггүй. Хүн дотор олон янз байдаг шиг ном дотор ч олон янз. Өөрийнхөө янзыг олсон номоо хүн аваад уншчихдаг. Тэгээд тэр ном нэг л мэдэхэд хүний өөрийнх нь нэг хэсэг болчихно.
Өнөөдөр залуучууд ном уншихгүй байна гэж их ярьдаг. Гэтэл номын баярын гурван өдөр Сүхбаатарын талбай гишгих зайгүй дүүрч байна. Энэ өөрөө нэг хариулт шүү дээ. Балчир, залуу дүү нар маань уншихгүй байна гэж хэлэхээсээ өмнө тэд юуг хайж байгааг нь ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд ном уншдаг залуус их болсон. Миний номыг аваад гар барьж, “Номын адис авъя” гэж хэлдэг залуус ч олширч байна.
Тэр бол сайхан үзэгдэл. Номын адис гэдэг чинь зөвхөн зохиолчийн гарын үсэг биш. Нэг хүний бодол, нэг хүний амьдралын туршлагаас өөрийнхөө амьдралд авч үлдэх зүйл юм.
Та өөрөө залуу байхдаа ном, утга зохиолоос юуг хамгийн их хайдаг байсан бол?
Бид залуу байхдаа амьдралынхаа учрыг их л хайдаг байж. Одоо бодоход тэр хайсан зүйл маань номын дотор байсан юм байна. Тэр үедээ бид юуны ч учир мэдээгүй залуухан улс. Гэхдээ их зүйл хүсдэг байлаа. Утга зохиолд дуртай, яруу найрагт дуртай хэдэн нөхөд нийлээд “Гал” клубыг байгуулж явсан.
“Гал” бол 1977 оны арваннэгдүгээр сарын 8-нд Монголын утга зохиол, яруу найрагт дуртай залуу уран бүтээлчдийн байгуулсан утга зохиолын нууц бүлгэм.
Тэр үед бидний хувьд “Гал” гэдэг зүгээр нэг нэр байгаагүй. Дотроо галтай байх, үгээрээ гал асаах, уран бүтээлээрээ өөрийгөө харуулах гэсэн залуу насны их тэмүүлэл байсан. Ш.Гүрбазар надтай нэг сургуульд, нэг ангийн дээр сурдаг байлаа. Бид бүгд өөр өөрийнхөөрөө замаа хөөсөн. Тэр минь чадсан. Бидний гэх нөхөд санасандаа хүрсэн гэдэгт би итгэлтэй байдаг.
Ш.Гүрбазар агсны тухай ярихад таны ярианы өнгө өөрчлөгдөж байна. Өнөөдөр шиг номын баяр тохиомон сэмүүн өдөр нөхрийгөө их үгүйлдэг юм байна уу?
Өөрөөс чинь нэг нөхөр дутахаар орчлон нэг найрагчгүй болчихдог юм байна. Хүний амьдралд хамт явсан хүмүүсийн мөр их байдаг. Зарим хүнтэйгээ өдөр бүр уулзахгүй ч тэр хүн таны дотор хамт амьдарч байдаг.
Ш.Гүрбазар маань бол тийм л хүн. Бид залуу байхдаа хамтдаа мөрөөдөж, хамтдаа шүлэг ярьж, утга зохиолын тухай бодож явсан. Тэр үеийн маань нөхөр одоо байхгүй. Гэхдээ түүний бичсэн шүлгүүд, хэлсэн үгс, инээж явсан төрх нь үлдчихсэн. Яруу найрагч хүний амьдралын хамгийн том үлдэх зүйл нь өөрөө биш, үг нь байдаг байх.
Хүн явна, үг үлдэнэ. Тийм болохоор би түүндээ өөрийнхөө “Он цагийн хүрд” шүлгийг сонсгомоор санагддаг.
Он цаг нисэн нисэн ирнэм
Он цаг нисэн нисэн одном.Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эрт шувууны цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү замаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном.
“Он цаг нисэн нисэн ирнэм, он цаг нисэн нисэн одном” гэсэн энэ мөрүүд өнөөдөр Ш.Гүрбазар агсны тухай ярианы дараа бүр өөрөөр сонсогдож байна.
Он цаг гэдэг хүний мэдэлд байдаггүй юм байна. Бидний бодож амжаагүй байхад л ирээд, бидний санаж амжаагүй байхад л одчихдог.
Нөхөд минь явсаар байна. Үе үеийн зохиолчид, найрагчид төрсөөр байна. Нэг нь ирж, нэг нь одож байдаг. Харин утга зохиол өөрөө үргэлжилдэг. Өнөөдрийн энэ номын баярыг харахад тэр үргэлжлэл их тод харагдаж байна. Энд бидний үеийнхэн байна. Бидний дараагийн үе байна. Бүр бидний ач, зээ болохоор залуухан хүүхдүүд ном бариад явж байна.
Тэгэхээр “Гал” тасраагүй байна. Нэг үеийн гар дээр ассан гал дараагийн үеийн гарт очиж байна. Өнгөрсөн үеийн хүний бодол өнөөдрийн хүний гарт ном болж ирдэг. Өнөөдөр бидний бичиж байгаа зүйл маргаашийн хүний гарт очно. Тиймээс зохиолч хүн бичиж байхдаа зөвхөн өнөөдрийг бодож болохгүй. Маргаашийн уншигчийг бас бодох ёстой.
Эцэст нь залуу уншигчдад та юу захиж хэлмээр байна?
Номыг заавал “ном унших ёстой” гэсэн хүнд үүрэг болгож ойлгох хэрэггүй. Өөртөө таарсан номоо ол, өөрийнхөө асуултад хариулах номоо ол. Өөрийнхөө гунигийг ойлгуулах номоо ол, өөрийнхөө баярыг улам ихэсгэх номоо ол. Ном дотор ертөнц бий. Тэр ертөнцөд өөрийнхөө ертөнцийг олж чадвал ном уншиж дуусахгүй. Номын баярын энэ олон асрыг хараад би нэг л зүйл боддог. Бидний үед “Гал” клуб байсан. Тэр галын дэргэд бид залуу насныхаа мөрөөдлийг ярьдаг байлаа.
Одоо энд өөр галууд асаж байна, тэр галуудын дэргэд өнөөдрийн залуус өөрсдийнхөө мөрөөдлийг ярьж байгаа.
Тиймээс номын баяр үргэлжилж байх ёстой
Ном уншигдаж байх ёстой
Үг амьд байж байх ёстой
Харин он цаг…
Он цаг нисэн нисэн ирсээр, нисэн нисэн одсоор л байна.










