
Их, дээд сургуулиудын нэг жилийн сургалтын төлбөр мэргэжил, кредитийн тоо болон сургуулиас хамааран харилцан адилгүй байдаг.
Зарим сургуулийн оюутан нэг хичээлийн жилд хэдэн арван сая төгрөгийн төлбөр төлж байгаа бол тодорхой мэргэжлүүдийн хувьд үүнээс ч өндөр зардал гардаг байна. Үүнд зөвхөн сургалтын төлбөр багтахаас гадна оюутан байр түрээслэх, дотуур байранд амьдрах, өдөр тутмын хоол, унаа болон бусад хэрэглээнд мөнгө зарцуулна. Ихэнх их, дээд сургуулийн хувьд тухайн жилийн сургалтын төлбөрийг оюутан нэг дор бүтнээр нь төлөх бус, намар болон хаврын улирлын төлбөр буюу хоёр семестрт хуваан төлдөг зохицуулалттай.
Сургалтын төлбөрийн хэмжээ мэргэжлээсээ хамааран харилцан адилгүй.
Инженер, анагаах ухаан, багш, бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын төлбөр өөр өөр байх бөгөөд зарим мэргэжилд лаборатори, дадлага, тоног төхөөрөмжийн зардал тусгагддаг.
Ийнхүү нэг сургуулийн дотор ч оюутан ямар мэргэжил сонгосноос шалтгаалан төлөх төлбөр нь ялгаатай болж байна.
төлбөрөө бүрэн төлсний дараа л хичээл сонгох эрх нээгддэг
Оюутнууд: Сургуульдаа тэнцсэн гэдгээ мэдээд л тодорхой хугацаанд сургалтын төлбөрөө төлөх ёстой. Сургалтын төлбөрөө семестр бүрээр нь төлдөг. Тухайн улирлын төлбөрөө бүтнээр нь төлж байж хичээл сонголт баталгааждаг. Өөрөөр хэлбэл, төлбөрөө бүрэн төлсний дараа л хичээл сонгох эрх нээгддэг гэсэн үг. Тиймээс сургуульдаа тэнцсэн оюутнуудын хувьд тухайн хугацаанд сургалтын төлбөрөө бүрэн бүрдүүлж төлөх шаардлагатай болдог.
2026-2027 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэг кредитийн үнэд үндэслэн тооцож байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад ойролцоогоор 10 хувиар нэмэгдсэн
МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн: МУБИС-ийн хувьд нийт оюутнуудын 80 гаруй хувь нь хөдөө, орон нутгаас ирж суралцдаг. 2026-2027 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэг кредитийн үнэд үндэслэн тооцож байгаа бөгөөд өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад ойролцоогоор 10 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, өмнөх жил нэг кредитийн төлбөр 130 орчим мянган төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 142,800 төгрөг болсон.
Тус сургуулийн хувьд бүх курс, түвшинд нэг кредитийн төлбөр ижил бөгөөд оюутан тухайн улиралд сонгосон кредитийнхээ хэмжээгээр сургалтын төлбөрөө төлнө. Одоогоор сургалтын төлбөрийг хуваан төлөх боломжгүй бөгөөд тухайн улирлын хичээлээ сонгосны дараа төлбөрөө бүрэн төлж байж сургалтын үйлчилгээг авах зохицуулалттай. Жишээлбэл, оюутан нэгдүгээр улиралд 18 кредит сонговол 18 кредитийн төлбөрөө төлнө. Харин хоёрдугаар улиралд 21 кредит сонгосон тохиолдолд тухайн улирлын 21 кредитийн төлбөрийг тусад нь төлөх юм.


АШУҮИС-ийн Сургалтын бодлого зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газрын дарга Г.Дарамбазар: Сургалтын төлбөрийг нэг кредитийн үнэд үндэслэн тооцож байгаа бөгөөд өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад ойролцоогоор 10 хувиар нэмэгдсэн байна. Оюутнууд хичээл сонголтоо хийхийн өмнө сургалтын төлбөрөө 100 хувь баталгаажуулах шаардлагатай бөгөөд төлбөрөө баталгаажуулсны дараа заавал болон сонгон судлах хичээлээ сонгох эрх нь нээгддэг.
Харин 2026-2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдийн хөтөлбөрийн нэг кредит буюу багц цагийн төлбөр 221 мянган төгрөг болжээ. Тухайлбал, хүний их эмчийн мэргэжлээр элсэн суралцаж буй оюутан эхний жилдээ 31 кредит судлах бөгөөд нийт төлбөрийг бүтнээр нь тооцвол 6 сая 851 мянган төгрөг болж байна.
Шинээр элсэгчдийн хувьд сургалтын төлбөрөө боломжийнхоо хэрээр төлөх нөхцөл мөн бүрдүүлсэн. Тухайн оюутан хүсэлт гарган, төлбөрийнхөө 50 хувь болон өөрийн төлөх боломжтой хэмжээгээр төлж сургалтын эрхээ баталгаажуулах боломжтой. Ийм байдлаар төлбөрөө хэсэгчлэн төлж, сургалтын эрхээ баталгаажуулсан оюутан олон байгаа юм.












