
Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд орохыг хүссэн иргэдийн хувьд “Солонго 1, 2” төсөл багагүй хүлээлт үүсгэсэн. Гэвч наймдугаар сард эхлүүлэхээр мэдээлсэн бүртгэл есдүгээр сар гарсан ч эхлээгүй байна. Хүсэлтээ хэзээ гаргах, ямар шаардлага хангах, өмнө танилцуулсан нөхцөл өөрчлөгдөх эсэхийг хүлээж буй иргэдэд албаныхан тодорхой хариулт өгөөгүй хэвээр байна.
Бүртгэл яагаад хойшилсон, иргэдийг хэзээнээс бүртгэх талаар тодруулга авахаар ТОСК-д очсон ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм.
Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ыг баталжээ. Тус журмын 1.4-т орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар заасан байна. Мөн 15.1-д үнэлгээний аргачлал, шалгуур үзүүлэлт, онооны системийг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр тусгажээ.



Эх сурвалж: legalinfo.mn
Өөрөөр хэлбэл, иргэдийг ямар зарчмаар бүртгэж, сонгон шалгаруулах ерөнхий зохицуулалт бий. Харин энэ зохицуулалтыг “Солонго 1, 2” төсөлд хэрэгжүүлэхэд юу дутуу байгаа, бүртгэл нээхэд ямар ажил үлдсэн, түүнийг хэзээ дуусгах талаар тодорхой мэдээлэл шаардлагатай байна.
Иргэдэд өмнө нь мэдээлсэн хугацаа өнгөрсөн бол яагаад өөрчлөгдсөн, цаашид ямар хугацааг баримтлахыг тайлбарлах хэрэгтэй. Бүртгэлээ хүлээж буй иргэний хувьд “удахгүй” гэх хариулт хүсэлтээ гаргах өдрөө мэдэхэд хангалтгүй байгааг илэрхийлж байлаа.
“Жижиг хэмжээний өөрчлөлтүүд орж байна”
Бүртгэл хойшилсон шалтгааныг тодруулахаар ТОСК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Энхбаатартай холбогдоход “Мэдээлэл өгөх боломжгүй ээ. Ойрын үед сайтаар мэдээллүүд явах байх” гэсэн юм.


Журамд өөрчлөлт орсон эсэхийг лавлахад тэрбээр “Жижиг хэмжээний өөрчлөлтүүд орж байна” хэмээн хариулсан. Гэвч ямар заалт өөрчлөгдөх, энэ нь иргэдэд тавих шаардлага, сонгон шалгаруулалттай холбоотой эсэхийг дэлгэрүүлсэнгүй. Мөн өөрчлөлтийг хэзээ эцэслэх, үүний дараа бүртгэл нээх эсэх талаар тодорхой тов хэлээгүй юм.
Журмын өөрчлөлт бага эсвэл том байхаас үл хамааран иргэдийн хамрагдах боломжид нөлөөлөх эсэх нь чухал. Өмнө танилцуулсан шаардлагыг хангана гэж үзэж байсан хүн шинэ нөхцөлөөр хамрагдах боломжтой хэвээр үү, эсвэл нэмэлт шаардлага тавигдах уу гэдгийг албан ёсоор тайлбарлах шаардлагатай байна.
Одоогоор бидэнд өгсөн хариултаас журамд өөрчлөлт оруулах ажил явагдаж байгааг л ойлгож болохоор байна. Харин үүнийг бүртгэл хойшилсон шалтгаан гэж батлах, эсвэл тодорхой өдөр бүртгэл эхэлнэ гэж мэдээлэх боломжгүй юм.
Солонго-1,2 төсөлд хэн хамрагдахыг иргэд мэдэхгүй байна
Манай редакцтай ярилцсан нэгэн иргэн олон жил дахин төлөвлөлт хүлээсэн хуучин байранд амьдардгаа хэлсэн. Тэрбээр өмчлөлийн байртай учраас ийм төрлийн төсөлд хамрагдах боломжгүй гэж ойлгож байгаагаа ярьсан юм.


Х.Баяртай: Дахин төлөвлөлтөд орно гээд л байгаад байдаг. Манай гэрийг нэг байр гэж явдаг болохоор надад бол өгдөггүй юм хэмээн тэрбээр хэлэв.
Гэтэл журмын 2.1.4-т өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй байх нөхцөлөөс гадна амьдарч буй байр нь эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлага хангахгүйг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон тохиолдлыг тусгасан байна. Энэ нь хуучин байртай хүн бүр автоматаар хасагдана, эсвэл бүгд хамрагдана гэсэн үг биш. Тухайн иргэний нөхцөл, холбогдох дүгнэлт болон бусад шаардлагыг хамтад нь авч үзэхээр байгаа юм.


Эндээс иргэдэд зөвхөн журмын нэр, заалтын дугаарыг хүргэхээс гадна амьдралд нь ойр жишээгээр тайлбарлах хэрэгцээ харагдана. Дахин төлөвлөлт хүлээж буй байранд амьдардаг хүн ямар нөхцөлд хүсэлт гаргаж болох, ямар баримтаар нөхцөлөө нотлохыг ойлгомжтой мэдээлэхгүй бол зарим хүн өөрийгөө хамрагдах боломжгүй гэж урьдчилан дүгнэхэд хүрч болох юм.
Ярилцлагад оролцсон өөр нэг иргэн орон сууцны байршил, ажилдаа ирж очиход зарцуулах хугацааны талаар санаа зовж байгаагаа хэлсэн. Хотын төвд ажилладаг хүмүүс Яармагт амьдрахад өдөр тутмын зорчих хөдөлгөөн хэр хүндрэхийг тэрбээр хөндсөн юм. Иргэдийн хувьд байртай болох боломжийг төлбөр, шалгуураас гадна ажил, сургууль, өдөр тутмын амьдралтайгаа уялдуулан тооцох шаардлага бий.
Хүлээлтэд ерөнхий хариулт бус, тодорхой мэдээлэл хэрэгтэй
“Солонго 1, 2” төслийн бүртгэлийг хүлээж буй иргэдэд одоо хэд хэдэн асуултын хариулт хэрэгтэй байна. Өмнө мэдээлсэн хугацаанд бүртгэл яагаад эхлээгүй вэ, журмын ямар заалтыг өөрчилж байгаа, өөрчлөлт иргэдийн хамрагдах боломжид нөлөөлөх үү, бүртгэлийг хэзээ нээх вэ?
Эдгээр асуултад “ойрын үед мэдээлэл гарна” гэж хариулах нь тодорхой хариулт биш, хэрэв бүртгэл эхлүүлэх өдрийг эцэслээгүй бол ямар ажил үлдсэн, дараагийн мэдээллийг хэзээ өгөхөө ч тодорхой зарлаж болно.
Иргэд байртай болох хүсэлтээ гаргахаас өмнө бүртгэл хэзээ эхлэхийг хүлээж байна. Бүртгэлийг сунгаж буй шалтгаан, цаашдын хугацааг тайлбарлах хариулт ТОСК-аас шаардлагатай хэвээр байна.
М.Солонго










