
Инстаграмд ангийнхаа хөгжилтэй бичлэгүүдийг оруулж, “Догь12А” нэрээр танил болсон хүүхдүүд өнөөдөр /2026.09.02/ С.Бадамцэцэг багшийндаа цуглажээ. Хавар л 49 дүгээр сургуулийг төгсөж байсан тэд одоо өөр өөр сургуулийн оюутнууд. Гэхдээ ангиараа уулзахад ярих зүйл мундахгүй. Элсэлтийн шалгалтдаа бэлдэхийн хажуугаар багшдаа хэлэлгүй бичлэг хийж, хамтран ажиллах санал хүртэл авч явсан түүхээ энэ үеэр дэлгэлээ.
Ангийн гурван хүүхэд инстаграм хуудсаа анх нэг их төлөвлөгөөгүй нээсэн байна. Гэтэл бичлэгүүд нь хандалт авч, байгууллагуудаас ангиар нь тоглоомын төвд тоглуулах, бэлэг өгөх, хамтран бичлэг хийх санал ирж эхэлжээ. “Бараг инфлюенсер болох шахсан шүү дээ” хэмээн тэд тэр үеэ дурсана. Шалгалтынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулж байсныг нь харин багш мэдээгүй явжээ.
С.Бадамцэцэг багшийн хувьд шавь нарынх нь санаанд оромгүй үйлдэл үүгээр дуусахгүй. Зургадугаар ангиас нь дааж авсан хүүхдүүд нь заримдаа баярлуулж, заримдаа гомдоож, бас тоглоомоор сандаргаж ч амжина. “Багш аа, би жирэмсэн болчихсон” хэмээн “пранк” хийж цочоож байсан ч удаатай аж.
“Миний хүүхдүүд янз янзын санаа гаргана. Заримдаа бүр шоконд ортол айлгана. Ерөөсөө л байнга дурсамж бүтээж явдаг хүүхдүүд” гэж багш нь ярилаа. Тэрбээр шавь нараа зөвхөн хөгжилтэй бичлэгээр нь бус, сурлага, урлаг, спортод гаргадаг амжилт, идэвх оролцоогоор нь бахархдаг.
Багш нь ч ангийн охидтойгоо “хуйвалдан” цэргийн баяраар гэнэтийн бэлэг барьж байжээ. Ээжүүдтэй нь урьдчилан холбогдож, мэндчилгээ бичүүлээд, ангийнхныг номын санд цуглуулан том дэлгэцээр үзүүлсэн байна. Энэ мэтээр багш, шавь нарын хэн хэнд нь эргэж ярих дурсамж олон үлджээ.

Харин энэ намар тэдний ярианд оюутны амьдрал, шинэ сургууль, хичээлийн тухай нэмэгдсэн байна. Тус ангийнхан бүгд хүссэн их, дээд сургуульдаа орж, гурван хүүхэд тэтгэлэг авчээ. Хичээл нь давхацсан учраас өнөөдрийн уулзалтад ирж амжаагүй найзууд ч бий.
Төгсөөд хэдхэн сар болсон ч сургуулиа санах үе аль хэдийн гарсан тухай тэд ярив. Есдүгээр сарын 1-нд сургууль дээрээ очиход өмнөх шигээ дүрэмт хувцсаа өмсөж, багштайгаа хамт зогсохгүй болсон нь нэг л дасалгүй санагджээ. Өдөр бүр уулздаг байсан ангийнхантайгаа одоо цаг товлож цугладаг болсон нь ч тэдний хувьд шинэ зүйл.
“Догь12А”-гийнхан 2036 онд төгсөлтийнхөө арван жилийн уулзалтыг хийхээр төлөвлөжээ. Тэр үед шавь нараа хүссэн мэргэжлээ эзэмшиж, амьдралынхаа гарааг сайхан эхлүүлсэн байна гэж С.Бадамцэцэг багш хүлээж сууна.
М.Солонго










