
Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр байдаг ч бодит үнэ цэн, эзэмших эрхийн хувьд олон жилийн турш маргаан дагуулж ирсэн 1072 хувьцааны асуудалд шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлж байна. Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан тохиолдолд түүний эзэмшиж байсан хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм.
Өөрөөр хэлбэл, иргэн нас барсан тохиолдолд түүний нэр дээр бүртгэлтэй байсан 1072 хувьцаа эзэнгүйдэх бус, хуульд заасан журмын дагуу өвлөгчдөд шилжих боломжтой болно. Энэ өөрчлөлт нь УИХ-ын гишүүн Н.Учралын танилцуулсан “Есөн шийдвэр”-ийн хүрээнд хөндөгдөж буй асуудлуудын нэг. Гэхдээ уг шийдвэрийг улс төрийн байр сууринаас үнэлэхээс илүүтэй иргэдийн хувьд ямар эрх нээгдэж байгаа, хэрэгжилтийн явцад ямар асуудал үүсэж болох, цаашид ямар зохицуулалт шаардлагатайг нь авч үзэх нь чухал.

Иргэдийн хувьд үүнээс үүдэн дараах асуултууд урган гарч байна. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд иргэнээс ямар, ямар бичиг баримт шаардагдах вэ, ямар байгууллагад хандах вэ, хэр хугацаанд шийдвэрлэгдэх вэ? Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Номин мэдээлэл өглөө.
Тухайн иргэн хэдэн хувьцаатайг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлээс шүүлгэх боломжтой. Монголын нотариатын танхимаас нас барсан иргэнийхээ хувьцааг шалгуулж, яаж өвлөх, ямар материалууд бүрдүүлэх талаар мэдээлэл авч болно. Иргэд юун түрүүнд 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистриийн дугаарыг кирилл, том үсгээр илгээж хувьцааны мэдээллээ шалгана. Хэрвээ хувьцаатай байвал тухайн нас барсан иргэнийхээ хамгийн сүүлд оршин сууж хаягийн тодорхойлолтыг авна. Тухайн нотариат таныг хууль ёсны өмчлөгч гэж үзвэл брокерын данс руу шилжүүлнэ гэсэн үг. Эдгээр асуудлыг хамгийн богино хугацаандаа зургаан цаг буюу нэг өдрийн дотор шийднэ.


Мөн энэ өдөрлөгт 2012 оны ЗГ-ын шийдвэрээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1072 хувьцаагаа 1 сая төгрөгөөр тооцон өгсөн хүмүүс ч оролцож байна. Хувьцаагүй болж, өнөөдөр ашиг хүртэх боломжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч хэлж байлаа. Нөгөө талаар өдөрлөгийг олон өдөр болгох, оочир дугаар ихтэй байгаа талаар ч санал хүсэлтээ хэлсэн иргэд байна.
Ахмад настан: Сая төгрөг авсан бид нар нь хохирчихсон байгаа байхгүй юу. Тэгээд л одоо ямар ч хувьцаа авч байгаа юм алга байна. 1072 хувьцаа нь маньд бол хүртээлгүй л болчихсон юм байна. Үйлчилгээ авах гээд ирэхээр оочир дугаар нь дийлдэхгүй ахмадууд нь хаана юу болж байгааг мэдэхгүй мэдээлэл хомс байна гэж харж байна. Зохион байгуулагчид нь тайзан дээр гараад тоо ярих биш, бодитой мэдээлэл өгч байж ахмад настан бид нарт хүртээмжтай болно.
Ахмад настан Ч.Хундмаа: Миний хувьд аав ээжийнхээ хувьцааг өвлөх талаар асуусан. Гэхдээ 2011 оноос өмнө нас барсан учир хувьцаа өвлүүлэх боломжгүй гэсэн хариулт авлаа. Эхнэр бид хоёр хоёул хувьцаагаа зараад оюутны сургалтын төлбөр төлчихсөн. Одоо ямар ч хувьцаагүй гэсэн үг. Ямар ч ашиг хүртэх боломжгүй болсондоо харамсаж байна. Тэр үед мэдээлэл хомс байсан.


Ахмад настан: Нас барсан ханийхаа 1072 хувьцааг өвлүүлэх материал бүрдүүлэхэд хугацаа их орж байна. Иргэд мэдээллээ сайн авах хэрэгтэй юм байна. Цайны цагаараа материал бүрдүүлэх гээд ирсэн боловч хоёр лавлагаа бөглөөд л дуусчихлаа. маргааш дахин ирэх шаардлагатай юм байна. Өдөрлөгийн өдрийг олон болговол илүү хүртээмжтэй байх байжээ.
Нөгөө талаас 1072 хувьцааны асуудлыг зөвхөн өв залгамжлалын хүрээнд авч үзэхэд хангалтгүй. Учир нь иргэн өөрийн нэр дээр бүртгэлтэй хувьцааг нас барсныхаа дараа өвлүүлж болох болсон ч амьд байх хугацаандаа түүнийг ямар хүрээнд захиран зарцуулах боломжтой вэ гэсэн асуулт хэвээр үлдэж байна. Хэрэв хувьцаа иргэний өмч юм бол эзэмшигч нь өмчийнхөө талаар ямар эрх эдлэх, түүнийгээ бусдад шилжүүлэх, бэлэглэх, арилжих боломж ямар нөхцөлтэй байх вэ гэдэг асуудал цаашид мөн тодорхой болох шаардлагатай.
Ингээд харахад 1072 хувьцааг өвлүүлэх зохицуулалт нь олон жил яригдсан асуудлын нэг хэсэгт шийдэл болж байгаа ч бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Анх 1072 хувьцааг эзэмшүүлэхдээ Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх тухай ойлголт яригдаж байсан. Харин өнөөдөр иргэдийн тавьж буй асуулт зөвхөн “хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ” гэдгээр хязгаарлагдахаа больж, “Миний нэр дээрх хувьцаа үнэхээр ямар эрхийг бий болгож байна вэ?” гэсэн илүү суурь асуудал руу шилжих ёстой. Одоо энэ эрхийг иргэдэд хэр ойлгомжтой, шуурхай, чирэгдэлгүй хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Эцсийн дүндээ 1072 хувьцааны үнэ цэн зөвхөн дансанд харагдах тоогоор бус, иргэн тэр хувьцаагаа ямар эрхтэйгээр эзэмшиж, ашиглаж, өвлүүлж чадаж байгаагаар хэмжигдэх учиртай.
С.Бадамханд










